Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, Ховд аймгийн Мянгад сумын харьяат, “Алтайн шонхор” багийн харваач Д.Алтангэрэлийг наадамчин олон амжилтаар нь мэднэ. Тэрбээр тус багийнхнаас мөсөн сурын болон урианхай сурын харваанд улсын цол хүртсэн хоёр мэргэний нэг нь. Тэрбээр 2008 оноос сур харваатай нөхөрлөж, 2013 онд мөсөн сурын харвааны УАШТ-д анх оролцон IV байр эзлэн, улсын нягт харваач цол хүртсэн юм. Тэгвэл Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваанд 353 харваач цэц сориход тэрбээр 28 оноогоор тэргүүлж, урианхай сурын улсын мэргэн цол хүртсэн билээ. Түүнийг шинэ оны өмнө болсон мөсөн сурын харвааны нээлтийн тэмцээнд түрүүлж, алтан медаль гардахад нь зочноор урив.
-Та 2026 оныг амжилт дүүрэн угтлаа. Сур харваатай нөхөрлөсөн түүхээс тань яриа өрнүүлбэл илүү сонирхолтой байх болов уу?
-Шинэ он айлчлахаас хэдхэн хоногийн өмнө зохион байгуулсан мөсөн сурын харвааны нээлтийн тэмцээнийг Монголын өвлийг сонирхож харахаар ирсэн гадаадын жуулчид их үзлээ. Жил бүрийн хоёрдугаар сард болдог “Улаанбаатарын өвлийн наадам”-ын спортын төрөлд мөсөн сур, мөсний шагайн харваа багтдаг. Тус наадамд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1000 гаруй тамирчин оролцдог. Мөсөн сурын харваанд ОХУ-ын Буриад, ӨМӨЗО-ны Шинжаан Уйгур, Тува улсаас 100 гаруй харваач ирж, цэц сорьдог нь үзэгчдийн сонирхлыг их татдаг. Тэднээс Буриадын харваачид бэлтгэл сайн хийж, ана мана өрсөлддөг. Хэдийгээр харваачид өрсөлдөгч ч гэлээ сайхан нөхөрлөж, нэгийнхээ давуу талаас суралцдаг. Бид фэйсбүүк, инстаграмаар мэдээлэл солилцож, бэлтгэл сургуулилалтынхаа туршлагаас хуваалцах дуртай. Би 2008 оноос сур харваатай нөхөрлөж, 2013 онд мөсөн сурын УАШТ-д анх оролцон улсын нягт харваач болсон. Өнгөрсөн жил болсон олон улсын тэмцээнд 800 гаруй харваач өрсөлдөхөд V байр эзэлж байв. Шинэ оны өмнөхөн болсон нээлтийн тэмцээний цуваа харваанд түрүүлж, 2026 оныг амжилт дүүрэн угтсандаа сэтгэл өндөр байна. Мөсөн сурын харваа нь монгол үндэстний оюуны гайхамшигт сэтгэлгээ, ахуйн болон зан үйлийн гүн гүнзгий утга бүхий соёлын биет болон биет бус нандин өв, уламжлалыг хадгалдаг. Тиймээс ч өнөө цагт улам боловсронгуй болсноор монгол туургатны хүрээнд хөгжиж буй. Миний уугуул нутаг бол Баян-Өлгий аймгийн Булган сум. Би одоо Ховд аймагт ажиллаж, амьдардаг. Мөсөн сур харвааны багийн төрөлд төрөлх нутгийн маань “Мөнх цастын цэц 2” клубийн харваачид тэргүүн байрт шалгарч, лигийн тэмцээнд оролцох эрх авлаа.
-Үндэсний сур харваанд удам дамжсан харваач цөөнгүй бий. Та ч бас тэдний нэг гэдэгт эргэлзэхгүй байна.
-Тийм ээ. Аавын минь удамд алдартай мэргэн харваач байсныг нутгийн хөгшчүүл хуучлахыг цөөнгүй дуулсан. Багадаа өвөө, эмээгээсээ ч энэ талаар сонсож өссөн минь хожим харваач болоход их нөлөөлсөн дөө. Нутгийнхаа сур харвадаг ах нарыг харж, ур чадвар, амжилтаар нь бахархан энэ спортод хөл тавьсандаа баярладаг. Мөсөн сурын харваа болон урианхай сур харваа баруун аймгаас, тэр дундаас Баян-Өлгийн Булган сумаас гаралтай. Миний хувьд жилийн дөрвөн улиралд сур харвааны бэлтгэлээ базааж, өвөл, зуны тэмцээнд оролцдог болохоор зав бага гардаг. Сур харвааны нэг өвөрмөц төрөл бол мөсний сурын харваа. Үүгээр зөвхөн эрчүүд л цэц сорино. Нум, сум, харвах байны зай нь бусад харвааны төрлөөс өөр. Өвлийн улиралд болдог онцлогтой тул харваачдын хатуужил, тэвчээрийг маш их шалгадаг. Идэр ес эхэлсэн ид хүйтний тасхийм жаварт хэн их тэвчээр гаргаж харвана, тэр ялагчаар тодордог. Мөсөн дээр зузаан хувцастай олон цаг зогсож, хатуу нумаар харвах амаргүй. Үстэй дээл хүнд. Тэр хэрээр хурдан, шаламгай харвахад хөдөлгөөн саарна. Нум эвшээлгэж, сум тавихад 30 гаруй кг ачаа өргөх хэмжээний хүч чадал зарцуулдаг.
-Үндэсний сураар хичээллэдэг харваачдын олонх нь мөсөн сурын харваанд оролцож байгаа харагдах юм.
-Монголын залуус эртнээс дээдэлж ирсэн өв уламжлалаа өнөөг хүртэл хадгалж, хамгаалж ирсэн нь бахархууштай. Наадмаар үндэсний сур харвааг сонирхож үздэг гадаадын зочин олон. Аливаа улс өөрийн гэсэн түүх, өв соёл, үндэсний спорттой байна гэдэг гайхалтай. Сур харваагаар хичээллэсэн болгон хүссэн амжилтдаа хүрдэггүй. Зорилгынхоо төлөө маш их цаг хугацаа, хичээл зүтгэл, хөдөлмөр зарцуулдаг. Би харваачдаараа бахархдаг. Халуунд халж, хүйтэнд хөрч бэлтгэл хийхдээ хэцүү гэж хэзээ ч шантардаггүй. Энэ спортоос сурсан, мэдсэн бүхнээ хойч үедээ өвлүүлж байгаа нь харваачдын хувьд хамгийн сайхан бахархал юм.
-Шилдэг мэргэчүүд аймаг бүрээс ирж, мөсөн сурын харвааг сонирхолтой, өрсөлдөөнтэй болгодог нь үзэгчдийн анхаарлыг татдаг юм билээ.
-Аймаг бүр улсын цол хүртсэн мэргэн харваачидтай. Тэдний онооны хол зөрүүгүй харвах нь олныг огшоодог юм. Тэргүүн байрын төлөө өрсөлдсөн харваачдаас Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, “Өлгийн мэргэчүүд” багийн харваач, Монгол Улсын мэргэн Н.Алтансүх хамгийн хүчтэй нь байлаа. Тэрбээр 20 сум тавьснаас 17, би 18 онож түрүүллээ. Тэрбээр II байрын төлөө Ховд аймгийн Зэрэг сум, “Алтайн шонхор” багийн харваач Т.Билэгдэмбэрэлтэй товх харваж, III байр эзэлсэн. Н.Алтансүхийн амжилт гэнэт өгсөж, буурдаггүй. Бэлтгэлээ байнга хийдэг тул ямар ч харваанд эхний гурван байрт шалгардгаараа хүчтэй өрсөлдөгч болдог. Сүүлийн долоон жил улсын наадмын урианхай, халх сур харвааны түрүүг баруун аймгийн харваачид авлаа. Миний хувьд олон жил тууштай хичээллэсний үр дүнд 2023 оны Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваанд түрүүлж, улсын мэргэн цол хүртсэн.
-Мөсөн сурын харвааны нум, сум, харвах зай, техник бусад төрлөөсөө их өөр юм.
-Урианхай сур харвааны булцуу нь хөнгөн, шөвгөр байх тусмаа агаар, салхи зүсэж, хол явахдаа сайн. Тэгвэл мөсөн сурын булцуу нь өргөн, онож буй бай нь том, зангидсан сур байдаг. Оносон бай нь хойшоо өнхөрч, өртөөг давж байж оноонд тооцогдоно. Үүгээрээ сур харвааны төрлүүдээс өөр. Би мөсөн сурын харваанд олон жил оролцлоо. УАШТ-д тэргүүн байрын төлөө нэг бус удаа шалгарсан болохоор энэ удаа ч гэсэн тооцоололтой байсан. 1500 км зам туулж ирээд аварга болдоггүй юм гэхэд айрагдах байх гэсэн бодолтой ирсэн. Ажил ихтэй, завгүй, бэлтгэл тааруухан хийсэн болохоор түрүүлнэ гэсэн итгэл тухайн үед төрөөгүй. Харваачдын хувьд хамгийн том өрсөлдөгч нь өөрөө л байдаг юм.
-Монгол эрчүүдийн сур харвах, үндэсний хувцсаараа гоёх нь жуулчдын сонирхлыг их татдаг болох нь тэмцээний явцад анзаарагдсан.
-Үргэлж зунаараа байдаг орны хүмүүс Монголд ес эхэлсэн ч хүйтнээс эмээлгүй тэмүүлж ирдэг зүйлийн нэг нь мөсөн сурын харваа. Өвлийн цэвэр агаар, цас, мөс, эрс тэс уур амьсгал, орчин нөхцөлөөс гадна харваачдын тэртээх олон зуунаас улбаатай өв соёлоо өнөөг хүртэл тээж ирсэн ухаан, тэсвэр хатуужил, ур чадвар тэдний анхаарлыг их татдаг. Тиймдээ ч тэд жавар хургасан хөр цаснаар сур харвааны уухайнд хийморио сэргээхийг хүсдэг биз. Өвлийн харвааны үеэр нэг гадаад хүн нимгэн хувцастай, чичирч зогссон хэрнээ тэмцээнийг бүр хашхираад үзэж байв. Түүнд даарахаас илүү монголчуудын ид хүйтэнд мөсөн дээр сур харвах нь тун сонирхолтой санагдсан байх. Би тухайн үед “Хүйтнийг мэдэрч өсөөгүй хүн ингэж даарахыг бодвол тэмцээн дуусгалгүй тэгсхийгээд явах байлгүй” гэж бодсон. Тэгсэн тэрбээр хоёр цаг гаруй зогссон шүү. Монголын цэлмэг тэнгэр, байгалийн зүй тогтлыг харж, агаар, салхийг нь биеэрээ мэдрэх түүнд чухал байсан болов уу.
-Таны түрүүлэх, эсэхийг сүүлийн хоёр сум шийдэх байлаа. Яг тэр үед юу хамгийн их бодогдсон бэ?
-Нумны хөвчнөөс сүүлийн хоёр сумаа мултлахад тэмцээнд зүгээр нэг оролцох бус, зорилгоо биелүүлээд харих сан гэх бодол юу юунаас илүү төрсөн. Энэ удаа шавь нараа тэмцээнд оролцууллаа. Тэднээсээ нэгийг нь ч болов спортын цол, зэрэгт хүргэхийг их хичээсэн. Сүүлийн сумаа тавихын өмнө шавь минь харвахаар боссон. Тиймээс эхний сумаа тавьчихаад дараагийнхыг нь харвалгүй хүлээсэн. Дэд байрын төлөө товхолсон Т.Энхнаранг спортын мастер цолны болзол хангахад сэтгэл уужирч, сүүлийн сумаа харваж түрүүлсэн. Багш, шавь хоёр өнгөрсөн оны сүүлчийн тэмцээнд амжилттай цэц сорьж, медальтай нутаг буцсан. Харваачид тэмцээнд эхний сумаа хэрхэн тавьснаас дараагийнх нь шалтгаалдаг гэж ярьдаг. Өөрөө харвахын хажуугаар шавьдаа анхаарал хандуулж, медаль, цолноос атгуулчихаад зогсож байхдаа маш их бахархсан. Биднийг түрүүлж, үзүүрлэхэд нутгийнхан минь баяр хүргэж, урам хайрласан шүү.
-Таныг гарынхаа шавь нарыг бэлдэж эхэлснийг харваачдаас сонссон. Үнэн байх нь.
-Эрэгтэй, эмэгтэй 10 гаруй шавьтай. Дасгалжуулагч тамирчин бэлдэхээсээ өмнө өөрөө амжилтад хүрсэн байх ёстой. Үндэсний гэлтгүй харвааны бүх төрлөөр залуус сонирхож хичээллэдэг болсон. Харваа бүр онцлогтой. Тэр бүхнийг сурах авьяас, гярхай ухаан, ур чадвар, хичээл зүтгэл монгол залууст бий.
-Баруун аймагт нум, сум сайхан урладаг хүн олон биз?
-Бий бий. Манай гэрийн хойморт зургаан нум залаастай бий. Үүнээс хамгийн их хүч, бяр шаарддаг нь мөсөн сурын харвааных. Ямар ч харвааны тэмцээнд сэтгэлзүй, цаг агаарын байдал нөлөөлдөг. Тиймээс салхины зүг, чигийг сайтар тооцоолох нь зүйтэй. Үндэсний их баяр наадмаар харваачид эвэр элэгтэй, шөрмөсөн артай нумаар харвадаг. Зуны халуунд эвэр нум уярч, сэрүүнд хатуурна. Мөсөн сурын харвааны нумыг өвлийн улиралд тохируулж, хуванцар материалаар хийдэг. Эвэр нумаар өвөл харвадаггүй. Дийлээд харвасан ч нум гэмтэж хугарах магадлалтай.
Миний анхны нумыг Т.Батмөнх багш урласан. Баян-Өлгий аймгийн харьяат Г.Баянмөнхийн урласан нум, Ховд аймгийн харьяат Магсаржавын хийсэн сумаар харваж түрүүг авч, медальт байрт шалгарсан. Тэднээс Эрдэнэ-Оюугийн урласан эвэр нумаар 2023 оны улсын наадамд цэц сорьж, урианхай сур харвааны улсын мэргэн цол хүртэж байлаа. Тухайн харваачийг амжилт гаргахад хүрээлж буй найз нөхөд, гэр бүлийнх нь дэмжлэг, хандлага их нөлөөлдөг. Нутгийн ах нараас нум, сумыг маань тааруулан өгч, хэрхэн харвахыг зааж зөвлөсөн хүн бол Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, одоо Төв аймгийн Заамар сумд амьдардаг Н.Мөнхдалай ах. Бид байнга холбоотой байж, хол ойрын мэдээлэл хуваалцдаг юм.
-Баян-Өлгий аймгийн Булган сумыг мөсөн сурын харвааны өлгий нутаг гэдэг. Та спортын гараагаа үүгээр эхлүүлсэн үү?
-Би хүүхэд байхдаа мөсөн сурын харваагаар спортын гараагаа эхлүүлсэн. Түүнээс хойш урианхай, халх сураар хичээллэсэн. Манайх дөрвөн хүүхэдтэй. Хоёр хүү минь сур харвах сонирхолтой. Гэхдээ нумны хөвч татаж дийлэх насанд хараахан хүрээгүй байна. Би хөвгүүдээ 12 нас хүрэхээр нь үндэсний сур харваагаар хичээллүүлнэ. Эрэгтэй хүүхдийг 15 наснаас нь урианхай сур харвуулж сургах нь зөв. Бие бялдар нь сайн хөгжөөгүй, анхан шатны мэдэгдэхүүнгүй байхад нь хатуу нум татуулбал халширна. Эхнэр минь ч бас үндэсний сур харвааг их сонирхдог. Одоогоор хүүхдүүд минь балчир байна. Сур харваагаар хичээллэхэд нас хязгаарладаггүй. Хүүхдүүдээ бие даах насанд хүрэхээр эхнэрээ нум, сумтай нөхөрлүүлэх бодол бий.
-Дасгалжуулагчаар ажиллах амаргүй санагддаг уу?
-Шавь нартаа анхаарал хандуулахаар өөрийн бэлтгэл сургуулилалт хийх цаг багасдаг. Тамирчны карьер хөөвөл бэлтгэлдээ заваа зориулмаар байдаг. Шавь бэлтгэмээр байвал сурсан бүхнээ заах ёстой. Тиймээс удаан бодож байж ийм шийдвэр гаргасан. Хүнд хэрэг болох даацтай үг хэлдэг болсон үедээ шавьтай болно гэж боддог байлаа. Анх багшилсан үеэ бодвол одоо ажилдаа дассан. Ямар ч спортоор хичээллэсэн тууштай хөдөлмөрлөж байж амжилт гаргадаг. Зарим нэг нь хэдэн сар бэлтгэл хийгээд “Энэ миний хичээллэх спорт биш байна” гээд замын дундаас орхиход, “Би чадна” гэж хэлээд хичээдэг нь ч бий. Ер нь хичээсэн хүн л зорилгодоо хүрдэг.
-Сур харваа хүнд спорт. Танд ч гэсэн халширч байсан үе бий л байх.
-Шантарсан үедээ “Халуунд халж, хүйтэнд хөрч өөрийгөө яах гэж зовоогоод байгаа юм бол. Би ер нь ямар юм руу яваад орчихов оо” гэж эргэлзсэн удаа цөөнгүй. Унаж, босоод урагшлахад ханийн тус дэм, хамт олон, харваач найз нөхдийн урам, ах нарын хурцалж зоригжуулсан үг сурын спортод буцаан авчирч, амжилт гаргах жим болсон. Хүний тэсвэр хатуужил, зан чанарыг тал бүрээс нь шалгадаг спортын нэг бол сур харваа. Хэцүү бэрхшээлийг давж чадвал харва, чадахгүй бол замаа хөө гэдэг зарчимтай. Энэ нь бие, сэтгэл зүйн хувьд маш том шалгуур болдог.