Парламентын ордон дахь эмэгтэйчүүдэд зориулсан ариун цэврийн өрөөний тоог нэмэгдүүлэх шаардлагад Ерөнхий сайд Санае Такаичи нэгдлээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 12-нд гаргасан тус өргөдөлд дурдсанчлан, 73 эмэгтэй хууль тогтоогчид ердөө хоёрхон бие засах өрөө ногддог гэнэ. Сөрөг хүчний гишүүн Ясуко Комияма “Чуулганы хуралдаан эхлэхээс өмнө бие засах өрөөний гадна урт дараалал үүсдэг. Үүнээс болж зарим нь ариун цэврийн өрөө ашиглахаас цааргалдаг болсон” хэмээжээ. Уг парламентын ордонд эмэгтэйчүүдэд зориулсан есөн ариун цэврийн өрөө, 22 суултуур буй нь эрэгтэйчүүдийнхтэй харьцуулахад даруй гурав дахин бага тоо аж. “Асахи Шимбун” сонинд мэдээлснээр доод танхимын дарга Ясуказу Хамада эмэгтэйчүүдийн бие засах өрөөг нэмэгдүүлэх эл өргөдлийг нийт гишүүний дунд хэлэлцэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн байна.
Япон бол соёлын хувьд консерватив улс төдийгүй улс төр, ажлын байр зэрэг нийгмийн бүх салбарт эрэгтэйчүүд ноёлж ирсэн. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Хүйсийн ялгааны индекс”-т тус улс хүйсийн эрх тэгш байдлын хөгжлөөрөө 148 орноос 118-т эрэмбэлэгдэж буй. Японы парламентын ордныг нь 1936 онд буюу эмэгтэйчүүд улс төрд сонгогддог болохоос даруй 10 жилийн өмнө барьсан тул тус байгууламж нь анхнаасаа эрэгтэйчүүдэд зориулсан бүтэцтэй гэнэ. Тус улсын Засгийн газар 2020 он гэхэд нийгмийн бүх салбарын удирдах албан тушаалд ажиллагсдын 30 хувийг эмэгтэйчүүдээс бүрдүүлэх зорилт тавьсан ч энэ нь өнөөг хүртэл төдийлөн хэрэгжээгүй аж. Одоогийн байдлаар парламентын доод танхимын 16, дээд танхимын 33 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж буй нь 2009 оноос хойших хамгийн өндөр тоо. Өнгөрсөн аравдугаар сард Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд Санае Такаичи өөрийн кабинет дахь эмэгтэйчүүдийн оролцоог Нордикийн орнуудтай ижил түвшинд хүргэхээ амласан юм.
Д.Хэрлэн