Хүний эрхийг хамгаалах байгууллагууд, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн уламжилж буйгаас үзвэл өнгөрсөн ням гарагт Иранд эсэргүүцэн тэмцэгчид, аюулаас хамгаалах хүчний хооронд дахин мөргөлдөөн болсон байна. Амжиргааны өртөг нэмэгдэж, мөнгөний ханш унаж буйгаас үүдэлтэй жагсаал тэмцэл тус улсад эхлээд хоёр долоо хонож буй юм. “Al Jazeera”-гийн дамжуулсан албан ёсны мэдээгээр 2025 оны XII сарын 28-нд тэмцэл эхэлснээс хойш Иранд наад зах нь 12 хүний амь хохирчээ. Нийслэл Тегеранд ажилладаг дэлгүүрийн эзэд бослого гаргаснаас уг тэмцэл эхэлсэн байна.
Тус улсын дээд удирдагч Али Хаменей эсэргүүцэн тэмцэгчдийг “самуун дэгдээгчид” гэж нэрлээд, “Тэдэнтэй хэл амаа ололцох гэж оролдоод ашиггүй, ердөө байранд нь л тавьчих хэрэгтэй” гэж хэлжээ. Британийн “Times” сонин тагнуулын мэдээлэлд үндэслэн бичсэнээр бол хэрэв аюулаас хамгаалах хүчин нь бослого тэмцлийг дарж эс чадвал аятолла Хаменей Иранаас зугтаж, Орост очхоор төлөвлөж буй аж. 86 настай Хаменей ойрын хүрээллийн 20 туслагч болон гэр бүлийнхээ хамт явах бололтой. Исламын хувьсгалаас хойш найман жил болоод Иранаас гарч олон жил Израилийн тагнуулын байгууллагад ажилласан Бени Сабти гэдэг хүн “Times”-ийн сурвалжлагчид “Хаменей Москвад л хоргодох газар хайна, өөр газар түүнд байхгүй” хэмээн ярьжээ.
Тэмцэл эхэлсээр хүрээгээ тэлж, 78 хот, хүн ам олноор оршин суудаг 222 тосгон сууринг хамарч улс төрийн шаардлага тавих болсон байна. Тэд дэглэмийг солих асуудлыг хөнджээ. Сүүлийн үеийн байдлаар 1000 шахам хүн баривчлагдаад буй юм. Амиа алдсан, баривчлагдсан хүмүүс дотор багаар бодоход 44 хүүхэд байгаа гэж “Ираны хүний эрхийг хамгаалагчид” гэдэг АНУ-ын байгууллага мэдээлсэн байх юм. Тус байгууллагын орлогч захирал Скайлар Томпсон “Тэмцэлд залуучууд идэвхтэй оролцож буйг энэ тоо нотолж байна. Энгийн иргэдийг ялгаж салгахгүй, ялангуяа хүүхдүүд байсаар байхад дайрч довтолж буйг олон улсын эрхийг зөрчсөн үйлдэл хэмээн өргөн олноор шүүн хэлэлцэх ёстой” гэжээ. 20 мянга орчим оршин суугчтай, Ираны баруун нутагт байх Малектахи тойргийн иргэн эмэгтэйн ярьснаар бол хүмүүс амралтын өдрүүдээр Засгийн газрын эсрэг уриа хашхиран, баривчлагдсан иргэдийг суллахыг шаардаж байжээ. Аюулаас хамгаалах хүчнийхэн тэдэн рүү гал нээсэн гэнэ. Энэ хүчнийхэн шархадсан тэмцэгчдийн байгаа эмнэлэг рүү бас довтолжээ. Барьж саатуулсан хүмүүсийг зэрлэгээр зодож, ийш тийш нь зөөж байж.
Ерөнхийлөгч Масуд Пезешкианы Засгийн газар эв нэгдэлтэй байхыг уриалж, эдийн засгийн эмх замбараагүй байдлын буруугТегераны “дайснуудад” тохсон байна. Эрх баригчид уг нь эдийн засгийн өөрчлөлт хийж, авлигын эсрэг тэмцэлд илүү их чармайлт гаргахаа амласан ч эдгээр мэдэгдэл нь эсэргүүцэл тэмцлийг зогсоосонгүй.
Олон улсын хоригт олон өртөж буй Тегеран гадаад орнуудын санхүүгийн зах зээл, царцаасан хөрөнгөөс нь хувь хүртэхэд төвөгтэй болжээ. Гадаадын бараа, бүтээгдэхүүнээс хамааралтай байдал нь нэмэгдсэнээр орчин нөхцөл нь хүндэрч, инфляц ханхлах болсон байна. Ираны эдийн засаг муудахад олон улсын хориг ихээхэн үүрэг гүйцэтгэж буй ч энэ нь байдал хүндрэх цорын ганц шалтгаан бас биш аж. Тусгай механизмаар импорт, экспортыг хянаж, нефть гадагш нь зарж орлого олдог, мөнгө угааж ашиг хүртдэг төрийн албан хаагчид болон тэдний төрөл төрөгсдөд олон улсын хориг их олз оруулдаг гэж үздэг хүн Иранд олон байдаг юм байна. Жирийн иргэд “хоригийн арилжаачид” гэж нэрлэдэг Засгийн газрын ажилтнууд ч хямралд хоригоос илүү буруутан болж байдаг гэнэ. 2025 оны зун Иран, Израилийн хооронд дэгдэж, АНУ шууд оролцож, Ираны цөмийн байгууламжуудад агаараас цохилт өгч байж зогсоосон 12 өдрийн дайн одоогийн байдал бий болоход ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Ираны батлан хамгаалах хүчин чадал, цөмийн дэд бүтэц, цэргийн болон аж үйлдвэрийн зарим объектод уг дайн айхтар хохирол учруулжээ.
Ираны байдал үүнээс үүдэн бүс нутагтаа ч сүрхий дордсон байна. Сирид Башар Асадын дэглэм унаснаар Тегеран гол холбоотноо алдаж, Ливанд “Хезболла”-д Израил тасралтгүй довтолсноор түүний дээд удирдлагын үлэмж хэсгийг устгажээ. Түүнчлэн Венесуэлд АНУ цэргийн ажиллагаа явуулж, Николас Мадуро, гэргий Силия Флорес нарыг баривчилсан нь хилийн чанад дахь Ираны боломжийг хязгаарлаж орхижээ. Оросын зэрэгцээ Венесуэлийн нефтийн санхүүгийн нарийн төвөгтэй механизмаас Иран ихээхэн хамааралтай байдаг тул энэ нь нөлөөлдөг байна. Энэ механизмыг зөрчсөнөөр дотоодын дарамт шахалт өсөн нэмэгдэж буй үед эдийн засгийн эмзэг байдал нь бүрч ихэсжээ. Бүс нутагт нь үүссэн зөрчил тэмцлийн нөхцөлд түших тулах холбоотон Иранд цөөрч, хилийн чанад руу зарсан нефтиэс олсон орлогоо гадагш гаргах суваг нь ч хумигдав. Насан өндөр болсон дээд удирдагч Али Хаменей болон түүний ойрын хүрээллийнхэн бүс нутгийн холбоотнууд хийгээд цөмийн хөтөлбөрт олон жилийн турш асар их мөнгө зарснаа Ираны удаан хугацааны аюулгүй байдал, технологийн дэвшилд хөрөнгө оруулж буй хэрэг хэмээн үзэж байв. Энэ үзэл бодол нь одоо үнэмшихэд улам бүр бэрх болж байгаа аж. Дотоод, гадаадын дарамт шахалт хүчтэй болохын хэрээр эцсийн зорилго мэт үзэж байсан аюулгүй байдал нь хэзээ хэзээнээс илүү хол санагдах болжээ.
Цагдаагийн байгууллагын хяналтад байсан Махси Аминий үхэл 1979 онд Лалын БНУ-ыг үүсгэн бий болгосноос хойш Засгийн газрын эсрэг хамгийн олон хүн хамарсан эсэргүүцэл тэмцэл дэгдээсэн эмх замбараагүй байдал сүүлийн удаа дөрвөн жил орчмын өмнө тохиож байжээ. Одоогийн тэмцэл хурдацтай тэлж, нэлээд хэдэн өдөр үргэлжилж буй ч 2022 оных шиг хэмжээ далайц, эрч хүч хараахан аваагүй байгаа юм. Гэтэл тэмцэгчдэд туслахад бэлэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдээд байна. Яг энэ үймээний үеэр Трамптай уулзахаар Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху очиж, цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө сэргээх гээд байгаа Ираны эсрэг авах арга хэмжээний талаар ярилцаж тохирчээ.
Цөмийн хөтөлбөрөөс нь үүдэн 2006 онд Ираны эсрэг НҮБ-аас тавьсан хоригоо 2015 онд цуцалсан ч 2025 оны есдүгээр сард сэргээсэн юм. Энэ нь тус улсын үндэсний валютын ханшийг эрс унагаж, 2025 оны зун нэг ам.доллар сая орчим риалтай тэнцэж байсан бол оны эцэст 1.5 сая риалтай дүйх болжээ. Энэ ханш гурван жилийн өмнө 430 мянган риал байсан аж. 2025 онд хүнсний зүйлсийн үнэ 70, эмийнх 50 хувиар нэмэгдсэн байна. Намар айхтар ган болсон нь бүр ч нэрмэж орхиж.
Иранчууд шах Реза Пехлевигийн үеийг санагалзаж байна гэнэ. Энэ нь хаант засаглал руу буцаж очихыг хүсэж байгаа юм биш ч тэр үед Иран эрчимтэй хөгжихийн зэрэгцээ авлига, хэлмэгдүүлэлт ч бас гаарч байж. Одоогийн эрх баригчид тэмцэгчдийг аргадах, номхруулахыг оролдож буй юм байна. Аравдугаар сарын 29-нд Ерөнхийлөгч Масуд Пезешкиан “Хууль ёсны шаардлагыг нь анхаарч сонсохыг” Засгийн газартаа уриалсан бол эсэргүүцэгчдийн төлөөлөлтэй уулзахыг маргааш нь санал болгожээ. Мөнгөний ханш унагасны хариуцлагыг хүлээн 31-нд Төв банкны тэргүүн Мохаммед Реза Фарзин огцорсон ч нөлөө үзүүлсэнгүй. Ингээд эрх баригчид жагсаалыг хүч хэрэглэн тараах ажилд оржээ. Шинэ оны эхний хоёр өдөр л Ираны бараг бүх томоохон хот тэмцэл, хөдөлгөөнд хамрагдаж, дэг журмаа алдсан байна. Нэгдүгээр сарын 1-ний орой буюу Иранд хэдийн 2-ны өглөө болсон байхад Дональд Трамп нийгмийн сүлжээндээ “Иран тэмцэгчдээ буудаж, устгаад байвал АНУ тэдэнд туслахаар очно, бид бүрэн зэвсэглэсэн, тулалдахад бэлэн” гэж бичсэн байв.
Р.Жаргалант