Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан шинэ тайлангаар олон улсад эрчим хүчний шилжилтийг хэмжих суурь үзүүлэлтүүд сайжирч, үнэлгээний дундаж оноо 57.3т хүрчээ. Харин Монгол Улс 45.3 оноогоор Азийн хөгжиж буй орнуудаас хамгийн хойно эрэмбэлэгдэж, сүүл мушгив. Сүүлийн жилүүдэд манай улсын эрэмбэ улам хойшилсоор байгаа бөгөөд 2024 онд тус индексэд 45.4 оноотойгоор 120 улсаас 116 дугаарт орсон бол 2025 онд 44.2 оноогоор 118 улсаас 115-д бичигдлээ.
Эрчим хүчний тогтолцооны гүйцэтгэл, Эрчим хүчний шилжилтэд бэлэн байдал гэсэн суурь хоёр үзүүлэлтээр улс орнуудыг дүгнэдэг. Монголын эрчим хүчний тогтолцоо 54.6 оноогоор үнэлэгдсэн ч шилжилтэд бэлэн байдлын хувьд ердөө 31.5 оноо авсан нь энэ чиглэлээрх бодлого, санхүүжилт, дэд бүтэц, инновац, хүний нөөц мэдэгдэхүйц сул байгааг харуулсан байна.
Парисын гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд Монгол Улс 2030 он гэхэд нийт суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 30-д хүргэхээр амласан юм. Одоогийн байдлаар энэ үзүүлэлт 20 хувь руу дөхсөн ч төслийн хөрөнгө оруулалтаа нөхөхөөргүй бага тариф, мөн нар, салхины эх үүсвэрээс сүлжээнд нийлүүлэх үнэ өртөг өндөр зэрэг нь зорилтоо биелүүлэхэд томоохон сорилт болох төлөвтэй.
Үүнээс гадна эрчим хүчтэй уялдах эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтэд Монгол Улсын оноо 7.9 хувиар буурчээ. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний хүртээмж, үнэ тарифын чиглэлд хийсэн сайжруулалт нь Монголд эдийн засгийн бодит үр ашиг болж хөрвөхгүй байгааг тайланд онцолсон байна.
Г.Сансар