Иргэд улсын эмнэлэгтээ үзүүлж чадахгүйд хүртлээ эрүүл мэндийн салбар шалдаа буучихсан байгаа. Яг ийм нөхцөл байдалтай сүүлийн 2-3 жилийг үджээ. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)ынхан сан дампуурсныг эхэндээ олон нийтээс нууцалсан ч эцэстээ үнэнд гүйцэгдэж, 2024 оны аравдугаар сараас хувийн эмнэлгүүдтэй байгуулсан гэрээгээ цуцалж, улсынх нь нэг удаагийн бээлий, хэрэглэлээ ч авч чадахаа больсон. Үйл ажиллагаа нь ингэж доголдсоор оны эцэс гэхэд үндсэндээ “үүдээ барьцгаасан”.
Өнгөрсөн жил ч эдгээр үйл явдал давтагдав. Эмч нар хүртэл Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-г эхний хагас жил хүрэхгүй модоо барина гэдгийг иргэдэд сэрэмжлүүлсэн нь үнэн байжээ. 2025 оны эхний улирал шувтрав уу, үгүй юү л ЭМДС-гийн санхүүжилттэй холбоотой маргаан, талцал салбарын хэмжээнд “өндрийг авч”, даатгуулагчдыг өвчнийх нь түүхээр ялгаварлан гадуурхаж, эмчилгээ, үйлчилгээ үзүү лэхээс татгалзсан. Өөрөөр хэлбэл, даатгалын сангаас тусламж, үйлчилгээг аль болох санхүү жүүлэхгүй байх бодлого баримталсаар өнгөрсөн оныг арайхийн давсан. Тэгвэл өнөө жил ЭМДС-г үр ашигтай ажиллууж чадах, эсэхийг иргэд, олон нийт чих тавин хүлээж байна.
Түрүү жилийн I улирлаас эхлэн эмнэлгээр үйлчлүүлэгчдийн өвчний түүхийг аар саар шалтгаанаар хүчингүйд тооцож, санхүүжилтийг нь хасан, эрүүл мэндийн байгууллагуудыг хохироож, эмч нарын ажлыг “баллуурдсан”. Уг нь салбарын 2025 оны төсөв зургаан жилийн өмнөхөөсөө бараг зургаа дахин нэмэгдсэн билээ. Хэвтэн эмчлүүлсэн хү мүүсийн тоо эсрэгээрээ эл хугацаанд тэгтлээ нэмэгдээгүй атал санхүүжилт улам л хүрэлцэхээ больсон нь өнөөх тооцоо, судалгаагүй үрэлгэн зардал, гүйцэтгэлийн санхүүжилт гэх үр ашиггүй тогтолцооны алдаа дутагдалтай холбоотой байсан юм. Товчхон хэлбэл, 2025 он бол эрүүл мэндийн салбарт эдийн засаг, эрх зүй, эмчилгээ, тусламж, үйлчилгээний хувьд ч “их уналт”-ынх нь жил байлаа.
ЭМДЕГ-ынхан үр ашгийн судалгаагүйгээр яаран нэвтрүүлсэн гүйцэтгэлийн санхүүжилтийн балгийг гэрээт эмнэлгүүдэд олон жил үүрүүлэн, төрөл бүрийн аргаар тэднийг хавчин дарамталж, сав л хийвэл гэрээгээ сунгахгүй, дахин байгуулахгүй гэж айлгадаг болсон байна лээ. Төсөв танах нэрийдлээр хамгийн бага тарифаар эмчилгээ, үйлчилгээг үнэлж, санхүү жилтийн хязгаарыг өнгөрсөн онд л гэхэд 40-50 хувиар хассан гэх. Эмнэлгүүдэд гэрээний дагуу өгөх ёстой мөнгөө хэдэн сараар нь луу унжиж, эрүүл мэндийн байгууллагуудыг харин ч сайн “хашраасан” даа. Гүйцэтгэлийн санхүүжилт гэх гоё нэртэй “мөнгө хүүлэгч” салбарыг ингэж тартагт нь тулгажээ.
ЭРТ ИЛРҮҮЛГИЙГ ХЭЗЭЭ ЭХЛҮҮЛЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА
ЭМДС-гаас санхүүжүүлэн, улсын хэмжээнд хэрэгжүүлдэг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог өнгөрсөн есдүгээр сарын 22-ноос тодорхойгүй хугацаагаар зогсоосныг манай уншигчид мэдэж буй биз ээ. ЭМДЕГ-ынхан 2025 оны зургаадугаар сараас эхлэн архаг, суурь эмгэгтэй хүмүүсийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зардлыг танасан. Ингэж явсаар эрт илрүүлгийн санхүүжилтэд “гар дүрсэн” нь энэ. Үүний улмаас иргэд хоёр жил тутамд заавал хийлгэх ёстой “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо”-ндоо хамрагдаж чадахгүй өнөөдөртэй золголоо.
Иргэд 2026 он гаруут хамгийн түрүүнд урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдана хэмээн итгэж суугаа. Гэвч үзлэг, шинжилгээг хэзээнээс эхлүүлэх нь тодорхойгүй л байна. Энэ талаар ЭМДЕГ-ынхнаас лавлахад тоймтой хариу хэлж чадаагүй. Өнөө жил даатгалын санг иргэдэд хүртээмжтэй, өвчин эмгэгээр нь ялгаварлан гадуурхалгүй, санхүүжилтийг тэгш хуваарилах, эсэх нь ч бас л эргэлзээтэй байгаа юм. Он гарчхаад байхад ЭМДС-гийн санхүү жилтийн зардал нээлттэй бус, хэдэн хувийг нь амбулаторийн, хэчнээнийг нь хэвтэн эмчлүү лэх тусламж, үйлчилгээнд зарцуулах, эсэх задаргаа нь алга. Урьдчилан сэргийлэх үзлэгт төвлөрнө гэдэг ч юм уу, 2026 оны бодлого, стратеги нь тодорхой болоогүй гэсэн үг. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл оны өмнөхөн хуралдаж, сангийн санхүүжилтийн задаргаа, тусламж, үйлчилгээний тариф зэргийг хэлэлцсэн гэж байгаа. Ямар нэгэн шийдвэр гаргасан, үгүй нь ч ил тод биш, иргэд мэдээлэлгүй, яах учраа олохгүй, эмнэлэг эргэж тойрсон хэвээрээ. ЭМДЕГ-ынхны хэлснээр тэд зүгээр л хэрэгжүүлэгч, ямар ч эрх мэдэлгүй тул зөвлөлийн шийдвэрийг хүлээхээс өөр аргагүй гэх.
Манай улс 2022 оноос эрүүл мэндийн салбарыг гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлсэн билээ. Үүнээс хойш иргэд, эрүүл мэндийн байгууллагууд ч ийн “нар үзэх”ээ больсон юм. ЭМДС-гийн өр өнгөрсөн хугацаанд бугшиж, нэмэгдсээр 316.8 тэрбум төгрөгт хүрснийг одоогоос дөрвөн сарын өмнө л барагдуулсан байдаг. Уг өрийг төлөхийн тулд ЭМДС-гийн 2025 оны төсвийг түүхэндээ анх удаа хамгийн ихээр буюу хоёр их наяд 293 тэрбум төгрөгөөр баталсан. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгөөр сангийн өрийг төлсөн гэсэн үг. Тэгсэн хэрнээ иргэд одоо болтол урьдчилан сэргийлэх үзлэгтээ ч хамрагдах эрхгүй л байна. Сангийн төсвийг ийн нэмээд ч тусыг олоогүйг дээрх баримтууд гэрчилж буй. ЭМДС-гийн өнгөрсөн жилийн зарлага нь ч орлогоосоо хэдийн давж, оны эцэст гэрээт эмнэлгүүдэд багадаа 260 тэрбум төгрөгийн өр төлбөрт дахин унасан байх магадлалтай гэсэн урьдчилсан тооцоо гарч. Сангийн өрийг бид өнөө жил ч төлөлцөх нь тодорхой болж байх шиг. Санхүүжилтийн ийм дампуу системийг юуных нь “шинэчлэл” гэх билээ дээ. ЭМДЕГ өр “үйлдвэрлэсээр”, түүнийг нь татвар төлөгчид барагдуулдаг байж болохгүй.
ГАДААДЫН СИСТЕМ НЭВТРҮҮЛЭХ ГЭЭД УЛСЫНХАА АМИН ЧУХАЛ САЛБАРЫГ “УНАГАВ”
Гүйцэтгэлийн тогтолцоог энгийнээр тайлбарлавал, ийм системтэй болсноос хойш ЭМДЕГ тусламж, үйлчилгээ худалдаж авдаг л газар болсон. Санхүүжилтийн системийг ингэж шинэчилнэ гэж цөөнгүй жил ярьсны эцэст хэрэгжүүлсэн нь энэ. Даанч Монголын нөхцөлд эл систем дэндүү эртдэж, эмнэлгүүд ч үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн тусын тулд бус, мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөд бэлэн болцгоож, хувийн эмнэлгүүдийн ЭМДЕГ-аас нэхэмжлэх төлбөр утгаа алдан, дааж давшгүй өрөнд унасаар ирлээ. Өөрөөр хэлбэл, төр, хувийн хэвшлийн эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүждэг болсноос хойш эмчлүүлэгчдийн эдгэрэлт бус, регистрийн дугаарыг нь л чухалчилж, иргэдэд үзүүлсэн гэх тусламж, үйлчилгээгээ ЭМДС-д зарж, их хэмжээний ашиг олох сонирхол өвөрлөсөөр өдий хүрэв. Цаашлаад төсвийг захиран зарцуулах эрх бүхий байгууллагынхантай үгсэн хуйвалдаж, сангийн хөрөнгийг шамшигдуулдаг, хууль, дүрэм журмаа мөрддөггүй нь ч олонтоо. Гэрээний үнийн дүнгээсээ 10, 20 дахин нэмэгдүүлсэн төлбөр нэхэмжилж байсан жишээ ч цөөнгүй. Үүний гайгаар сан дампуурч, даатгуулагчид эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн хямралд өртөн, эмнэлгийн бараг бүх үйлчилгээг төлбөртэй авдаг боллоо.
Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэн дараагийн жилээс ЭМДС-гийн санхүүгийн нэгдсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит оруулж, ноцтой зөрч лүүд илрүүлсэн байдаг. Олон зуун тэрбумын өрчил ил болсон ч хэн нэгэнд хариуцлага хү лээлгээгүй нь хачирхалтай. Тогтолцооны энэ мэт гажуудлаас үүдэлтэйгээр эрүүл мэндийн салбарын зардал жил ирэх тусам өссөөр буй. Гэтэл иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйл чилгээ сайжрахын оронд улам л дордож байгааг юу гэж ойлгох вэ. 2026 онд эрүүл мэндийн салбарын зардал түрүү жилийнхээсээ бүр 5.5 дахин нэмэгдсэн. Харамсалтай нь, санхүүжилтийн системийг эргэн харахгүйгээр салбарын зардлыг 10 дахин нэмээд ч гүйцэтгэлээ дахиад л санхүүжүүлж хүчрэхээ болино гэдгийг судлаа чид ч сануулсаар байгааг дурдах нь зүйтэй.
Гэвч энэ бүхнийг тоож хэлэлцэх эрх мэдэлтэн, зохицуулж хянадаг яам, тамгын газар гэж алга. ЭМДЕГ-ынхан эмнэлгүүдийг санхүү жүүлж дийлэхгүй болохоороо гэрээгээ шууд л цуцалчихдаг. Ингээд л даатгалын сангийн алдагдал, асуудлыг “шийдчихнэ”. Тэд үүнээс өөрийг үнэхээр хийж чадахгүй байгааг өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд бид хангалттай харлаа. Тус газрыг “тусад нь гаргаж”, салбарын бүх төсвийг захиран зарцуулж, хуваарилах эрх мэдэл атгуулснаас хойш үндсэндээ иргэд улсын эмнэлгийнхээ амбулаторид ч үзүүлж чадахаа байсан нь үнэн шүү дээ.
2025 онд төсөвлөсөн хоёр их наяд 293 тэрбум төгрөг бол зөвхөн ЭМДС-д хуваарилсан санхүүжилт. Салбарын хэмжээний нийт төсөв дөрвөн их наяд давчихсан. Тэгсэн мөртлөө тусламж, үйлчилгээний чанар сайжраагүй, тоо нь ч буурсан, үзлэгийг танасан, санхүүжилтийг зогсоосон. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат салбарын төсөв өнгөрсөн онд нэмэгдэхэд “Эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэх, иргэдийг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрүүл мэндээс шалтгаалсан санхүүгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ авна” гэж мэдэгдсэн нь хэвлэлийн хуудсанд шарлан үлдэж. Даанч дарга нарын энэ бүх амлалт хий хоосон цуурай төдий байсныг цаг хугацаа батлав. Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөдгийн үлгэрээр гадаадынхны шинэ систем нэвтрүүлэх нэрээр улсынхаа амин чухал салбарыг дампуурал руу ийн хөтөлснийг ч гэрчиллээ.