Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн ажлын албаны даргаар ажиллаж байсан О.Сийлэгмааг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг салбарын яамны Ёс зүйн хорооноос гаргажээ. Тэрбээр 2024 оны наймдугаар сард уг албан тушаалд томилогдсон юм. Үүнээс өмнө БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан аж.
О.Сийлэгмаа ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын БЗСгаас авсан зээлтэй холбоотой мэдээллийг өнгөрсөн оны аравдугаар сард сэтгүүлчдэд дэлгэсэн билээ. Сайд сургуулиа төгсөөгүй атлаа 2018 онд зээлээ чөлөөлүүлсэн байсан, гэхдээ 2023 онд төлсөн тухай тэрбээр ярьсан юм. Үүнээс нь үүдэн Ерөнхий сайд Г.Занданшатарын зүгээс түүнийг ажлаас чөлөөлөх чиглэлийг Боловсролын сайд П.Наранбаярт өгсөн тухай мэдээлж байв. Энэ талаар О.Сийлэгмаа тухайн үед “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу БЗС-гаас зээл авсан бүх хүний мэдээлэл ил тод, хэн ч асуухад би хариулах үүрэгтэй. Гэтэл үүнээс үүдэн төрийн албан хаагчийг дарамталж болохгүй” хэмээн ярьж байсан билээ. Тэгвэл дээрх чиглэл одоо ийнхүү ажил хэрэг болсон бололтой. Харин Боловсролын сайд П.Наранбаяр Ерөнхий сайдын хамт Хөвсгөл аймагт ажиллаж явна.
С.Уул