Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалт явагдсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчдийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв.
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. 2011 оны БАЛДОРЖ шагналын тэргүүн байрыг “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Ж.Гангаа “Цагаан сарын үеэр л юм даг”, “Хялганат талын цагаан зээр хар цээр биш ээ” нийтлэлээрээ хүртэж байв.
Ж.ГАНГАА
Одоогоос хорин жилийн өмнө “Багш нарын өдөр”-ийн дараа “Малчдын сайн өдөр” гэсэн ажил мэргэжлийн чигийн бололтой, даруухан ёслолыг нам засгаас албан ёсоор мэдээлдэг байв. Тэр даруухан өдрийг бүх шатандаа анхааран хяналт шалгалтыг эрчимжүүлж, цэрэг, сургууль, албан байгууллагын чөлөө олголтыг зогсоон, эмнэлгийн актын бичигт хүртэл хяналт тавиад эхэлдэгсэн. Энэ бол Цагаан сарын үе эхэлж буйн шинж. Ард түмнээс Цагаан сарыг нь салгаж хаяхын тулд Зөвлөлт Оросын нөлөөнд хэт автсан манай коммунистууд ингэж олон жил дайсагнасан. Хөөрхий нас дээр гарсан эцэг эхдээ жилдээ ганцхан удаа очоод золгох эрхгүй тийм эх оронд бид амьдардаг байж дээ.
Дараа нь сайн цаг ирж Цагаан сараа өргөн олноороо тэмдэглэдэг эрх чөлөөтэй боллоо. Гэвч сайн нэрийг бас л дуулсангүй. Цагаан сар дөхөхөөр юмны үнэ нэмэгдлээ, арай хавтгайрсан олон баярын дэргэд энэ бас юу вэ, ууцгүй, хэвийн боовгүй, нэгэндээ бэлэг гээд Эрээний хулхи бараа солилцолгүй тэмдэглэдэг болцгооё. Айл хэсэж ханиад тарааж байна. Нэгэндээ баянаа гайхуулж ядарсан бусдыг хөлдөө чирч байна. Хуучин цагт буюу манайхаас өөр оронд ийм балай баяр хийдэггүй байсан гэх мэт ухаалаг санаачилгууд энд тэндээс гарч, Цагаан сарын хар талыг олж нээх явдал бүр Д.Нацагдоржийн үеэс үүдэлтэй. Хүмүүс Цагаан сараа хийнэ үү, байна уу, хүн дуурайж хөөрөөд дараа нь гэрээ ломбарданд тавина уу яана ямар хамаа байна. Цагаан сараар яахыг нь хүртэл заадаг тэр солиотой нийгмийн үед ч иймэрхүү номлогчдын өөдөөс “Түй май чи” гэдэг байсан. Бүх нийтээрээ давлагаалж байгаа үйл явдлын өөдөөс ганцаараа гараа алдлаад зогсож болдоггүй юм. Газар нутаг, цаг агаар, бидний өнөөгийн амьдралын онцлогт яг тохирсон баяр бол Цагаан сар ба Цагаан сарын үе гэж бодогддог. Дэлхий дээр болдог бусад улс үндэстнүүдийн баяр бүжиг танц, дуу хуур, жагсаал цуглаан, уралдаан наадгай, салюттай болдог байхад манайх шаал өөр. Зориуд өвөрмөц болгох гэж тийм хөтөлбөрүүдийг хасаагүй, угаасаа амьдрал нь өөрөө тэгж наргих орон зай гаргадаггүй. Социализмын үед Цагаан сарыг устгах зорилгоор шинийн нэгэнд нийтийн бүжиг хийх гэж яаж ч оролдоод бараагүй юмдаг.
Юмс элбэгшиж улам амарчлагдах тусам амьдрал яахав сайхан л болж байна. Амьдрах хэтэрхий амархан болчихоор амт, үнэр, хөлс болон өөр гоё наргиантай драмууд алга болчих нь нэн уйтгартай. Одооны Цагаан сард ийм байдал харагдаад байгаа юм. Мөнгө нь байвал сар шинийн баяр зүдэх юмгүй бэлэн. Мөнгө нь байхгүй бол бүүр амархан. Хийхээ л больчихно биз. Эцсийн эцэст Цагаан сар хийсэн ч утгагүй, хийгээгүй ч утгагүй болох тийм гунигтай цаг үе рүү шилжих гээд байна. Энэ том утгаараа амьдралыг өөрийг нь баясал сонирхолгүй болгочих вий дээ. Хаашаа юм. Бид зөвхөн ажил хийх зориулалтаар төрсөн улс арай ч биш байх. Тийм байлаа ч гэсэн хахир өвлийн урт шөнүүдэд Монгол нутагт хийх ямар ажил байдаг юм. Заримдаа сайхан амарч, дулаан гэр орондоо алхайн хэвтэхээс өөр ажилгүй болох үе ч бас бий. Хаваржаандаа гарч, малаа төллүүлэн, тариа ногоогоо тарьцгаан цөм завгүй болохын өмнөх хүлээлтийн хэсэг хугацааг Цагаан сар гэж явсаар байгаад нэг мэдэхэд өнгөрөөсөн байдаг. Амьдралын уламжлалт ийм хэв маяг орчин цагт их өөр болсон ч өвлийн улирал, цаг агаар хоёрыг өөрчилж чадаагүйгээс хойш хуучинтай ялгаа юун. Үлгэрийг өвөөгөөс биш, интернэтээс сонсож буй нь тийм гайхамшигтай хөгжил, өөрчлөлт биш.
Цагаан сар нь талбай, жин, цаг хугацааны хязгаар байхгүй хүч үздэг үндэсний бөхийн барилдаан шигээ урт удаан үргэлжилдэг цогц баяр юм. Гадаадын жуулчинд тайлбарлаж байгаа юм шиг ингэж бичих нь уг нь илүү үг л дээ.
Бидний багад Цагаан сар дөхсөний анхны дохио бол бууз, баншаа хийх зар түгдэгсэн. Ёстой гоё. Тэднийх орой ирж гурил элдэж өгөөрэй гэвэл бөөн баяр. Цагаан сарын бууз, баншийг шөнө хийж хөлдөөх ба голлох үүргийг олон хүүхдийн хүчээр нугалдаг. Ингээд байсгээд л нэгнийдээ цугларан галын дэргэд чөтгөр, шулмасаас өгсүүлээд од гариг, ертөнцийн тухай хүртэлх эцэс төгсгөлгүй яриаг ах, эгч нарынхаа амнаас сонсон суух нэн жаргалтай.
Бууз чимхэлтийн үеэр хөөрхөн, хөөрхөн ёс заншлууд болно оо. Анхны жигнүүр буузнаас мөнгө, торго, будаа энэ тэр таарвал азтай. Залуу гэр бүлийн ах нар онгирон хүүхдүүдэд эцэг, эхээс далд байгаа дээр нь нууж бараашиг аягална. Хүүхэд байхдаа яадаг байснаа дурсан ярьж хөхрөлдөцгөөнө.
Дараа нь удалгүй хэвийн боовоо хийх ажлын баяр залгана. Аль эрт хоршооноос аваад жоорлосон цав цагаан гурил оруулж ирээд зуурна даа. Аавыгаа гал тогооны ажилд ямар мундгийг анх удаа хараад гайхаж билээ. Амьдралдаа ганц гамбир ч хайрч байгаагүй мань эр бүх юмыг ухаалаг, төгс төгөлдөр хийж гүйцэтгэх нь гайхалтай. Энэ нэр хүндтэй ажилд ээж бол шууд гологдоно. Ажаа минь гарч орж ирэх тоолондоо гараа нямбай гэгч нь угаагаад л, орц поорцыг нь жин тан тааруулж, хэвэнд цутгасан юм шиг адилхан бэмбийнүүд таслан гар гарт бариулаад нухуулна.
Авдраа ухан хадганд ороолттой нандин хэв, өөр бас хоёр саваа мод гаргаж ирээд эхний боовыг хэвлэн падхийтэл алгадан нэг сунгаад л тавина. Тогоотой тос халан дотор нь хийсэн боовон могой, самар нэг ил гарч, нэг далд орон шожигнон буцална. Боов хийдэг өдөр гэр төдийгүй хашаа нэлдээ “Талх чихэр” компанийн хажуугаар яваа юм шиг гоё боов ханхлаад арааны шүлс асгаруулна.
Шөнө дундаас эхэлсэн боов опперац тэр өдрийнхөө үдээс хойш сая өндөрлөдөг. Энэ удаад хүүхэд цөөн, томцуул зонхилсон бүрэлдэхүүн оролцдог. Бас л сайхан яриа хөөрөө, гэрийн халуун, хоолон дээр задалсан “ганц юм” хоёр нийлээд хүмүүсийг улаа бутруулан улам сайхан ааштай болгоно. За хө, тэгье хө, ингэе ээ хө л гэсэн хүмүүс. Зүгээр архидаад, дуу дуулаад орилолдож байгаа улс биш, маш чухал ажил хийж байгаа болохоор ингээд тарахгүй суугаад байгаасай гэмээр. Цагаан сарын боов, бууз, баншны ажилд дуудагдах нь томоохон нэр хүндийн асуудал. Муу энергитэй хүнээр ажлаа туслуулбал боов түүхийрэхээс эхлээд муу ёрууд салахгүй.
Авгай хүүхнүүдийн дунд дээл, хувцас оёхдоо хорших нөр ажлууд бас явагдана. Тэнд бас өөрийн гэсэн дэс дараалал, баяр гуниг өрнөдөг нь тодорхой. Баярт зориулж нэгнийдээ хамтын бүтээл туурвих нь “Цагаан сар ба хар нулимс” биш, баярын өмнөх баяр л болдог байсан ш дээ. Монголчууд идэр гурван есийн урт шөнийг ийн өнгөрүүлцгээнэ.
За тэгээд битүүний ууц чанах, идээ тавгаа засах зэргийг ярих ч юм биш. Битүүний урд өдөр айлууд гаднаа адуугаа хурааж ирнэ. Намар гүү тавьснаас хойш барааг нь хараагүй морьдын зүс танигдахын аргагүй өөрчлөгдөн эргээд зэрлэг амьтан болчихоо юу гэмээр тачигналдан хашаа хороо нураана. Сараар унах гэж барьсан морьд энд тэндгүй уяан дээр тогтож ядан эргэлдэн цавчилж, хангинатал янцгаалдах нь Цагаан сарын шинийн нэгэн тэнгэр бурхнаас айсуй гэлтэй. Цасан дээгүүр хөөцөлдөн өдрийг барах банхар маань хүртэл нэг үйл явдал болох гээд байгааг гадарлан баяртайгаар зөөлөн гасалж хов хүргэнэ.
Аливаа баяр дараа өдрөөс хуучирдаг бол Цагаан сарын золголт манайд хэн ирнэ тэр тоолонд ёслолоо эхнээс нь үргэлжлүүлэх эцэс төгсгөлгүй. Айл гэр л болсон хойно аав, ээж хоёр хэг ёг хийгээд сууж байхад нь золгохоор гаднаас хүн ирэхэд уур уцаараа хойш тавихгүй гээд яахав. Тэгээд харилцан бэлгэ дэмбэрлийн үг хэлэлцсээр байгаад түүндээ уусан дорхноо уярна. Гэрийн доторх эд хогшил хүртэл өнгө орох мэт тунгалагшина. Түрүүхэн “Түлээ оруулаад ир гэж хэд хэлүүлдэг лүд вэ чи” гэж байсан ээж зочноо дагаад боловсорчихсон “Миний хүү, ижийдээ нэг завандаа түлээ дөхүүлчихээрэй хөө...” гэх жишээтэй.
Гэхдээ амьдрал тарчиг үед сар шинэдээ бэлдэх нь харзны хүйтэн ус руу өвлөөр нүцгэн үсрэх гэж буй мэт олон айл халгадаг байсаан. Нэгэнт золгуут эхэлсний дараагаас хойш хүүхдээсээ томцуул нь бүр илүү хөөрөн догдолж ойрд уулзаагүй садан төрлөө өссөн өндөр сайхан болсныг нь, өтлөөгүй ануухнаараа байгааг нь гайхацгаан жинхэнээсээ баярлацгаана. Олны сайхан ерөөлд байгаль дэлхий хүртэл уярдаг ч юмуу, санаа дагаад тэр үү, удтал хүлээсэн хаврын тогтуун налгар өдөр шинийн нэгний өглөө босоход хүрээд ирчихсэн байдаг даа. Тэр өдрүүдэд ер барагддаггүй хөдөөний бахь идээ ажлуудыг хэн нэгэн нь хийгээд өгчихсөн мэт сул чөлөөтэй болцгоон аз жаргал амтагдана. Шинийн гурванд тавгаа хураах үед жаахан гуниг төрж тэрнээс цааш Цагаан өвлийн цагаан сар оочин цоочин цоохортсоор зургаан сарын бантан гэхэд аль хэдийн сураг алдарна. Өвөл, жавар, цас гурвыг амжилттай даван туулж ард хоцорсныг амбаарт байгаа бууз гэсэн наалдаж, хураасан битүүлэгнээс шүүс дусах урин дулаан цаг хэлж өгнө. Одоо гэрийн мухар сахин хоцрох, гал түлж, бууз чимхэх сонирхолтой биш болж, цөм гадаа гарцгаана. Өдөр гэрт ороход тас харанхуйлж өөдөөс чийг даана.
Бөмбөрцгийн энэ хэсэг дайдад өвөл эхлэхээс өмнө шувууд дайжин зугтаж, амьтас хөрсөнд ичиж шурган, хөр цас, хүйтэн жавар дор монгол хүн, морь хоёр л торойн нутгаа сахин хоцорсон байлаа. Мянга мянган жил ийм л байсан, байсан юм чинь байж л таараа. Адуу туурайгаараа цас малтан хойд энгэрт тургилна. Хүмүүс шувуудын араас нисээгүй, баавгайны хойноос газрын гав руу шургаагүй. Дулаан цаг ирэхийг хүлээн гадаа ажлаа зогсоож, гэр зуураа. Энэ үед өдөр хоногуудыг хурдан бөгөөд сайхан өнгөрөөхийн тулд Цагаан сарыг зохиосон болов уу. Харин дараа нь залгуулаад “Март”-лах зав ч гарахгүй, бэл ч дууссан байна.
Шувууд ирж, ичигсэд хөдлөхөд хээр талд адуу унагална, бид намар орхисон ажил дээрээ эргэж ирцгээнэ. Одоо баяр хэрэггүй. Наргиж болсон. Сайхан байлаа.
Цагаан сарын үеэр л юмдаг... хэмээн эхлэх монгол эр хүний дуртгалууд тийм нэг гэгээн явдлыг хүүрнэсэн байх нь дандаа.
Хялганат талын цагаан зээр хар цээр биш ээ
Хөөрхий амьтан. Намар оройн хатсан хамхуул, өгөр гандуу зээр хоёрыг хорвоо ямар даахгүй гэх биш дээ. Зэрэглээ хүртэл дээрэлхэн дээш доош нь шидэлдэг зээрийн амьдрал нэн өрөвдөлтэй, ядуугийн туйл билээ.
Амьтан л болсон хойно зайлуул, өөртөө таарсан мөрөөдөл далд ухамсартаа тээж явдаг л байх. Араатнаас айлгүй ганц удаа бүтэн нойртой хонож үзэх юмсан. Элчилгүй ээрэм талд минь балгахан ус байдаг ч болоосой. Өдөржин шөнөжин шилбүүрдэн хөөх хөх салхины доор хором бохисхийгээд авах малгайн чинээ нөмөр олдоосой билээ. Бодол гэж байдаг бол энэ хүрээд л зогсох төдий өчүүхэн.
Хорвоо зөвхөн чинийх шүү гээд өмчилж өгсөн хялганат талдаа хулгайч шиг түгшиж амьдрах юутай шударга бус. Үүрээр дагжин чичирч огло харайна. Өмнөх өдрөөс улам хол харайж үйлийн үртэй биеэ амьд авч үлдэхийн төлөө зүтгэнэ. Мянга мянгаараа нийллээ ч өмөг түшиг болчих сүргийн эзэн сүрхий ооно гэж үгүй. Эр эмгүй цөмөөрөө уяхан туяхан, уйлсан уруудсан бөөн хамхуулууд. Жаднаас хурц хоёр шорон эвэр бурхнаас заяасан ч юунд хэрэглэхийг нь хэлж өгөөгүй. Юун чононы өөдөөс дайрах манатай. Цагаан зээрийн өдий хүртэл амьд оршсоор ирсний учир юун гэвэл хэнд ч гай болохгүй дэндүү мөрөөрөө явсных нь их буян бөлгөө. Хоёр өвс тааралдвал нэгийг нь, нэг өвс байвал хагасыг нь үлдээж, тал нутгаа там болгодоггүй элэг зөв амьтан ш дээ. Энэ амьтны эрлэг номун хаан нь дээхнэ үед цэргийн ангийн машин унасан согтуу, галзуу цэрэг, ахлагчид байлаа. Тэд зээрийн сүрэг рүү байлдааны хүчихэг буугаар гал нээж цусанд нь будаж зугаагаа гаргадаг байсан юм. Дорнод талд үе үе болдог энэ аллагын дараа эхийгээ босоод ирнэ гээд тормойтол хүлээх янзага, гэдсээ хөвүүлсэн, хөлөө санжуулсан эрэмдэг амьтдаар тал дүүрч, салхи ёолж, элэг эмтрэм эмгэнэл үлдээдэгсэн. Тэнд зөвхөн согтуу хал цэрэг л ганцаараа тас тас хөхрөн бахаа хангах нь зүүдэнд хадагдана. Амьтны амийг таслахад худлаа ч гэсэн шалтаг гардаг бол зээрэнд хэлэх үг олддоггүй. Бэлчээр талхалсан, булаалдсан гэлтэй биш. Махыг хүнсэнд гэх боловч арвигүй энэ тураг махаар өвлийн идшээ базаадаг хүн гэж үгүй. Элдүүр даахгүй арьс нь гутлын ул үрэхэд ч нэмэргүй. Амьд амьтан үхэхийг л үзэх төдий шалтгаар цагаан зээрийг улаан зээр болтол хядсан нь арай л элэг барьсан явдал юм.
Нэг зээр чонын хоол болон болтлоо юутай их зовлонг туулдаг гэж санана. Хавар орой төрсөн янзагаар тал тэр чигээрээ хооллоно. Үнэг, хярс, элээ, шаазгай хүртэл “нялх ногоо” идэж тэнхрэхээр янзаганы анд оролцдог. Таван сарын сүүлээс долоон сарын дунд хүртэлх чилийсэн хоёр сарын хооронд айлсан сүрэглэсэн зээр хамаг янзагаа алдаж дуусдаг юм билээ. Бид сувай шаргачин гээд нэгэн сайхан амьтан байдаг шиг ярьж, дуулдаг ч билүү. Сувай шаргачин нь аборт хийлгээд гунхаж яваа залуу хүүхнээс тэс өмнөө алаг нүдэндээ дүүрэн нулимстай эцэнхий бөгтөр гөрөөс юм. Шаргачингууд нэг дор цугларч бөөн бөөнөөрөө төрцгөөдөг. “Жирэмсэн” гөрөөсийг эртнээс даган шиншилж яваа араатнаас үр төлөө нуухын тулд хэвтээд босохын зуур бушуухан амаржаад бутны уг руу янзагаа шургуулаад зугтан оддог. Хорвоод сая мэндэлсэн янзага төрсөн эхний секундээсээ эхлэн тэнгэрт дуугаа хадааж орилохын оронд амьсгалаа түгжин хэдэн цагаар хөдөлгөөнгүй бүгэх зохилдлогоотой.
Хавар Тосон Хулстайн талаар явж үзэх юм бол үхсэн амьд нь мэдэгдэхгүй гөлийсөн зээрийн нялх зулзага энд тэндгүй хэвтэж байдаг. Эх нь зугтлаа гээд тийм ч хол явчихгүй. Тэрүүхэн тэндээ цомцогноод нүд салахгүй. Харин хөгшин муур зээрний нүдийг дагуулж хараад “Аа энд л нуусан аж” гэсэн шиг янзагыг дор нь суйлаад зуугаад явчихна. Хөөрхий зээр хөлөө газар дэвсэн, хамраа тачигнуулан арай үсээ л зулгааж чадахгүй юм даа. Түүнийг ийн гашуудаж байхад янзага барьсан араатан нүдэн дээр нь үрийг нь амьдаар нь тамлаж, өөрийнхөө зулзаганд зээр агнах хичээл заацгаадаг. Энэ бол хялганат талын өдөр болгон тохиолддог амьдрал юм. Юутай ч намар гэхэд олны олон гэсэндээ тал бүрхсэн зээрийн сүрэг өсөж өндийх боловч зовлон дуусахгүй.
Монголын нийт нутгийн 70 хувийг цөл болтол нь мэрсэн 50 сая гаран мал сүргийн зах Дорнод Монголын тал руу цутган орж ирлээ. Тэнд бүр Төв, Дорноговь, Говьсүмбэр, Дундговийн оторчид хүртэл нүүн очсон. Дагаад малын гаралтай төрөл бүрийн өвчин тахал нүүрлэх боллоо. Хамгийн гаслантай нь малаас бус, зээрнээс шүлхий өвчин тарлаа гэсэн цуу тарав. Шүлхий тараасан гээд зээрийг зуу зуугаар нь буудан хөнөөж эхлэв. Санаа муут яван хатна гэгчээр тэнд одоо зээр ч үгүй, мал ч үгүй болох нь шиг байна. Цагаан зээр нь хонь, ямаанаас өөр төрөл, адуу, үхрээс бүр ондоо амьтан болохоор тэр болгон малтай ойр дотносож, шүлстэй хошуу амаа нийлүүлээд янаглаад байх нь юу л бол. Ер нь бол зээрэндээ л Афганистанд Зөвлөлтийн цэрэг орчихсонтой адил юм болчихоод байгаа аж. Евразийг дамнасан хэдэн мянган километр үргэлжилсэн их талд сүүлийн зуун жилийн дотор хот балгад, зам харгуй, мал тариалан хөгжүүлсээр сул газаргүй болгосон. Дорнод Монголын хялганат тал нь дэлхий дээр үлдээд байгаа хамгийн сүүлчийн онгон тал хээр юм. Дэлхий анх ийм байсан юм гэдгийг хүн төрөлхтөн зөвхөн эндээс л бодитоор нь олж хардаг ховор нутаг л даа. Хялганын толгой дээгүүр зээрийн сүрэг зэрэглээтэн хөвөхийг үзэх гэж, аниргүйн дунд алжаалаасаа салах гэж жуулчид мөнгөө гарздан зорих хэрэгцээ нэмэгдэж байгаа. Түүнээс бус, тарган хонины хорхог идэх гэж, энд үнээ мөөрөхийг сонсох гэж очдог хэн байх билээ.
элхийн цаг агаарын таагүй байдал энд ч бас нөлөөлж, ган зуд нүүрлэн байгалийн аюулт үзэгдэл болсоор байна. Хамгийн аймшигтай нь талын түймэр. Намар, хаврын цагт хатаж өөрөө шатах нь холгүй болсон хуурай их өвсөнд ганц чүдэнз алдахад л их тал тэр чигээрээ оволзон дүрэлзэж газар дээр байгаа бүхнийг устгаж байна. Зээрийг ч мөн ялгаагүй. Бас шүлхийний шүлс гэж байдаг бол хамт шатдаггүй юм гэхэд хатах нь тодор-хой. Харин хамгийн түрүүнд мал, малчин хоёр энэ аюулд өртөх байнгын түгшүүртэй.
Энэ бүх эрсдэлийн дэргэд хэдэн зээр бол цээр сэжиг биш. Юу ч биш юм. Тэднийг өмөөрөх хүчингүйгээр нь янз бүрийн мэргэжлийнхэн, хэн дуртай нь илт дээрэлхэж байгаа нь нэн харамсалтай.
Хэрэв зээрнээс болж шүлхий өвчин гарсан бол эхлээд зээртэй нутгаас өөрсдөө гарч малаа хариулах ёстой байх. Галзуу чоно шиг мал, хүн хоёр дээр давхиад ирдэг зээр гэж үгүй. Дараагийн өөр хувилбар бол талд бэлчиж яваа бүх зээрийг устгаад оронд нь малаа тавьж бэлчээх тухай. Энэ бол их амархан. Угаасаа устаж байгаа хэдэн зээрийг “АК”-тай хэдэн цэрэг гаргаад л долоо хоног пижигнүүлэхэд л гүйцээ. Гагцхүү дараа нь үүсэх үр дагавар, дараа нь өрнөх үйлийн үр хоёрыг хэрхэн давж гарах асуудал бий. Даян дэлхийн байгаль хамгаалах байгууллагад юу гэхэв. Уул, талын лус савдгийг хэрхэн тахиж, ямар маани уншиж аргаддаг юм бүү мэд. Хожим ямар ашиг олох, олохгүй бол хариуцлага хү лээх этгээд хэн байх зэргийг өнөөдөр тооцож үзсэн юм алга. Тэр байтугай асуудалд ач холбогдол өгөхөө болиод дөжирчихсөн нийгэм цагаан зээрийн хувь тавиланг хар цээр болгон хэрчиж орхилоо. Хөөрхий дөө.