
АНУ Венесуэлийн иргэний аюулгүй байдлын дэд ерөнхийлөгч, Дотоод хэрэг, хууль зүйн сайд Диосдадо Кабеллог ална эсвэл хулгайлна гэж сүрдүүлж байгаа тухай Reuters агентлаг мэдээлэв.
Эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ-ын эрх баригчид Диасдадо Кабеллог "Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Делси Родригез АНУ-ын шаардлагыг биелүүлж, дэг журмыг сахиулахад нь туслахгүй бол байны жагсаалтын эхэнд байгаа" гэж анхааруулсан байна.
Нийтлэлд бичснээр Вашингтоны засаг захиргаа Диасдадо Кабеллог Венесуэлийн хулгайлагдсан Ерөнхийлөгч Николас Мадурод үнэнч хэвээр хэмээн үзэж байгаа бөгөөд шилжилтийн энэ үеэр Кабеллог “хамтран ажиллуулахаар албадаж", эцэст нь "түүнийг эрх мэдлээс зайлуулж, цөллөгт явуулахаар” төлөвлөжээ.
"Хэрэв Кабелло үргэлжлүүлэн эсэргүүцвэл Мадурогийн адил хувь тавилантай тулгарч магадгүй" эсвэл "түүний амь насанд аюул учрах болно" гэж АНУ "зуучлагчдаар дамжуулан” мэдэгдсэн байна. Ингэхийн сацуу, нийтлэлд тэмдэглэснээр, Кабеллогийн аллага Венесуэлд эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй гэж АНУ-ын тал болгоомжилж байгаа аж.
Мөн Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Падрино Лопес "байны жагсаалтад багтсан" гэж эх сурвалжууд нэмж хэлжээ.
Энэ оны 1-р сарын 3-нд АНУ Каракас дахь иргэний болон цэргийн обьектууд руу халдлага үйлдэж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлсан юм. Венесуэлийн тал уг үйлдлийг цэргийн түрэмгийлэл гэж байгаа бол Вашингтой хууль ёсны ажиллагаа хэмээн нэрлэсэн. Венесуэлд онц байдал зарлаад байна.
Хулгайлагдсан Мадуро, эхнэрийн хамт Нью-Йорк хотын Бруклин дүүргийн чанга дэглэмтэй шоронд хоригдож байна.Өнгөрсөн даваа гарагт Нью-Йоркийн шүүх Мадурод хар тамхины терроризм хийхээр хуйвалдсан, зэвсэг хууль бусаар агуулсан зэрэг АНУ-ын үндэсний эрх ашигт аюул учруулсан хэрэгт тулгасан. Мэдээж шүүгдэгчид өөрсдийгөө буруугүй хэмээн өчсөн тул шүүх хурал гуравдугаар сар хүртэл хойшлогдсон.
Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх “хоригт орсон өндөр чанартай нефть” нийлүүлнэ гэж өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдэв.