Ховд аймгийн Мянгад сумын нутаг дахь газрын ховор элементийн Халзан бүрэгтэйн ордын хяналтын сонсголын тайланг энэ сарын 20-нд баталжээ. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сард төрийн албаныхан, төрийн бус байгууллага, орон нутгийн иргэд, хөндлөнгийн шинжээч зэрэг 130 гаруй хүн оролцон дээрх ордын хайгуулыг үргэлжлүүлэх, эсэх талаар хяналтын сонсгол зохион байгуулсан юм. Уг сонсголын мэдээллийг нэгтгэн хайгуулын шатанд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлээгүй, малын төлийн гажиг нь үүнээс шалтгаалаагүй, ус, хөрсний бохирдол илрээгүй гэдгийг нотолсон. Мөн өнгөрсөн хугацаанд тус ордыг ашиглаагүй, зөвхөн хайгуул хийж, нөөцийг өсгөх болон боловсруулалтын аргыг судалж, тодорхойлох ажил хийснийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар тогтоосон. Ингэснээр уг төслийн ажлыг ирэх хавраас үргэлжлүүлэх боломж бүрдэж, ордыг ашиглалтад шилжүүлэх үед технологийн усны хэрэглээг эцэслэн тооцоолох, эх үүсвэрийг тодорхойлох, усны нөөц, чанарыг хамгаалах зэрэг төлөвлөгөө боловсруулах зайлшгүй шаардлагатайг онцоллоо.
Ташрамд дурдахад, манай улсын хэмжээнд одоогоор газрын ховор элементийн ислийн нийт 3.1 сая тонн нөөц бүхий зургаан орд бүртгэгдэн, нөөцийн хэмжээгээр дэлхийд 15 дугаарт эрэмбэлэгдэж буй. Эдгээрээс Халзан бүрэгтэйн ордыг 1.2 сая тоннын нөөцтэй гэж урьдчилан тооцож, 2029 оноос олборлох төлөвлөгөөтэй байгаа юм.
С.Дулам