Хотын дарга Х.Нямбаатар Монгол Улсын түүх, соёлын томоохон цогцолбор болсон Соёлын төв өргөө (СТӨ)-г нурааж, оронд нь тэнгэр баганадсан өндөр барилга сүндэрлүүлэхээр “атгаг” санаа өвөрлөн яваа бололтой. Бүр хоёр блок бүхий 50 давхар барилга барих зураг, төсөл боловсруулахыг орлогч Т.Даваадалайдаа оны өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 30-нд даалгасан баримт ил болов. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн эл өдөр болсон бөгөөд Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай эл үүргийг хүлээж, Засаг даргын зөвлөлийн хуралд саналыг танилцуулахаар тогтсон юм байна. Хотын дарга энэхүү шуурхай зөвлөгөөний үеэр нийт 12 албан даалгавар өгсний нэг нь СТӨ-г нураах тухай байсан аж. Нийгмийн сүлжээнд энэ талаарх мэдээлэл уржигдар ил болж, олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулснаар өчигдөр дээрх албан даалгаврын жагсаалтаас СТӨ-г хассан байв. Зураг, төсөл боловсруулах үүрэг хүлээсэн Т.Даваадалай нь ч эцэстээ шуурхай зөвлөгөөнд суугаагүй, мэдээлэл аваагүй гэж мэлзлээ.
СТӨ-ний барилгыг Шинжлэх ухаан, техник, соёлын ордон нэртэйгээр ЗХУ-ын тусламжаар барьж, 1988 оны арванхоёрдугаар сарын 29-нд ашиглалтад оруулсан түүхтэй. Анх 15 000 ам метр талбайтай барьснаас өнгөрсөн хугацаанд “бөөр”-нөөс нь “Содмонгол групп”, “Улаанбаатар” хэвлэл, Ардчилсан нам зэрэгт хувьчилсаар өдгөө 13 469 ам метр болжээ. Тус өргөө 150, 280, 1325 хүний суудалтай хурал, концерт, кино, лекц, үзэсгэлэнгийн танхим, номын сан бүхий 12 давхар барилгаас бүрддэг. Энд шинжлэх ухааны байгууллага, урлаг, соёлын хороо, төвүүд, номын сан, Уран зургийн галерей, Театрын музей, Улсын филармони, Морин хуурын болон “Баянмонгол” чуулга, “Соёл-Эрдэнэ” хамтлаг, хошин урлаг, кино продакшн зэрэг сонгодог болон үндэсний орчин цагийн урлаг, соёлын салбарын 100 гаруй аж ахуйн нэгж төвлөрөн, үйл ажиллагаагаа явуулж байна. Жилд хамгийн цөөндөө 300 гаруй арга хэмжээг давхардсан тоогоор 500 гаруй мянган үзэгчид толилуулсаар иржээ.
Соёл, урлагийн ач холбогдлоос гадна СТӨ нь Монголын орчин үеийн модернист загвартай уран барилгуудын нэг бөгөөд байршил, түүхийнхээ хувьд ч давтагдашгүй, дурсгалт цогцолбор билээ. Мөн нийслэлийн иргэдийн ой санамжид гүн бат суурьшсан, үнэ цэнтэй барилга юм. Гэтэл сүүлийн жилүүдэд эрх мэдэлтнүүд түүх, архитектурын дурсгалт барилгуудыг сэргээн засаж, шинэчлэхгүй олон жил болсны эцэст энэ мэт үнэгүйдүүлж байгаад нураан хөрөнгө чинээтэй хэн нэгний мэдэлд шилжүүлэн “огт танихгүй” барилга босгон, хотын түүхийг “устгадаг” явдал үргэлжилсээр буй. Барьсан тухайн барилга нь түүх, соёлынх гэхээсээ илүү түрээсийн худалдаачдаар дүүрсэн байдаг жишээ цөөнгүй.
Өнгөрсөн хугацаанд СТӨ-ний газраас хумсалж, өдгөө харагдахгүй болтол нь барилгаар бүчсэн байтал ганц үг ганхийгээгүй дарга нар өнөөдөр гэнэт буулгаж, шинэчлэх тухай ярих нь утгагүй юм. Тэгээд ч 38-хан жилийн настай “залуу” барилгыг нураана гэдэг байж боломгүй. Хамгийн сүүлчийн жишээг л харчих, Урт цагааны гудамжийг одоо ямар болгосон байгаа билээ. Үүнтэй адил Соёлын төв өргөөг нураачихвал хотын ой санамж, иргэдийн дурсамжийг ч “баллуурдах” болно. Хэдийгээр хотын захиргааныхан СТӨ-г нураахгүй хэмээн мэлзэж байгаа ч “сор залчих” вий гэсэн болгоомжлол иргэдэд буй юм.
О.Ундрах