Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанд Олон нийтийн хяналтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулсан байна. Төрийн байгууллага, нийтийн албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтын тогтолцоо бий болгох нь уг хуулийн төслийг боловсруулах шалтгаан болж буй аж. Тиймээс бие даасан хуулийн төсөл боловсруулж, төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн байгууллага, нийтийн албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх хөндлөнгийн зөвлөлийн хүрээ, хязгаар тогтоох талаар төсөлд тусгажээ. Хуулийн төслийг баталснаар төрд итгэх иргэдийн итгэл нэмэгдэж, төсвийн зарцуулалтад тавих олон нийтийн хяналт сайжрах, улмаар үргүй зардлыг бууруулах, авлигаас сэргийлэх боломжтой юм байна.
С.Уул