АНУ-ын эмч нар анагаах ухааны түүхэнд анх удаа ХДХВ-ний халдвартай донороос ижил оноштой өвчтөнд уушги шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай гүйцэтгэлээ. Нью-Йоркийн их сургуулийн Гроссманы нэрэмжит анагаах ухааны сургууль (NYUSM)-ийн мэдээлснээр уг хагалгаанд орсон өвчтөн 2000 онд ХДХВ-ний халдвар авсан бөгөөд уушгины үрэвсэлт эмгэг болох саркоидозоор шаналж байжээ. Гэвч 2021 онд бактерийн халдвар авснаар өвчин нь сэдэрч, уушги төдийгүй элгийг нь гэмтээж, амьсгалын аппаратаас бүрэн хамааралтай болгосон гэнэ. Иймд тэрбээр уушги, элэг хос эрхтэн шилжүүлэн суулгах хүндхэн шийдвэр гаргасан нь энэ аж. Тэгвэл уг мэс засал амжилттай болсноор өвчтөн сүүлийн дөрвөн жилийн хугацаанд анх удаа бие даан амьсгалж, хөдөлж эхэлсэн байна. Энэхүү ололт нь дэлхий даяар ХДХВ-ний халдвартай олон мянган хүний амьдралын чанарыг сайжруулж, амийг нь аврах шинэ гарц нээж буйг эрдэмтэд онцоллоо.
Тус хагалгааг удирдан явуулсан дэд профессор Марк Сонник “Өмнө нь ХДХВ-тэй өвчтөнөөс зүрх болон хэвлийн хөндийн эрхтнүүдийг шилжүүлэн суулгаж байсан туршлага бий. Гэвч уушгины мэс заслыг дэлхийд анх удаа туршлаа. Хэн ч зүрхлээгүй энэхүү алхмыг хийж, бидэнд итгэл хүлээлгэсэн өвчтөндөө талархал илэрхийлье” хэмээв.
АНУ-д 2013 он хүртэл ийм халдвартай донороос эрхтэн шилжүүлэхийг хуулиар хориглодог байв. Эрхтэн хүлээн авагч нь өөрөө халдвартай байсан ч үүнийг эрүүгийн гэмт хэрэгт тооцдог байжээ. Харин саяхнаас эмч нар ДОХ-ын халдвартай донороос уг вирусийг тээгч бусад өвчтөнд эрхтэн аюулгүй шилжүүлэн суулгах тусгай протоколыг боловсруулан, практикт нэвтрүүлж эхэлсэн юм.
У.ЦЭЦЭГ