Хахир өвөл эхлээ ч үгүй байхад Улаанбаатарт “улаан гэрэл” асчхав. УИХ нь даргагүй, Засгийн газар нь Ерөнхий сайдгүй, эмнэлэг нь эмчгүй, сургууль, цэцэрлэг нь багшгүй, сурагчид нь сурах бичиггүй, шатахуун түгээгүүрүүд нь бензингүй, гэр хороолол нь түлэх түлшгүй, хотхон, сууцууд нь халаалтын доголдолтой, улс даяар цахилгааны хязгаарлалттай, аж ахуйн нэгжүүд нь татварын дарамттай, иргэд нь өртэй. Төр засаг нь суудлаа, түмэн олон нь гүйдлээ олохгүй, сөнөсөн хотын сүүлчийн хүмүүс шиг л аж төрцгөөж байна, бидний цөөхөн монголчууд.
Нийслэлчүүдэд автобус хүлээх нь шийтгэл, такси барих нь тансаглал, замын унаанд дайгдах нь аз туршсан явдал, алхах нь “бүх нийтийн бахархал” болж хувираад удав. Унаа хүлээгээд даарч зогсох уу, эсвэл алхаад хөлдөж үхэх үү гэдэг нь иргэдийн бараг өдөр тутмын “стратеги” болжээ. Энэ улсын хөгжлийн хөдөлгөгч хүч нь явган алхагчид юм уу, хаашаа юм. Сүүлийн хэдэн өдөр түгжрэл, шатахууны хүрэлцээгүй байдлаас улбаатайгаар ажил тарах үеэр автобус, такси ч “хаданд гарав”. Чоно борооноор гэгчээр даварсан “халтуурчид” энэ үеийг гойд ашиглан, үйлчилгээнийхээ км тутмын үнийг 3000 болгож, замд нь дайгдах бол 2-3 буудал газар явсан ч 5000 төгрөг төл гэх. Төр засгийнхан биднийг хөдөлмөрлө гэж уриалаад, хөдөлгөөнгүй түгжээд, мөрөөрөө ажиллаж, амьдрах эрхийг нь энэ мэт боогоод, хэр зэрэг тэвчээртэй, амь бөхтэйг нь шалган алхуулсан шигээ наадаж байна.
Багш нар ажил хаячихсан, “Бие даалтын долоо хоног” гээд сургууль, цэцэрлэг хаалттай байхад хүртэл хотын зам нам гацсаар байгаа нь дэлхийд байхгүй инновац гэлтэй. Энэ бүхэн эцэс сүүлдээ иргэдийн л буруу аж. Шатахуун хангалттай атал иргэд дугаарлаж, нийтийн тээвэр хүрэлцээтэй байтал автобус ирэхгүй, салбарын сайд нь бодлого тогтвортой гэх мөртлөө бензингүй, ерөөс бүх зүйл “тогтвортой”, түгжрэл ч тогтвортой л байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, шатахуунгүй болох нь гэж эмээгээд хэт сандарч, их хэмжээгээр нөөцөлсөн нь бидний буруу. Амьдрах гэж хичээх нь, амьсгалж буй минь хүртэл эрх баригчдад таалагдахгүй байгаа бус уу. “Нөөц хангалттай, тээвэр ложистикт түр зуурын л хүндрэл гарсан, тэсчих” гэх.
Ингэсээр байтал өвөл хаалга “цөм өшиглөөд” ороод ирэхэд өнөөгийнтүр зуурын хүндрэл байнгын зовлон бэрхшээл, амьдралын хэв маяг болон хувирах нь. Одоо ийм байгаа юм чинь идэр ес эхлэхээр, өвлийн оргил ачааллын үеэр нийслэл даяараа автобус ч үгүй, шатахуун ч үгүй, хүмүүс алхсаар хөлдөж үхэхүү. Амьд үлдвэл маргааш нь дахиад л алхана даа, цөмөөрөө. Энэ байдлаараа тэсвэр тэвчээрийн манлайд хүрцгээх биз. Үүнийгээ “Алсын хараа-2050”, “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-ндөө ч биччих хэрэгтэй.