“Милан-Кортина 2026” өвлийн олимп эхлэхэд нэг сарын хугацаа үлдлээ. 25 дугаар наадмын биатлоны төрөлд нийт 210 тамирчин (эрэгтэй 105, эмэгтэй 105) өрсөлдөхөөс одоогоор 186 эрхийг улсуудын Үндэсний олимпын хороонд хуваариалжээ. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн ангилалд тус бүр 93 эрхийг хуваарилахдаа Oлон улсын биатлоны холбооны 2024-2025 оны улирлын “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнээс тамирчдын цуглуулсан оноог үндэслэсэн. Тодруулбал, “World cup nation cup”-д оролцсон орнуудыг багийн үзүүлэлтээр дараах байдлаар жагсааж, эрх олгосон аж.
Үүнд, I-III байрт шалгарсан улсуудад зургаан эрх олгосноос эмэгтэйчүүдийн ангилалд Франц, Швед, ХБНГУ, эрэгтэйчүүдийнхэд Франц, Норвеги, Швед улс авсан байна. Тэгвэл IV-X байр эзэлсэн орнуудад тус бүр таван эрх олгосноос Норвеги, Швейцар, Итали, Австри, Украин, Чех, Финланд эмэгтэй, ХБНГУ, Итали, Швейцар, Чех, Украин, Словени, Финланд эрэгтэйчүүдийн төрөлд гардав. 11-20 дугаар байр эзэлсэн улсуудад дөрвөн эрх өгч, үлдсэн 24 эрхийн төлөө биатлончид энэ сарын 18 хүртэл тэмцээнд оролцож, оноо цуглуулах нь. Ингэхдээ Олон улсын биатлоны холбоо
• 2024-2025 оны улиралд тус холбооны тэмцээнд оролцсон байх • Нэг улс дээд тал нь хоёр эрх (эрэгтэй, эмэгтэй) авна
• Төвийг сахисан байр суурьтай ОХУ, Беларусын тамирчид оролцох боломжгүй гэж заажээ.
Сонирхуулахад, Монголын биатлоны үндэсний шигшээ багийнхан өнгөрсөн зун Беларусын Раубичи бааз, Казахстаны Шүчинск цанын баазад сургуулилалт хийсэн. Тэд одоо Беларусын Гавьяат дасгалжуулагч Александр Владимирович Попов болон Зайцев Слав нарын удирдлагад Австрийн Тирол мужийн Обертиллиах хотод шинэ улирлын бэлтгэлдээ гараад байна. Шигшээ багийнхнаас Европын залуучуудын аварга, ОУХМ Э.Энхсайхан Британийг төлөөлөн өрсөлдөж, залуучуудын аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан төрөлд түрүүлжээ. Энэ нь тус улсын биатлоны түүхэнд Европ АШТ болон ДАШТ-ээс хүртсэн анхны алтан медаль юм.
Манайхан ХБНГУ-ын Арбер хотод өнөөдөр эхлэх “Дэлхийн цом”-д (IBU cup) оролцсоныхоо дараа Рупольдинг хотод энэ сарын 14-18-нд болох цувралд өрсөлдөнө. Түүнчлэн энэ сарын 28-наас хоёрдугаар сарын 3 хүртэл Норвегийн цаны баазад зохион байгуулах сүүлийн цувралд оролцох аж. Өвлийн олимпын наадамд оролцох биатлоны тамирчид энэ сарын 18-нд тодорно.