“Ноорог креатив студио” ХХК-ийн үүсгэн байгуулагч О.Уламсайханд Эрүүгийн хуулийн 10.4-1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн” гэх заалтыг үндэслэн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Түүнийг өнгөрсөн хавар Ерөнхий сайд асан Л.ОюунЭрдэнийн эсрэг “Огцрох амархан” хэмээх жагсаал зохион байгуулахаас өмнө Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байсан юм. Тодруулбал, тус дүүргийн III хорооны нутаг дахь нэгэн орон сууцын цонхоор найз бүсгүй нь 2024 оны есдүгээр сард унаж, амиа алдсан хэрэгт буруутган шалгаж эхэлсэн билээ. Түүнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн сарын 26-нд хүлээн авсан бөгөөд хурлыг хараахан товлоогүй аж.