Жил гаруйн өмнө гитарчин, ая зохиогч Д.Өлзий-Орших (Өөжгий) өөрийнх нь нэр бүхий хэдэн бүтээлийг зөвшөөрөлгүй ашигласан тухай асуудлыг хөндсөн юм. Тэрбээр “The voice of mongolia” шоунд миний дууг миний зөвшөөрөлгүй дуулж. Энэ талаар хэлэнгүүт ер нь чиний дууг ард түмэн дуулж л байвал болоо юм биш үү гээд л хараах юм. Телевизийн шоу ашгийн төлөө байдаг биз дээ. Шоугаа IPTV-д тавьж, түүгээрээ мөнгө олно. Оролцогчидтойгоо 2-3 жилийн гэрээ байгуулж, энд тэнд баахан дуулуулна. Караоке ч ялгаагүй. Тэгвэл зохиолч бид яах юм бэ. Баяр ёслолоор өөрийнх нь зохиосон дуугаар бусад хүн ашиг олж байхад дууг бичиж, бүтээсэн нь оргүй хоосон хэвтэж байдаг юм. Буянаараа болог” хэмээсэн юм.
Зохиогчийн болон аж үйлдвэрийн өмчийн эрх манай улсад эрээгүй зөрчигдөөд удлаа. 2000-аад оны эхээр DVD-нд хуулсан хошин шогийн тоглолт, кино, клип борооны дараах мөөг шиг байв. Монголын кинотеатрт албан ёсоор нээлтээ хийгээгүй Холливудын киног хаанаас ч юм олоод “хар” зах дээр 1000-2000 төгрөгөөр худалддаг жишээтэй. Энэ нь сүүлийн үед “хулгайн” гэгдэх кино сайт болж зүсээ хувиргасан нь ч нууц биш билээ. Үүгээр тогтохгүй дэлхийн алдартай брэндүүдийн нэр хүндийг зальхай санаагаар ашиглаж, олноо хоногшсон барааны тэмдгийг нь дуурайсан хувцас, хэрэглэл, электрон төхөөрөмжийг үй олноор нь импортолсоор буй. Шоколадны үйлдвэрлэгч “Kit Kat”, “Snickers” брэндийн бүтээгдэхүүн нэгэн дэлгүүрт “Kat Kot”, “Snipers” нэрээр, спортын бараа үйлдвэрлэгч “Nike” нь “Mike” хэмээгдэж, “Adidas” нь “Adibas” болчихсон “тууж” явдаг. Уншигч та санаж буй бол одоогоос хэдэн сарын өмнө “ChatGPT”-гээр бүтээсэн “Ghibli studio”-гийн хэв маяг бүхий зургуудаар сошиалд давлагаалсан. Хиймэл оюунд тодорхой зааварчилгаа өгөөд л өөрийнхөө зургийг өхөөрдөм болгож байсан нь хүмүүсийн сонирхлыг ихээхэн татсан нь илт. Гэвч энэ нь зохиогчийн эрхийн ноцтой зөрчил гэдгийг олон нийт төдийлөн анзаараагүй юм.
Арванхоёрдугаар сард хүмүүс байгууллага, хамт олноороо шинэ жилийн баяр тэмдэглэх нь элбэг тул хамтлаг, дуучид, хөтлөгчид энэ цагт тун завгүй байдаг. Энэ талаар нэгэн иргэн цахим сүлжээнд “Ковер дуулдаг хамтлаг, дуучин олширч байгааг буруутгахгүй ч яагаад хэн нь ч бусдаас зөвшөөрөл авдаггүй юм бол. Бүтээлээ өөрөөрөө “овоглодог” дуучин нь дэргэд байхад ичиж эмээхгүйгээр дуулчихдаг гэж байгаа. Бусдын оюуны бүтээлийг ашиглан орлого олж буй л бол зохиогчийн эрх эзэмшигчид тодорхой хэмжээний төлбөр төлөх ёстой. Эрх эзэмшигчдийн эрхийг хамгаалдаг байгууллага “амьд” уу. Урлагийнхан хэзээ өөрсдийнхөө оюуны бүтээлээ бодитоор үнэлж, түүнээсээ орлого олдог болох вэ” хэмээжээ. Эдгээр жишээ бол бусдын оюуны өмчийн эрхийг зөрчиж буй тохиолдлуудаас цухасхан дурдсан нь. Манай улсад бусдын оюуны өмчид хүндэтгэлтэй хандах соёл дутмаг төдийгүй уг зөрчилд тооцох хариуцлага сул, эзэмшигчийн эдийн засгийн эрх ашгийг хамгаалах хууль зүйн орчин хангалтгүй байна. Түүнчлэн эзэмшигчийн хүсэлтээр зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн бүтээлийг бүртгэх, гэрчилгээ олгох, бүтээлийн сан үүсгэх ажил “орхигдсон”-той олон хүн санал нийлнэ.
ЗОХИОГЧИЙН ЭРХЭЭ ХАМГААЛУУЛАХ НЬ ДУТМАГ БАЙНА
Зохиогчийн эрх гэгчийг тайлбарлахаас өмнө үүнтэй ижил агуулгатай хэд хэдэн ойлголтыг ялгаж салгах нь зүй. Оюуны өмчийн эрхээр хамгаалагдах бүтээл, түүнийг хамгаалах зарчим, байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тогтоох, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулдаг Оюуны өмчийн тухай хууль манай улсад “нутагшаад” удаагүй байна. Үүнд заасанчлан “оюуны өмч” гэж оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон зохиогчийн эрхийн бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объект болон аж үйлдвэрийн өмчийг ойлгоно гэжээ. Харин оюуны өмчийн эрхийг дотор нь зохиогчийн болон аж үйлдвэрийн өмчийн эрх (шинэ бүтээл, бүтээгдэхүүний ашигтай загвар, барааны тэмдэг гэх мэт) гэж хуваадаг. Зохиогчийн эрхэд гол төлөв урлагийн бүтээл хамаарна. Өөрөөр хэлбэл, оюуны өмчийн харилцааг эл хуулиар төдийгүй Зохиогчийн эрхийн, Барааны тэмдэг, газар зүйн заалтын, Патентын зэрэг бусад материаллаг хуулиар зохицуулж буй юм. Түүнчлэн энэ төрлийн маргаанд Зөрчлийн тухай болон Эрүүгийн, Иргэний хуулиар хариуцлага тооцох боломж манайд бий. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 18.17 дугаар зүйлд “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчиж бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, худалдсан, түгээсэн, улсын хилээр нэвтрүүлсний улмаас зохиогч, эрх эзэмшигчид их хэмжээний хохирол учруулсан бол 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Харин Зөрчлийн тухай хуульд “Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэснийг энд сануулахад илүүдэхгүй.
Компьютерын программ, жүжиг, бүжиг, уран нугаралт, шинжлэх ухаан, утга зохиолын аман болон бичмэл бүх төрлийн бүтээл, хөгжмийн урлагийн үгтэй болон үггүй бүх төрлийн дуу, аялгуу, дүрслэх урлаг, уран баримал, график урлагийн туурвил, эдгээрийн зураг төсөл тэргүүтэй 13 төрлийн оюуны сан хөмрөгийг Зохиогчийн эрхээр хамгаалахыг тусгасан. Шүүхийн шийдвэрийн цахим сангаас шүүж харвал 2020 оноос хойш Иргэний хэргийн анхан шатны шүүхийнхэн эл төрлийн маргаан ердөө 10-ыг л шийдвэрлэсэн байна. Харин Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн газар 2025 оны нэгдүгээр улиралд 63 өргөдөл, гомдол шийдвэрлэснээ дурдсанаас хэтэрсэнгүй. Үүнээс үзвэл зохиогчийн эрх зөрчигдөх асуудал эргэн тойрноо түгээмэл байгаа ч зохиогчид өөрийн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах нь тун бага төдийгүй сайн дураар өөрийн бүтээлээ оюуны өмчийн газар бүртгүүлж, өөриймшүүлэх нь хомс гэдгийг харж болно. Манай улс оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах орчин төлөвшөөгүй гэхэд буруудахгүй. Нэгэнт хамгаалагдсан оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулж, зохиогч, бүтээгчдэд үр шимийг нь хүртээх тухай асуудлыг тус хуулиудад тусгалгүй орхигдуулсныг зайлшгүй анхаарах шаардлагатай юм.
ОЮУНЫ ӨМЧИЙН ҮНЭЛГЭЭГ БАТАЛГААЖУУЛЪЯ
Одоогоос гурван жилийн өмнө болсон нэгэн хэлэлцүүлгийн үеэр Олон улсын мэргэшсэн үнэлгээчдийн холбооны гишүүн, хөрөнгө зуучлал, үнэлгээний мэргэжилтэн Б.Батсүрэн “Оюуны өмчийн үнэлгээг баталгаажуулах ажил манай улсад харьцангуй сүүлд буюу 2000-аад оны үеэс эхэлсэн. Үүнээс хойших хугацаанд ердөө 100 гаруй бүтээлийн үнэлгээг албан ёсоор баталгаажуулсан байна. Энэ нь зохиогчийн эрх, аж үйлдвэрийн өмч эзэмшиж буй хүмүүс бүтээлээ үнэлүүлэх гэж хичээдэггүй, мэргэжлийн түвшинд үнэлгээ хийдэг хүн ховор байдагтай холбоотой. Хөгжингүй орнууд биет бус хөрөнгийг үндэсний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хэрэгсэл, мэдлэгт суурилсан эдийн засгийн гол хөдөлгүүр гэж үзэн чухалчилдаг. Байгууллага, компани, корпорацуудын хөрөнгөд оюуны өмчийн эзлэх хувь хурдацтай өсөж байна. Уран бүтээлчид ч бүтээлээ бодитой үнэлж, зарж сурсан. Дийлэнх орны туршлагаас харахад үнэлгээний олон улсын стандартыг мөрдлөг болгохын зэрэгцээ өөрийн орны нийгэм, эдийн засгийн байдал, онцлогт тулгуурласан стандарт, журам, аргачлалыг хослуулан ашигладаг. Манай улсын хувьд оюуны өмчийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, олон улсын болон үндэсний үнэлгээний стандарт, аргачлалыг удирдлага болгоно гэж хуульчилсан ч яг таг баримталж, хэрэгжүүлж чадахгүй байна. Үнэлгээ хийдэг хүн бүр өөрийнхөө тааллаар өртөг тооцдог. Яг ижилхэн төрөлд хамаарах, үнэ цэн, ирээдүйн үр ашиг нь ойролцоо түвшинд байхуйц, нэг аргаар үнэлсэн хоёр бүтээлийг харьцуулахад л өртөг нь эрс тэс, стандартаас хол зөрөх тохиолдол түгээмэл. Энэ бүхнийг цэгцлэх шийдэл нь холбогдох хууль, стандарт дахь биет бус хөрөнгийн үнэлгээний аргачлалыг шинэчлэх. Мөн мэргэжлийн үнэлгээчдийг бэлтгэх тогтолцоог сайжруулах. Үүнийг зөвхөн хувийн байгууллагад даатгах бус, төр бодлогоор анхаарч, зохицуулах шаардлагатай. Түүнээс биш “Эдгээр стандарт, хуулийг баримтлан оюуны өмчийг үнэлнэ. Үнэлгээчдийг тэр байгууллага бэлтгэнэ” гэж хуульчлаад нэмэргүй. Аливаа харилцааг зохицуулахад бодлогын орчин буюу дэд бүтэц чухал. Манай улсад оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах орчин төлөвшөөгүй байна” хэмээн ярьсан юм.
Оюуны өмчийн харилцааг тодорхой хуулиудаар зохицуулаад цөөнгүй жилийн нүүр үзсэн атал өнөөдрийг хүртэл бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангүй, эрх эзэмшигчийн зөрчигдсөн эрхийг яаж сэргээх нь тодорхойгүй, зохиогч өөрийгөө хэрхэн хохирсныг шүүхэд хэрхэн нотлох нь эргэлзээтэй, хууль хоорондын уялдаагүй, иргэд нь зохиогчийн эрхэд “Юун сүртэй юм” хэмээн хандаж буй нь зохиогч өөрийн оюуны бүтээлээ хамгаалуулахад чөдөр тушаа болж байна. Энэ асуудлыг тойрсон эрх зүйн орчноо нэн тэргүүнд анхаарахгүй бол оюунаараа хоолоо олдог хүмүүс хохирсоор л байх вий.
Д.Хэрлэн