Анагаах ухааны хөгжил өдгөө оргилдоо хүрч, хүнээс хүн “бүтээж” буй гэх ч өнөө хэр нь ХДХВ/ДОХ-ын өмнө нийтээрээ хүчин мөхөс хэвээрээ л байна. Дэлхийн эрдэмтэд цаг минуттай уралдан шинэ эм, вакцин, биобэлдмэл гарган авч, туршиж, хэрэглээнд нэвтрүүлж байгаа ч ДОХ-ыг бүрэн эмчлэх аргыг олж чадаагүй гэсэн үг. ДЭМБ-аас уг өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд тэмдэглэх санаачилгыг 1988 онд гаргаж, тэр цагаас хойш улс орнууд ДОХ-ын эсрэг хариу арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлсээр ирэв. Олон улсад ДОХ-той тэмцэх өдрийг дөрөв дэх жилдээ тэмдэглэж, эл асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулж байх үед буюу 1992 онд манайд уг өвчний анхны тохиолдол бүртгэгдэж байжээ. Үүнээс хойш өвчин хурдацтай нэмэгдсээр байгааг статистик харуулна.
Дархлалын олдмол хомсдол (ДОХ) нь хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ээр халдварладаг аюулт өвчин юм. Ерөнхийдөө дархлааны тогтолцоог сонгомлоор гэмтээдэг бөгөөд өвчний эцсийн шатанд тухайн хүнийг ямар ч төрлийн халдварыг эсэргүүцэх чадваргүй болгодог байна. Дэлхий дахинд одоогоор ХДХВ-ний хөгжлийг саармагжуулах л эмчилгээ хийж буй тул халдварыг аль болох эрт үед нь оношилсноор өвчтөний амьдралын чанарыг дээшлүүлэх, насыг нь уртасгах боломжтой гэж үзэж буй.
Өнөө жил манай улс ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг “Асуудлыг шийдье, ДОХ-ын хариу арга хэмжээг сайжруулъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. ДЭМБ-ын өнгөрсөн оны судалгаагаар дэлхийн хэмжээнд 40.8 сая хүн ХДХВ-тэй амьдарч буй бөгөөд үүний 1.5 сая нь 15-аас доош насныхан гэнэ. Тухайн онд 1.3 сая тохиолдол шинээр бүртгэгдэж, 630 мянган хүн уг халдварын улмаас нас баржээ. Монгол хэдийгээр дэлхийн бусад улсыг бодвол ДОХ-ын бага тархалттай орны тоонд ордог ч эрсдэлт бүлгийн хүн ам ихтэйг албаныхан хэллээ.
П.Үнэнчимэг: Оны төгсгөлд 48-аас ч олон хүн оношлогдохыг үгүйсгэхгүй
Манайд ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 2025 оны арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар халдвар авсан нийт хүний тоо 424-т хүрээд байна. Тэгвэл он гарснаас хойш уг халдварын 36 шинэ тохиолдол бүртгэгдсэнийг ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт, судалгааны албаны дарга П.Үнэнчимэг сэрэмжлүүллээ. Жилийн эцэс гэхэд эл үзүүлэлт 48 болж нэмэгдэж болзошгүй гэсэн судалгааг гаргажээ. Тэрбээр “Монгол Улсад 1000 хүнд ногдох ХДХВ/ДОХ-ын өвчлөлийн түвшин 0.01 буюу дэлхийн дундажтай харьцуулахад 0.16, бүсийн орнуудын дунджаас 0.06-гаар бага байгаа. Олон жил ингэж тайвширч явтал харамсалтай нь, энэ онд өвчний тохиолдол эрс нэмэгдлээ. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 19 хүн ДОХ-ын халдвартай гэж оношлогдсон бол 2025 он дуусаа ч үгүй байтал 36 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Оны төгсгөл гэхэд бидний тооцоолсноор 48, түүнээс ч олон тохиолдол оношлогдохыг үгүйсгэхгүй. Энэ нь манайд бэлгийн замаар дамжих халдварын тархалт их, нийт хүн амын дундах бэлгэвчийн хэрэглээ хангалтгүй, ХДХВ хамгийн хурдацтай тархаж буй хоёр том гүрний дунд оршдог, хилээр зорчих, дамжин өнгөрөх хөдөлгөөн ихтэй зэрэг нь голлон нөлөөлсөөр байгаа. ДОХ-ын анхны тохиолдол Монголд оношлогдсоноос хойш 2014 онд л хамгийн олон буюу 31 хүнээс ХДХВ илэрч байсан. Ерөнхийдөө ДОХ-ын халдвар жилд дунджаар 16-25-аар нэмэгдэж, нас баралт 2-3 бүртгэгддэг. 2014 онд тав, 2016 онд найм, 2017 онд таван хүн нас барсан нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Тэгвэл он гарснаас хойш дахиад дөрвөн хүн нас барчихлаа” гэв.
ДОХ-оос сэргийлэх вакциныг эрдэмтэн, судлаачид одоо болтол гарган авч чадахгүй байгаа нь ХДХВ-ний онцлог, цаг ямагт мутацлагдаж байдагтай нь холбоотой гэнэ. Харин вирусний хөгжлийг саармагжуулах эмийн чанар, эрт илрүүлгийн ачаар өвчтөнүүд нэг үеэ бодвол харьцангуй урт удаан, чанартай амьдрах болжээ. ХДХВ-тэй хүн 5-8 жил л “тэсдэг” гэх ойлголт өдгөө үгүй болж, 10, 20, түүнээс ч урт удаан амьдрах боломжтой аж. Тухайлбал, манай улсад уг халдвараар оношлогдсоноосоо хойш 28 дахь жилдээ идэвхтэй амьдарч буй иргэн бийг П.Үнэнчимэг эмч хэлсэн. ХДХВ-ний эсрэг эмчилгээг 2013 оноос хойш төрөөс бүрэн санхүүжүүлж ирсэн ч жил ирэх тусам халдвар хурдацтай нэмэгдэж буй тул цаашид эрт илрүүлгийг эрчимжүүлэх, нөлөөллийн ажлууд зохион байгуулахад нэмэлт санхүүжилт шаардлагатайг тэрбээр нэмж тодотгосон.
Халдвартай 20 эхээс 35 хүүхэд мэндэлсэн гэв
Сонирхуулахад, ДОХ-ын халдвартай 20 эмэгтэй амаржиж, 35 хүүхэд төрүүлжээ. Тэдний 14 нь давтан төрсөн байна. Халдвартай эхээс төрсөн эдгээр хүүхэд бүгд ХДХВ-гүй нь батлагдсан нь эмчилгээ, хяналтын үр дүн гэдгийг ХӨСҮТ-ийнхөн хэлсэн. ДОХ нь бэлгийн замаар, цус, цусан бүтээгдэхүүнээр, эхийн сүүгээр дамжин халдварладаг. Харин шүлс, нулимс, хоол, хүнс, аяга, халбагаар, агаар дуслын зам буюу ханиаж найтаахад, шумуул болон бусад төрлийн хорхой шавжаар, ХДХВ-тэй хүнтэй хамт амьдрах, ажиллаж, суралцах, тэвэрч, үнсэхэд, бассейн, халуун ус, нийтийн бие засах газар ороход аюулгүй бөгөөд өвчин халдварлахгүй. Гэхдээ шүдний сойз, сахлын хутга зэрэг арьс салст гэмтээдэг багаж хэрэгслийг хамтран хэрэглэх нь эрсдэлтэй юм.
ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт, судалгааны албаны тооцоолсноор манай улсад энэ оны байдлаар ДОХ-ын халдвартай 694 хүн амьдарч байж болзошгүй гэнэ. Уг тоо өссөөр 2028 онд 760, 2030 онд 821-т хүрэх магадлалтай гэсэн төлөв гаргажээ. Өөрөөр хэлбэл, халдвар илрүүлэлтийн хувь 47 хувьтай байдаг гэсэн үг. Харин онош нь баталгаажсан хүмүүсийн эмчилгээний чанар буюу вирусний ачаалал дарангуйлагдсан хувь 94-тэй байна.
Бэлгийн замын өвчин нэмэгдэхийн хэрээр аюул “томрох” болжээ
2025 оны эхний арван сарын байдлаар улсын хэмжээнд 8777 хүн бэлгийн замын халдварт өвчин тусжээ. Энэ нь нийт халдварт өвчний 18.7 хувийг эзэлж буй юм. Бэлгийн замын халдварт өвчний нийт тохиолдлын 41.9 хувийг тэмбүү, 34.3 хувийг заг хүйтэн, 23.4 хувийг трихомониаз, 0.4 хувь нь ХДХВ/ДОХ-ын халдвар байна. Нийт халдвар авагдсын 43 хувь нь гэрлээгүй, 36 хувь нь гэрлэсэн, 18 хувь нь хамтран амьдрагсад, үлдсэн нь бусад бүлгийн хүн ам аж. Эдгээр тоо баримтыг дурдсан шалтгаан нь “хормойн өвчин” нийгмийн бүх давхаргыг хамран тархаж, тэр хэрээр ДОХ-ын эрсдэл хүн амд аюул заналхийлэл, айдас түгшүүр дагуулж буйг илтгэнэ.
Манайд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын халдвартай нийт өвчтөний 83 хувь нь эрэгтэй, 14.6 хувь нь эмэгтэй, үлдсэн нь трансжендер гэсэн судалгаа бий. Өвчлөгсдийн олонх нь 20-44 насныхан бөгөөд 99.7 хувьд нь бэлгийн замаар халдвар дамжжээ. “Хормойн өвчин”-ий тархалт өндөртэй манай улсын хувьд энэ бол аюулын харанга гэдгийг ч эмч нар анхааруулсан. Иймд хүн амын дундах уг өвчний эрсдэлийг ямагт тодорхойлж, ХДХВ-ний эмчилгээ, оношилгоог сайжруулах, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатанд тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай гэв. Мөн өвчтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхах, хүнлэг бус хандахын эсрэг бүх нийтээрээ нэгдсэн ойлголттой байхыг зөвлөлөө.
Мэдээж хэрэг ХДХВ/ДОХ-той тэмцэх ажлыг дан ганц эрүүл мэндийн салбар, тэр дундаа ХӨСҮТ-д хариуцуулах нь өрөөсгөл бөгөөд иргэдийн уг өвчний талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулахад салбар хоорондын хамтын ажиллагаа чухал гэдгийг НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаа хэлэв. Тэрбээр “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих үндсэн зарчим нь тэгш байдал, хүртээмжтэй хөгжил, хүний эрх, нотолгоонд суурилсан үйл ажиллагаа, инновац зэрэг юм. Харин хүн амыг өвчлөл, нас баралтад хүргэж буй эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах нь төр, засгийнхын үүрэг бөгөөд үүнд хот байгуулалт, зам, тээвэр, боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, хүүхэд хамгаалал, нийгмийн харилцаа, хүнс, тэжээл, биеийн тамир, спорт гээд бүгд хамаатай” гэсэн юм.