Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэтэй ярилцлаа.
Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд, үйлдвэр, уурхайг хэсэгчлэн хувьчлах тухай Засгийн газрын шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Манай улс зах зээлийн эдийн засагтай учраас төрийн оролцоогүй, оролцоо багатай аж ахуйн нэгж, компани үйл ажиллагаа явуулах ёстой гэдэг зарчимтай. Тиймээс төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг хувьчлахаар болсон. Үүнд “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”, МИАТ зэрэг цөөнгүй компани багтсаныг олон нийт мэдэж буй байх. Эдгээрийн 10-66 хувийн хувьцааг олон нийтэд санал болгоно. Хувьчлалыг үр дүнтэй зохион байгуулах үүднээс эхний ээлжид дараах 33 компанийн нэмэлт хувьцааг гаргаж хөрөнгө оруулалт татах, нээлттэй хувьцаат компани болгох зорилготой. Үүнд “Монголын цахилгаан холбоо”, “Хөдөө аж ахуйн бирж”, “Үндэсний давхар даатгал”, “Монголын хөрөнгийн бирж” багтсан. Мөн төрийн эзэмшлийн хувьцааг нь худалдах, биржээр арилжих компаниуд бий. Тухайлбал, “Дулаан шарын гол”, “Цемент шохой”, “Монгол шуудан” зэргийг нэрлэж болно. Түүнчлэн “Аялал жуулчлалын хөгжлийн төв”- ийг татан буулгах бол Монголын үнэт цаасны клирингийн болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийг нэгтгээд байна. Цаашид орон нутаг дахь цахилгаан станцуудаас “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”-нд, Богдын гол, Тосонцэнгэл, Тайшир-Гуулингийн усан цахилгаан станцуудыг “Ногоон эрчим хүчний үйлдвэрлэл” ТӨХК-д нэгтгэхээр ажиллаж байна. Хувьчлал, бүтцийн өөрчлөлт, нэгтгэл зэргийг 2029 оноос өмнө хийж, дуусгах төлөвлөгөөтэй.
-Төрийн өмчит компаниудад одоогоор хэдэн хүн ажиллаж байна вэ. Хувьчлах, байгууллагуудыг хооронд нь нэгтгэснээр олон хүн ажилгүй болно. Тиймээс ажилчдад нь хувьцаа эзэмшүүлэх хэрэгтэй гэж МҮЭХ-ноос мэдэгдсэн шүү дээ.
-Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, төрийн өмчийн оролцоо бүхий байгууллага улсын хэмжээнд 101 бий. Үүнд “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”, “Монголын төмөр зам” зэрэг томоохон компани багтдаг. Эдгээрт нийт 59 700 орчим хүн ажилладаг. Зөвхөн “Улаанбаатар төмөр зам” ХНН 15 000, “Эрдэнэт үйлдвэр” 7000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Энэ нь нийт ажиллагсдын 30 хувийг бүрдүүлж байгаа хэрэг. Түүнээс ТӨХК-д маш олон хүн ажиллаад, хий дэмий цалин авдаг гэж ойлгож болохгүй. Хувьчилж, нийлүүлж, бүтцийн өөрчлөлт хийхэд тийм олон хүнийг халж, цөөлөхгүй. Ер нь томоохон компанийн хувьцаанаас олон нийтэд санал болгосноор хөрөнгө татан төвлөрүүлж, түүгээрээ техник, технологийн шинэчлэл хийн, үйл ажиллагааг нь сайжруулна гэж тооцож буй. Үйл ажиллагаа нь сайжрах компаниудад илүү л олон хүн хэрэгтэй болж, илүү өргөн далайцаар ажиллана гэж ойлгож болно. Ажилчдаас нь заавал халах, цомхотгох бол ажилгүйдлийн тэтгэмж болон гэнэт халагдсны мөнгө олгох маягаар хуулийн дагуу ажиллаж, ажилтан, ажилчдыг аль болох хохиролгүй байлгахад анхаарна.
-ТӨХК гэхээр л өр төлбөр, хуримтлагдсан алдагдал яригддаг. Хувьчлахаас өмнө өр төлбөрийнх нь асуудлыг хэрхэн шийдэх бол. Хэн ч өртэй компанид хөрөнгө оруулахыг хүсэхгүй байх.
-Хамгийн сүүлийн буюу 2024 оны тайлангаар ТӨХК-иудын өр төлбөр 23 их наяд орчим төгрөг байна. Үүнд хамгийн их нь “Эрдэнэс Тавантолгой” 6.6, “Төрийн банк” 5.5, “Хөгжлийн банк” 1.8, “Монголын төмөр зам” 1.8 их наяд төгрөгийн өртэй. Эдгээрээс төлөх, өөр хоорондоо шилжүүлж, баланслах боломжтой өр гэж бий. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” тендер зарлан, түүний баталгаа болгож байршуулсан мөнгө нь өр болдог. Мөн их хэмжээгээр нүүрс борлуулах гэрээ хийж, урьдчилгаа байршуулсан бол бас өр төлбөр болдог. Мөн “Төрийн банк”- ны хөрөнгийн дийлэнх нь хадгаламж учраас мөн өр гэж тооцдог. Харин Багануур, Шивээ Овоогийн уурхай зэрэгт хур өр үүссэн. Энэ нь цахилгаан, дулааны станцууд нүүрс худалдан авсан төлбөрөө төлөөгүйтэй холбоотой. Дулааны, цахилгааны станцууд ч хур өртэй, алдагдалтай ажиллаж буй. Энэ нь төрөөс эрчим хүчний бодлогыг хэрэгжүүлж, хэрэглэгчдэд борлуулах үнэ тарифыг үргэлж бага байлгаж ирсэнтэй холбоотой.
Ер нь төрийн өмчит компаниуд бол улсаас татаас, төсөв авдаггүй. Өөрсдийн үйл ажиллагаагаар санхүүжилтээ бүрдүүлдэг. Олон хүн ажиллуулж, нийгмийн даатгал болон бусад татвар төлж, ажлын байр бий болгодог. Бүх төрлийн татвар, хураамжийг ч төвлөрүүлдэг. Тухайлбал, төсвийн төлбөр буюу татварт 2023 онд 5.4, 2024 онд зургаан их наяд төгрөг ТӨХКаас төвлөрүүлсэн. Мэдээж ТӨХК хоорондын өрийн асуудлыг цэгцэлж, хөрөнгийн маргааныг шийдвэрлэж, “цэвэрлэх” ажил хийж байгаа. Хувьчлахад асуудал үүсэхгүй болов уу.
-Төрд өмч байснаар хулгай их нүүрлэдэг, төсөвт ачаа дарамт болдог гэдэг нь бодитой шүү дээ.
-Дээр дурдсанчлан төрийн өмчит аж ахуйн тооцоот газрууд төрд дарамт болдоггүй. Өөрсдийн үйл ажиллагааны орлогоор санхүүжин, харин ч төсөвт их хэмжээний хөрөнгө төвлөрүүлж ажилладаг. Энэ талаар тодруулъя л даа. Жишээ нь, Тавантолгой, Нарийнсухайтын чулуун нүүрсний бүлэг орд гэж бий. Энд “Эрдэнэс Тавантолгой”-гоос гадна хувийн долоон компани үйл ажиллагаа явуулдаг. 2024 онд “Эрдэнэс Тавантолгой” дангаараа 30 гаруй сая тонн нүүрс борлуулжээ. Харин бусад долоо нь 33 сая тонныг экспортолсон. Үүнээс “Эрдэнэс Тавантолгой”-н борлуулалтын орлого 10.6, нөгөө долоон компанийнх 10.5 их наяд төгрөг байгаа юм. Улмаар төсөвт “Эрдэнэс Тавантолгой” 3.5, бусад нь 1.4 их наяд төгрөг төвлөрүүлсэн.
“Эрдэнэт үйлдвэр” 2024 онд 568 000, “Оюутолгой” компани 962 000 тонн зэсийн баяжмал борлуулжээ. Үүнээс “Эрдэнэт үйлдвэр” 1.5 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн нь “Оюутолгой”-гоос 232 тэрбумаар илүү дүн юм. Эндээс харахад төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, зөв оновчтой зохион байгуулалттай ажиллуулбал илүү ашигтай, үр өгөөжтэй байх боломж бий. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компаниаас салах гэхээс илүүтэйгээр менежментийн зөв бодлого хэрэгжүүлж, үр ашгийг дээшлүүлэх, зардлыг бууруулах, үйл ажиллагааг нь сайжруулах, шинэчлэх шаардлагатай гэсэн үг.
-Эрчим хүчний салбар, нүүрсний уурхай зэргийг хувьчлахад ямар бодлого баримталж байгаа бол. Хоорондоо үүссэн хур өртэй, бас алдагдал ихтэй ажилладаг гэдэг.
-Төрийн өмчит компаниудаас хамгийн их анхаарал татаж, яаралтай шинэчилж, реформ хийх шаардлагатай нь эрчим хүчний салбар. Уг салбарыг өрсөлдөөнд суурилсан, зах зээлийн зарчимд нийцсэн, зардал болон борлуулалтын орлогоо уялдуулдаг, эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар ажиллах боломжоор хангаж, шинэчлэх шаардлагатай. Үүний тулд үнэ чөлөөлөхөөс гадна хувьчлалын асуудал яригдана. Хэрэв эрчим хүчний үнэ ханшийг төрөөс хүчээр барьсан хэвээр, алдагдлыг нь бууруулахад анхаарахгүй, реформ хийлгүй явсаар байвал эрчим хүч, дулааны салбарын төрийн өмчит компаниуд ирэх гурван жилд л “таг зогсож”, дампуурна гэхэд хилсдэхгүй. Тус салбарын суурь дэд бүтцийн 60-70 хувь нь элэгдэл хорогдолд орсон. Станцуудын тоног төхөөрөмж хуучирсан, алдагдал нь хуримтлагдсаар өдгөө гурван их наяд төгрөгөөс давсан байна. Эрчим хүч бол үйлдвэрлэдэг, дамжуулдаг, түгээдэг тогтолцоонд суурилдаг. Тиймээс үйлдвэрлэлийг нь хувийн хэвшилд, хувь нийлүүлэгчид, хөрөнгө оруулагчдад хариуцуулах буюу хувьчилж болно. Түгээх салбарыг нь үе шаттайгаар хувийн хэвшилд шилжүүлэх боломжтой гэж тооцож буй. Мөн хэрэглэгчдэд үйлчлэх төв (ХҮТ)-үүдийг ч хувьчлах боломжтой. Эхний ээлжид ДЦС-IV, ДЦС-III, “Эрдэнэтийн ДЦС”, “Дарханы ДЦС” зэргийн 51 хувийг төрд үлдээж, 49-ийг нь бир жээр дамжуулан олон нийтийн компани болгох юм. Олон нийтийн компани болсноор мэдээж засаглал нь сайжирна, хөрөнгийн биржийн шалгуур шаардлагыг хангасан нээлттэй компани болно. Мөн 49 хувийг нь хувьчлахдаа татан төвлөрүүлсэн хөрөнгөөс тухайн станцуудыг засварлах, шинэчлэх ажил хийгдэнэ гэсэн үг.
Харин цахилгаан дамжуулах үндэсний сүлжээг 100 хувь төрийн мэдэлд авч үлдэнэ. Ингэснээр эрчим хүчний үнийг хэт өсгөх болон бусад эрсдэлээс сэргийлнэ гэсэн үг. Угаасаа эрчим хүч, дулааны үнийг төрөөс хянаж, ард түмний үндсэн суурь хэрэгцээг ямар үнээр, хэрхэн тасралтгүй хангаж буйг анхаарч ажиллах учиртай. Одоогоос 10 гаруй жилийн өмнө нь 2015 онд эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлого баталсан. Тэр үед л үйлдвэрлэлээ зах зээлийн зарчимд шилжүүлье гэж байсан ч ажил хэрэг болсонгүй.
-Томоохон уурхайнуудын хэдэн хувийг иргэдэд санал болгох юм бэ?
“Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн 10 хувийг л олон нийтэд санал болгоно.
-Яагаад заавал 10 хувь гэж. Илүү их хувийг олон нийтэд санал болговол хөрөнгө оруулагчид сонирхох, жижиг хувьцаа эзэмшигчид ч хувь хүртэх боломжтой биш үү?
-Ашигт малтмалын тухай хууль гэж бий. Уг хуульд стратегийн ордод үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд буюу төрийн болон хувийн хэвшлийн ямар ч аж ахуйн нэгж компанийнхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд арилжина гэж заасан. Эл заалтыг л баримталж байгаа юм. Дээрх компаниуд бол стратегийн ордод үйл ажиллагаа явуулдаг учраас манлайлал үзүүлэх учиртай. Зүй нь стратегийн ордод үйл ажиллагаа явуулж буй бүх компани 10 хувиа олон нийтэд санал болгож, олон нийтийн оролцоог хангах ёстой.
-Стратегийн ордод үйл ажиллагаа явуулдаг өөр томоохон ямар компани байна вэ?
-УИХ-аас 2007 онд Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын 39 ордыг тодорхойлж, жагсаалтыг нь баталсан. Үүнээс одоогийн байдлаар стратегийн 16 орд албан ёсоор бүртгэгдсэний долоо нь төрийн оролцоотой, ес нь хувийн хэвшлийн эзэмшилд байна. Гэхдээ эдгээр нь нэмэгдэх боломжтой. Тухайлбал, хүмүүс сайн мэддэг МАК компани гэхэд стратегийн ордод үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс компанийн хувьцааны 10 хувийг олон нийтэд санал болгох ёстой л гэсэн үг.
-Үүсмэл ордод үйл ажиллагаа явуулдаг “Ачит ихт” зэрэг компанийн хувиас төр, олон нийт хүртэх ёстой гэж буй. Энэ асуудал юу болж байгаа бол?
-Ашигт малтмалын болон Баялгийн сангийн тухай гэсэн хууль бий. Тэдгээрт стратегийн ордод үйл ажиллагаа явуулж буй компанийн 34 хувийг төр эзэмшинэ, эсвэл хувьцааныхаа 10 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжина гэх зэргээр заасан. Эл хуулийн заалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж, компаниудтай хэлцэл хийж байгаа. “Ачит ихт”-ийн хувьд “Эрдэнэт үйлдвэр”-ийн үүсмэл ордод үйл ажиллагаа явуулдаг, ордын эзэн нь “Эрдэнэт үйлдвэр”. Тиймээс “Ачит ихт”-ийн 34 хувийг төр эзэмшихээр яригдаж байсан ч 10- аас дээш хувийн рояалти авах нь илүү ашигтай гэсэн тооцоо гарсан. Одоогоор хэлэлцэж, ярилцаж байна.
-Орон нутгийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг хэрхэх билээ?
-Одоогоор орон нутгийн өмчит компани, үйлдвэрийн газар 500 гаруй бий. Тэдгээрийг ч хувьчлах, нэгтгэх, хувь хөрөнгө болон удирдлагад нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар ярьж байгаа. Гэхдээ эн тэргүүнд хувьчлах ТӨХК-иудад багтаагүй. Эхлээд дээр дурдсан ажлуудаа хийгээд, дараа нь авч хэлэлцэх болов уу.
-Ер нь төр өмчтэй байх, эсэх талаар та юу гэж боддог вэ?
-Төр өмчтэй байх ёстой, гэхдээ өмчийнхөө менежментэд оролцдог, оролцоо нь хязгаартай байх учиртай. Компанийн тухай хуульд алтан хувьцаа гэх нэг ойлголт байдаг. Тодруулбал, төр тухайн компанийн хөрөнгө оруулалт, шийдвэр гаргахад оролцохгүй ч буруу шийдвэр гарсан тохиолдолд бүхэлд нь хүчингүй болгох эрхтэй гэсэн үг. Алтан хувьцааны зарчим ердөө л ийм бөгөөд төр одоо хувьчлахаар зэхэж буй компаниудтайгаа алтан хувьцааны зарчмаар ажиллаж ч болно.
-1990-ээд оноос хувьчлал явуулж, төрийн өмчийн томоохон үйлдвэрүүдийг мэдээлэлд ойр хүмүүс хямд үнээр авсан. 1991-2019 онд буюу бараг 30 жилийн хугацаанд ердөө 300 хүрэхгүй тэрбум төгрөг хувьчлалаас төвлөрүүлсэн гэдэг. Одоо бол өмч хувьчлалын хоёр дахь давлагаа эхлэх гэж байна. Үүнийг яаж шударга, олон нийтэд ээлтэй, сонирхсон иргэн бүрийн оролцоог хангасан байдлаар явуулах вэ?
-Өмч хувьчлалыг 1991-2025 он хүртэл таван үе шаттайгаар хэрэгжүүлсэн гэж ойлгож болно. Үүний хүрээнд 2020 орчим аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгийг хувьд шилжүүлж, 278.5 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. 300 хүрэхгүй тэрбум төгрөг гэж хэлсэн нь үнэн. Гэхдээ хувьчлалаас бусад байдлаар 2020-2025 онд л ТӨК-иуд 18.7 их наяд төгрөгийн татвар, хураамж төлсөн. Өмч хувьчлалын анхны давлагаанууд алдаа, оноотой хийгдсэнийг үгүйсгэхгүй. Одоо бол мэдээлэл харьцангуй нээлттэй болсон. Хөрөнгийн зах зээлийн багтаамж тэлж, хөрөнгө оруулалтын орчин ч улам бүр хөгжсөөр байна. Төрийн зүгээс хувьчлах компани, уурхай, станцаа нээлттэй зарлаж, иргэдийг аль болох үнэн, зөв мэдээллээр хангахыг хичээж буй.
-Монголын хөрөнгийн бирж ийм их ажил хийх боломжтой юу. Технологийн шинэчлэлийн асуудал ч бас яригдах байх.
-Хөрөнгийн биржтэй холбоотой техник, технологийн шинэчлэл хийх, өргөжүүлэх, брокерын компаниудыг идэвхжүүлэх, иргэдийг мэдээллээр хангах зэрэг ажлыг тухайн бирж болон Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэгжүүлж эхлээд байна.
С.Дулам