ХБНГУ-ын Варендорф хотод зохион байгуулсан байт харвааны цэргийн дэлхийн аварга шалгаруулах тав дахь тэмцээнд манай улсаас Л.Батсайхан ахлагчтай “Алдар” спорт хорооны баг дасгалжуулагч Б.Ганзоригийн удирдлагад оролцож, 19 орны цэргийн 200 гаруй шилдэг тамирчинтай цэц сорилоо. Тэднээс эрэгтэйчүүдийн хувийн төрөлд спортын мастер Н.Мөнхбаатар түрүүлж, алтан медаль хүртэв. Түүний амжилтыг үргэлжлүүлж эмэгтэйчүүдээс Б.Мөнгөнчимэг хувийн төрөлд хүрэл медаль гарджээ. Түүнчлэн холимог багийн төрөлд Т.Бат, Б.Мөнгөнчимэг нар удаалсан бол Н.Мөнхбаатар, О.Халиунсайхан нар III байрт шалгарсан байна. Манайхан энэ удаа тус бүр нэг алт, мөнгө, хошой хүрэл медальтай тэмцээнээ өндөрлүүлжээ.