Цахим технологийн хөгжил нь харилцаа холбооны салбарт “хувьсгал” хийж, олон салбарын эдийн засгийн өсөлтийг хурдасган, үүнийг дагаад хүмүүсийн амьдралын чанар ч сайжирч буй. Гэвч мэдээлэл, өгөгдлийг их хэмжээгээр цуглуулан хадгалж, боловсруулан ашиглах үндсэн зорилготой ажилладаг цахим технологиуд хүний эрх, эрх чөлөөний ноцтой эрсдэл дагуулсаар байдгийг иргэд тэр бүр мэддэггүй. Ялангуяа өнөөгийн нийгэмд хүний хувийн мэдээлэл бүртгэгдэхгүй орон зай гэж бараг үгүй болсон. Ийм эрсдэлтэй нөхцөлд иргэнийхээ бүх л мэдээллийг хамгаалах үүрэгтэй төр нь цахим шилжилт нэрийн дор хүний эрхийн зөрчил үүсгээд зогсохгүй хувийн нууцад нь бүдүүлгээр халддаг байвал яах вэ. Тэгвэл яг энэ асуудлыг Хү ний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ынхон сүү лийн хоёр жил судалж, эдүгээ урьдчилсан байдлаар үр дүнгээ хэлэлцүүлээд буй юм.
Хувийн нууц, орон зай, мэдээлэл зэрэг нь чанд хамгаалагдсанаар хүн халдашгүй, дархан, эрх чөлөөтэй оршихын үндэс болдог. Гэвч манай улсад цахим технологиор мэдээлэл цуглуулж, дамжуулах тогтолцоо бодлогын хувьд шинэ, хөгжлийн эхэн шатандаа буюу хууль, тогтоомжийнх нь хэрэгжилт тун хангалтгүй, ялангуяа хүний эрхийн эрсдэлийг бүрэн тооцохгүй, нэн шаардлагатай хамгаалалтын арга хэмжээг авахгүй байгааг ХЭҮКынхон “Хүний эрх ба технологи” олон нийтийн хяналт шалгалтаараа ил болгоод байна. Албан ёсны дүгнэлтийг ирэх сарын сүүлчээр олон нийтэд танилцуулах бөгөөд бид зарим зүйлийг тус комиссын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Замилангаас тодруулсан юм. Тэрбээр “Хүний эрх ба технологи” хяналт шалгалтыг 2023-2025 онд 12 салбарыг хамруулан 48 дэд зүйлийн хү рээнд олон улсын болон үндэсний экспертүү дийн оролцоотой явуулж дуусгалаа. Эхний үр дүн, зөвлөмжийг Монгол Улсын Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд тусгаад байна. Энэхүү хяналт шалгалтын хү рээнд 12 асуудлаар судалгаа, үнэлгээ хийсэн. Жишээлбэл, “И-Монголиа, иргэний бүртгэлийн цахимжилт дахь хүний эрхийн эрсдэлийн үнэлгээ”, “Харилцаа холбооны салбарт хүний хувийн мэдээллийг хамгаалж буй байдал”, “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагын механизмын үнэлгээ”, “Гүйцэтгэх ажиллагааны буюу хүнийг тагнах, мөшгөх боломжтой техник, хэрэгслийн ашиглалт ба хүний эрх”, “Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, олон нийтийн газарт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор суурилуулсан хяналтын болон хөдөлгөөнт камерыг ашиглаж буй байдалд хү ний эрхийн эрсдэлийн үнэлгээ хийх”, “Эрүүл мэндийн салбарын цахимжилт ба хүний эрхийн эрсдэл” зэргийг үнэлсэн” гэлээ.

ДАМЖУУЛАГЧ ЭТГЭЭДҮҮД ИНГЭЖ ЭРХ ЗӨРЧДӨГ
Ерөнхийдөө төрийн үйлчилгээний нэгдсэн системүүдээр иргэний хувийн мэдээллийг цуглуулан дамжуулах, боловсруулж, ашиглахдаа хүний эрхийн зарчим баримталж байгаа, эсэхийг “И-Монголиа систем, иргэний бүртгэлийн цахимжилт дахь хүний эрхийн эрсдэлийн үнэлгээ” сэдэвт судалгаагаар тодруулжээ. Тэгэхэд наад зах нь хүний хувийн мэдээлэл дамжуулж буй гуравдагч этгээд ямар үүрэг, хариуцлага хүлээх тухай ойлголтгүй, эрх зүйн орчин бий ч шаардлагатай зүйл, заалт нь хангалтгүй, тэр хэрээр хүний эрхийн зөрчил үүсгэж буйг илрүүлсэн байна. Тухайлбал, хүний эмзэг, нууц мэдээлэлд хамаарах яс үндэс, угсаа гарвалийг цахимд бүртгэж, бусдад хяналтгүй дамжуулж байгаа нь энгийн л жишээ гэсэн юм. Түүнчлэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг 2021 онд шинэчлэн найруулахдаа холбогдох дүрэм журмыг өөрчлөөгүйгээс “Гэрэгэ”, “Киоск”, “Дан”, “И-Монголиа” зэрэг байгууллага төрийн үйлчилгээ, иргэдийн хувийн мэдээллийг дамжуулахдаа алдаа гаргасан ч хариуцлага огт хүлээдэггүй аж. Тиймээс хүний эрхийг хангаж ажиллахад хууль, тогтоомжийг нэмэхээс илүүтэй тодорхой болгох шаардлагатайг онцолсон.
Монгол Улсын Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн “Хүний эрх ба цахим технологи” хэмээх бүлэг сэдвийг дээрх олон нийтийн хяналт шалгалтын эхний үр дүнд суурилан, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 24.1.6 дахь заалтаар хүлээсэн чиг үүргийн хүрээнд боловсруулсан юм билээ. Төрийн цахим шилжилт дэх хүний эрхийн эдгээр нийтлэг зөрчлөөс гадна цахим эриний “газрын тос” гэгдэж буй хувийн мэдээллийг хамгаалах эрх зүйн үндсэн баталгаа болох Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хийдэл болон нийтлэг алдаа завхрал, хэрэгжилтийг ч судалж, сайжруулах арга замыг санал болгосон байна лээ.
Нэг үеэ бодвол манай улсын цахим засаглалын дэд бүтэц сайжирч, үйлчилгээний тоо, төрөл нь нэмэгдэн, нээлттэй байдалд нь ч тодорхой хэмжээнд ахиц гарч буй. Үүний нэг жишээ нь 2020 онд нэвтрүүлсэн “И-Монголиа” систем гэдгийг нийтээр мэдэх буй за. Тус системд 2025 оны байдлаар төрийн 88 орчим институцийн 1263, 21 аймгийн нутгийн захиргааны байгууллагын 1300 орчим үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлжээ. Системийг нэвтрүүлснээс хойш 1.99 сая хэрэглэгч 71 сая удаагийн үйлчилгээг цахимаар авч, нийт 1.4 их наяд төгрөг хэмнэсэн гэх тооцоолол бий. Энэ бүхний үр дүнд цахим засаглалын үзүүлэлтүүд ч өссөн. Гэвч Монголын мэдээллийн технологийн салбарын өрсөлдөх чадвар дэлхийн дунджаас доогуур хэвээрээ байна. Үүнд технологи нэвтрүүлэлт, хэрэглээний түвшин, мэдээллийн хамгаалалт, аюулгүй байдал хангалтгүй, өгөгдөлд шинжилгээ хийх, ашиглах чадвар хомс зэрэг нь голлон нөлөөлснийг “Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын 2024 оны тайлан”-д онцолжээ. Ялангуяа цахим засаглалын удирдлага, дэд бүтцийн хөгжүүлэлтэд хүний эрх, эрх чөлөөг хангах бодлого, үйл ажиллагаа орхигдсон гэжээ. 1990-ээд оноос хойш баталсан, ийм агуулгатай 70 орчим бодлогын баримт бичигтэй хэрнээ л шүү дээ. Уг нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хувь хүний мэдээллийг хамгаалах нь амин чухал гэж үзээд “Хуулиар зөвшөөрсөн болон тухайн хүний өөрийн зөвшөөрлөөс бусад тохиолдолд түүний тухай мэдээллийг цуглуулах, хадгалах, ашиглах, бусдад шилжүүлэхийг хориглосон” байдаг. Даанч үүнийг бүх шатанд хэрэгжүүлдэггүй, хянадаггүй, үр дүнг нь үнэлэлгүй өдий хүрчээ.
Цахим хөгжлийн талаарх дээрх 70 ор чим баримт бичигт яг үнэндээ хүний хувийн мэдээлэл, нууц, халдашгүй, чөлөөтэй байх, ялгаварлан гадуурхалт, хүнлэг бус харилцаанаас ангид байх зэрэг эрхийг хамгаалах, эрсдэлийг зохицуулах бодлого тусгагдаагүйг “Хү ний эрх ба технологи” олон нийтийн хяналт шалгалтаар ил болгожээ. Тиймээс цахимжилт нь зөвхөн нэг удаагийн үйл явц биш, тасралтгүй хөгжүүлж, аюулгүй, найдвартай байдлыг хангах нь чухал гэдгийг дурдсан байна.
ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭГЭЭР ХҮРТЭЛ МӨРДӨН МӨШГӨЖ БОЛЗОШГҮЙ
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах процесс нь явцуу хүрээтэй, хууль зөрчсөн тохиолдолд өмнө нь дурдсанчлан хүлээлгэх хариуцлага, албадлагын механизм алга байгаа нь асуудал дагуулсаар буй аж. Уг хуулийн хү рээнд батлах ёстой, тухайлбал “Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үед мэдээллийн аюулгүй байдлыг хангах шаардлага, үнэлгээ хийх зааварчилгаа, хадгалах технологид тавигдах шаардлага”-ыг өнөөг хүртэл батлаагүй байгаа гэнэ. Энэ нь цахим мэдээлэл хариуцагч байгууллагуудын хоорондын бодлого тогтворгүй, баталсныг нь хэрэгжүүлэхгүй, залгамж холбоогүй явж ирэх үндэс болжээ.
Мэдээлэл, харилцаа холбооны технологид тулгуурласан төрийн үйлчилгээний платформыг хөгжүүлэх ажлыг 2005 оноос эхлүүлсэн ч 15 жилийн дараа хэрэгжүүлсэн байдаг. Тиймдээ ч цахим хөгжлийн стратеги, хууль, тогтоомжийн мөн чанарт хүний эрхийг хамгаалах бодлого, үзэл санаа шингээгүй. Уг асуудлыг зөвхөн Хү ний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар зохицуулна гэж хайнга хандсанаас үндэсний цахим дэд бүтцийг бий болгогч байгууллагууд, албан тушаалтнууд тухайн технологийн шилжилтүүд дэх хүний эрхийн эрсдэлийг ойлгохгүй, үл тоомсорлох нь түгээмэл байгаа нь “Хүний эрх ба технологи” хяналт шалгалтаар ч ил болж. Жишээ нь, тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимаар олгох үйл явц нь хүнийг мөрдөн мөшгөх зэргээр халдашгүй, чөлөөтэй байх эрхэд нь халдаж болзошгүйг хэрэгжүү лэгч байгууллага огтхон ч тооцоолоогүй байсан гэх мэт олон асуудал буй аж. Цахим хэрэгсэл, сүлжээ, программ хангамж, алгоритмын системийг найдвартай, хүний эрхийн эрсдэлгүй ажиллуулах нь хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах гол үйл явц нь гэнэ.
Түүнчлэн ЦХИХХЯ-ны харьяанд ажилладаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв, “Үндэсний дата төв”, “Радио, телевизийн үндэсний сүлжээ”, Мэдээлэл холбооны сүлжээ, “И-Монгол академи”, Харилцаа холбооны зохицуулах хороо, “Монгол шуудан”, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл технологийн үндэсний парк” зэрэг байгууллагын чиг үүргүүд байнга давхацдаг, тэгсэн хэрнээ уялдаа холбоо муутай, зохицуулалтын механизмгүй байгааг ч илтгэлд дурдсан байна. Эдгээр нь Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан хүний халдашгүй, чөлөөтэй, хувийн нууц, мэдээллээ хамгаалуулах эрхийг хангаж, хамгаалахгүй байгаа юм. Тиймээс асуудлыг цахим хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусган, үр дүнтэй хэрэгжүүлэх нь дижитал эринд заавал хийх шинэчлэл гэдгийг ХЭҮК-оос анхаарууллаа.