УИХ-аас 2024 оны зургаадугаар сарын 5-нд баталсан Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд өчигдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус сонсголоор хуулийн хэрэгжилтэд саад болж буй хүчин зүйлсийг тодорхойлж, чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааг дүгнэх юм. Хэлэлцүүлэгт төр болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс гадна 60 орчим малчин оролцож байна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар сонсголын үеэр “Энэхүү анхдагч хууль нь малчдын нийгмийн асуудлыг тодорхой түвшинд шийдвэрлэхээрээ чухал ач холбогдолтой. Харамсалтай нь, хэрэг жилт хангалтгүй байна. Хуулийг дагалдан гарах ёстой 11 журмын ихэнх нь батлагдаагүй. Улмаар эл хуулийг бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна. Үүний тод жишээ нь, малчид нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)-ээ нэг удаа нөхөн төлөх боломж одоо болтол бүрдээгүй явдал юм. Уг нь хуульд НДШ-ийг нэг удаа нөхөн төлөх заалтыг тусгаж, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр заасан” хэмээв.
Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэрийн талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Анар танилцууллаа. Түүний мэдээлснээр уг хуульд мал аж ахуйг дэмжих хөрөнгийг улсын төсөвт тусгах, малчдыг эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг болон ипотекийн зээлд хамруулах, гамшгийн улмаас нас барагсдын ар гэрт нэг удаагийн тусламж үзүүлэх зэрэг нийт 10 заалт тусгасан аж. Түүнчлэн сүүлийн гурван жилд мал аж ахуйн салбарт нийт 104 орчим тэрбум төгрөгийн урамшуулал олгоод байгаагаас ноосныход 46.3, сүүнийхэд 44.3, арьс, ширнийхэд 13.6 тэрбум төгрөг тус тус ногдсон байна. Гэвч малчны НДШ-ийг нэг удаа нөхөн төлүүлэх, “Малчны хөгжлийн сан” байгуулах болон тэднийг ипотекийн зээлд хамруулах тусгайлсан журмууд одоогоор батлагдаагүй байгааг тэрбээр онцлов. Харин “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд орон нутагт хэрэгжүүлж буй ипотекийн гурван хувийн зээлд малчид хамрагдах бүрэн боломжтой бөгөөд цаашид тэднийг орон сууцын зээлд хамруулах чиглэлээр Засгийн газар Монголбанктай хамтран ажиллаж буй гэсэн юм.
Малчны боловсролыг дэмжих талаар Дорноговь аймгийн иргэн Бямбаахүү “Малчны нэг хүүхдийг мал аж ахуйн чиглэлээр үнэ төлбөргүй сургахаар тусгасан. Энэ нь нэг талаар дэмжлэг ч нөгөөтээгүүр хүүхдүүдийн хүссэн мэргэжлээрээ сурах боломжийг хязгаарлаж байна. Мөн малчны хүүхдийг цахимаар сургах асуудлыг зарим гишүүн ярьж байгаа нь хичээлийн хоцрогдол үүсгэхээс гадна үе тэнгийнхний дунд гадуурхалт, дээрэлхэлт бий болгох эрсдэлтэй” гэлээ.