Засгийн газраас 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан танилцуулахыг салбарын сайд Ж.Чинбүрэнд саяхан даалгасан. Улмаар энэ чиглэлийн үйл ажиллагааны хэрэгжилтийг хангаж, бүх талаар дэмжлэг үзүүлэх, холбогдох санхүүжилтийг 2027 оны улсын төсөвт тусган шийдвэрлэх замаар салбар дундын уялдааг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон билээ. Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөл гөөнийг эрчимжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргаснаа ч эрх баригчид хэлсэн. Гэвч иргэд, олон нийт уг мэдэгдлийг тэгтлээ алга ташин хүлээж авсангүй. Жил, сар, өдөр тутамд л тэрний, энэний ч эрүүл мэндийг дэмжинэ, тийм ч өвчлөлийг бууруулна, тэгж ч тэмцэнэ гэсэн дарга нарын үр дүнгүй уриалгууд, хэдхэн хоногийн “нас”-тай аян, кампанит ажил, хурал чуулганд хүмүүс итгэхээ больсон. Энэ нь ч манай улс хүн амынхаа эрүүл мэндийг урт хугацаанд дэмжих, хамгаалах тууш тай бодлого, чиглэлгүйг илтгэж буй хэрэг.
БОДЛОГЫН АЖЛУУДАА ИРЭЭДҮЙ РҮҮ “ЦӨЛСӨӨР” БАЙХ УУ
Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоо, тэр дундаа эрсдэлийн үеийн харилцаа холбоо, хариу арга хэмжээ авах бэлэн байдлын зэрэг нь энэ жилээс л нэг бэхжиж буй түвшинд үнэлэгдсэн. Гэсэн ч гамшиг, осол, халдварт өвчний үед “барьц алддаг” хэвээрээ. Ямар сайндаа л өнөө жил анх удаа өвөл болж буй мэт нийслэлийн эмнэлгүүд ханиад, томуутай хүүхдүүдээ хүчрэхгүй, Ерөнхий сайд нь хүртэл эрүүл мэндийн төвүүдээр “сайн ах”-ын дүр эсгээд явж байх вэ дээ. Жил бүрийн томууны улирлаар эмнэлгүүдийн ор хүрэлцэхгүй, шал, хонгилд үйлчлүүлэгчдээ “зулдаг” байж сайд, дарга нар нь мянга том амлаад, иргэдийн эрүүл мэндийг дэмжинэ гэж попроод нэмэргүй бус уу.
Эрх баригчид өнгөрсөн хугацаанд хүн амын эрүүл мэндийг дэмжинэ гэж өчнөөн уриалга дэвшүүлж, лоозон барьцгааж гүйсэн. Үр дүнтэй хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, уриалга, арга хэмжээ, кампанит ажил юу байна вэ гээд хайхаар нүдэнд харагдаж, гарт баригдах олигтой юм алга. Тэгсэн атлаа огтхон ч “шантрахгүй” юм, манай дарга нар. 2027 онд бүх нийтийн эрүүл мэндийг дахиад л дэмжинэ гэлээ. Уг нь бол ганцхан 2027 онд биш, хүн амаа өсгөх, зонхилон тохиолддог өвчнүүдийг бууруулах, эрсдэлт хүчин зүйлсийг багасгах, иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах нөхцөлийг бүрдүүлэх бодлогын ажлуудыг өдөр бүр хийх ёстой биз дээ. Өөрөөр хэлбэл, улс хүн амын эрүүл мэндийг ямагт дэмжих, тууштай хамгаалах, тогтмол сайжруулах бодлоготой, түүнийгээ тасралтгүй хэрэгжүүлэх үүрэгтэй билээ. Гэвч төрийн түшээд өнөө, маргаашгүй засаж сайжруулах ёстой иймэрхүү бодлогын ажлуудаа дэмжих жил нэрийдлээр “хойш нь шидчихдэг”, эсвэл урт хугацааных болгоод ирээдүй рүү “цөлчихдөг” нь харамсалтай.
ҮР ДҮНГҮЙ УРИАЛГУУД “ҮЙЛДВЭРЛЭДГЭЭ” БОЛЬЁ
Гол нь сайд, дарга нар ирээдүйд хаягласан амлалт, зорилтуудаа биелүүлж, ажил хэрэг болгодог бол бас яая гэх сэн. Даанч тийм жишиг тогтоогоогүй. Өнгөрсөн хугацаанд дэмжих жилүүдийн хүрээнд хийсэн “ажлууд” нь үүнийг өлхөн гэрчилж байна. Ойрын жишээ дурдахад, ЭМЯ-наас 2024 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, сайд нь албан тоот тушаалаараа үйл ажиллагааны төлөвлөгөө баталсан байдаг. Үүнээс гадна Засгийн газрын тогтоолоор “Эрүүл шүд”, “Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээ”-г тухайн жилд баталж, 2024-2028 онд хэрэгжүүлэх цогц арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан, холбогдох яамдын оролцоотой хэрэгжүүлж байлаа. Эдгээр арга хэмжээний хүрээнд УИХ, Засгийн газрын төлөөлөл, ДЭМБ, ЭМЯ, түүний харьяа байгууллага, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, үндэсний төвүүд, аймаг, нийслэл, дүүргийн Эрүүл мэндийн газрын удирдлага нийлсэн 150 гаруй хүн оролцсон зөвлөгөөнийг Улаанбаатарт зохион байгуулж, тухайн үеийн Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар үг хэлж, сүрийг үзүүлээд өнгөрч байлаа. Олныг хамарсан иймэрхүү үр дүнгүй хурал зөвлөгөөн ихэнхдээ дарга нарын пиар болоод дуусдаг нь нууц биш. Үүний л нэг жишээ нь энэ.
“Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн гол арга хэмжээ уг нь ард иргэдийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт судалгаа хийх, иргэдийг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд эрчимтэй хамруулах, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэж байв. Ялангуяа Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний анхдагч хуультай болсных I шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах нөхцөл боломжийг сайжруулж, Эрүүл мэндийг дэмжих сангийн үйлчлэх хүрээг өргөтгөн, лавлагаа шатлалын эмнэлгүүдэд шинэ технологи нэвтрүүлэх зардлыг шийдвэрлэнэ гэсэн нь талаар болсон юм. Түүнчлэн эмийн үнийг бууруулах, чанарыг сайжруулах чиглэлээр холбогдох хуульд өөрчлөлт оруулж, эм, эмнэлгийн хэрэгслийн тендерийг хосолмол шалгуураар дүгнэнэ гэснийгээ мөн л ажил хэрэг болгоогүй. Энэхүү дэмжих жилийн хүрээнд 2024 онд хийж хэрэгжүүлэх ёстой байсан амлалт, зорилтуудын тал нь ч биелээгүй, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ дээрдэлгүй өнөөдөртэй золгов. Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын шууд удирдлагад ажиллуулж, иргэдийг эрүүл зан үйлтэй болгоно, дундаж наслалтыг нэмэгдүүлнэ гэсэн нь ч лөөлөө болсон. Үндсэндээ нийтийг хамарсан нэг зөвлөгөөн, төв талбайд ганц өдөрлөг л зохион байгуулсан аж.
Дарга нар олон нийтэд таалагдахын тулд, ажил хийсэн болж харагдах гэж л иймэрхүү уриалгууд дэвшүүлдэг болов уу. Хэнд ч хэрэг, тус болдоггүй уриалга, лоозон, аян, арга хэмжээний цаана хэн нэгний ашиг сонирхол нуугдаж байхыг ч үгүйсгэхгүй гэдгийг эмч, мэргэжилтнүүд шүүмжилдэг юм билээ. Гэсэн ч гандан буурахгүй, өнгөрсөн онуудад эх, хүүхэд, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих жил, оюутны, ахмадын эрүүл мэндийг дэмжих сар, эрүүл мэндийг дэмжих өдөр гэх мэт өчнөөн уриалга дэвшүүлж иржээ. Энэ нь сүүлдээ 21 аймаг, 330 сум руу “халдварлаж”, хаа сайгүй л баахан үр дүнгүй уриалга, дэмжих жилүүд “үйлдвэрлэдэг” болж. Улс даяар дэмжихгүй жил, тэмцэхгүй өвчин ч гэж алга. Тэгсэн мөртлөө салбарын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж бахь байдгаараа, монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх алдагдсаар.
УЛС ОРНУУД ТУУШТАЙ СТРАТЕГИ БАРИМТАЛЖ БАЙНА
Тэгвэл манайх шиг хөгжиж буй улс орнууд хүн амынхаа эрүүл мэндийг тууштай хамгаалж, дэмжихийн тулд богино хугацааны аян, төсөл гэхээсээ илүү тогтвортой бодлого баримтлах болжээ. Тухайлбал, анхан шатны тусламж, үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэхийг гол болгож, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд төвлөрч байна. Ингэхдээ хүний нөөц, тоног төхөөрөмжөөр тууштай хангаж, шаардлагатай төсөв хуваарилан, иргэдэд газар зүйн болон санхүүгийн хувьд хүртээмжтэй байх нь улс орнуудын суурь чиг хандлага аж. Мөн иргэдийг өвчнөөс үүдэлтэй санхүүгийн дарамтад өртөхөөс сэргийлж, зардал ихтэй үр дүнгүй үйлчилгээнээс татгалзан, халдварт бус өвчнийг эрт илрүүлэх чиглэлийн үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг гэнэ. Түүнчлэн вакцины хамрагдалтыг сайжруулах, эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах, сүрьеэ, ХДХВ/ДОХ, амьсгалын замын төрөл бүрийн халдварт өвчинтэй тэмцэхийн зэрэгцээ зүрх, судас, хавдар, чихрийн шижинд хүргэж буй эрсдэлт хүчин зүйлсийг багасгах зэрэг арга хэмжээг бодлогын түвшинд авдаг. Үүний хүрээнд жишээ нь, янжуур тамхины болон чихэрлэг, эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний албан татварыг нэмэх, сурталчилгааг хязгаарлах, сургуулийн хоол, биеийн тамирын сургалтыг сайжруулах, олон нийтийн буруу зан үйлийг өөрчлөх кампанит ажлыг тогтмол явуулдаг байна.
Улмаар хүн амын эрүүл мэнд нь бүх салбарын бодлогын төвд байх ёстой гэсэн стратегитэй. Ингэхдээ хот төлөвлөлт, агаарын чанар, ундны ус, ариун цэврийн байгууламж, замын аюулгүй байдал, боловсрол, хөдөлмөр эрхлэлт гэх мэт салбар дундын бодлогыг бүх нийтийн эрүүл мэндэд үзүүлэх үр дагавартай нь уялдуулан төлөвлөдгөөрөө онцлогтой. Өөрөөр хэлбэл, иргэдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг үндэсний хөгжлийн шалгуур болгон ашиглах нь түгээмэл болжээ. Мөн цахим платформ ашиглах шийдлүүдийг хөгжүүлж, иргэдийн хариуцлага, эрүүл мэнддээ тавих анхаарал, оролцоог нэмэгдүүлж буй нь урт хугацаанд үр дүнтэй гэж үзэж байна. Энэ мэтчилэн хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн бодлого нь дээр хэлсэнчлэн богино хугацааны акцаас илүүтэйгээр анхан шатны тусламжийг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, санхүүгийн “хамгаалалт”-д авах, салбар хоорондын уялдааг сайжруулах, технологийн хөгжил ашиглах зэрэг иж бүрэн, тууштай байгаа юм. Эдгээр чиглэлд тогтвортой хөрөнгө оруулж чадвал хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлж, өвчлөл, эдийн засгийн ачааллыг ч бууруулах боломжтой аж.