Мексик, Канад, АНУ-д болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтууд талдаа орж, хасагдах шатанд шалгарсан багуудын нэрс эхнээсээ тодорч байна. Мексик, АНУ, Герман, Франц, Норвег, Аргентин улс хэсгийн сүүлийн тоглолтоос үл хамааран, плей-оффт өрсөлдөх боллоо. Харин Иордан, Тунис, Хаити, Туркийн шигшээ баг хасагдаж, харих замдаа оров. Энэ жилийн ДАШТ-д 48 баг оролцож байгаа, гурван оронд зэрэг зохион байгуулсан зэрэг олон онцлог бий ч бас нэгэн гайхалтай амжилт байгаа нь өнөө цагийн бүх шилдэг довтлогч энд хуран цугларчээ. Лионель Месси, Килиан Мбаппе, Эрлинг Холанд нар энэ сарын 23- нд хэлэлцэн тохирсон мэт өрсөлдөгчийнхөө хаалгыг тус бүр хоёр бөмбөгөөр мялаалаа. Месси Австри, Мбаппе Ирак, Норвегийн баг Сенегалыг гомдоосон нь энэ. XXI зууны хамгийн шилдэг тоглогч Месси, шинэ үеийн довтлогчдын төлөөлөл болсон Килиан Мбаппе, Эрлинг Холанд нарын өрсөлдөөнд Английн Харри Кейн, Бразилын Винисиус Жуниор, Португалын Роналду, Египетийн Мохамед Салах нар нэмэгдэх нь дамжиггүй. Месси эхний хоёр тойрогт таван гоол оруулж, “Алтан пүүз” шагнал анх удаагаа авахад ойртсоор байна. Хэрэв Мбаппе тэргүүлбэл хоёр дахь удаагаа, харин Холанд түрүүлбэл анхны оролдлогоор авсан явдал болох юм.
Месси өчигдөр болсон Австрийн эсрэг тоглолтод хоёр гоол хийж, багаа ялалтад хөтөлсөн. Аргентины шигшээ хоёр ялж, хэсгээс гарах эрхээ авахад Месси бүх гоолыг нь оруулаад байгаа юм. Лионель Месси мөн хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд хамгийн олон бөмбөг оруулсан тоглогчоор албан ёсоор шалгарсан. Тэрбээр зургаан ДАШТ-д оролцохдоо 18 гоол хийгээд байна. Энэ нь Германы Клозег давж, ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн буучийн хэргэмийг зүүхэд хангалттай байлаа. Месси мөн зургаан удаа ДАШТ-ий плей-оффт шалгарсан цорын ганц хөлбөмбөгч гэдэг амжилтыг ч хүртсэн.