Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод түүхий эд бэлтгэлийн цэгийн нээлт болжээ. Ийнхүү зүүн бүсийн хэмжээнд дулааны улиралд арьс, ширэн түүхий эдийг малчид, аж ахуйн нэгжүүдээс хүлээн авч, эдийн засгийн эргэлтэд оруулах анхан шатны бэлтгэлийн гурав дахь цэг ажиллаж эхэлснийг ХХААХҮЯ-наас өчигдөр мэдээллээ. Хөдөө аж ахуйн бирж, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо болон боловсруулах үйлдвэрүүд хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлээр арьс, ширэн түүхий эдийн бэлтгэл, нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх ажлыг ийн эхлүүлсэн байна. Түүхий эд бэлтгэлийн төвтэй болсноор малын гаралтай арьс, ширний үнэ цэнийг өсгөж, экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг нэмэгдүүлэн улмаар малаа эрүүлжүүлж, арьс, ширийг стандартын дагуу чанартай бэлтгэхэд дөхөм болох гэнэ. Ташрамд дурдахад, Хэнтий, Дорнод, Сүхбаатар гэсэн зүүн бүсийн гурван аймгаас 2025 онд 150 мянга орчим үхрийн арьс бэлтгэн нийлүүлжээ. Харин 6-8 дугаар сард буюу дулаарсны улмаас арьс, шир бэлтгэн нийлүүлэхэд хүндрэлтэй болж, жилд багагүй хэмжээний түүхий эд хаягдаж байсныг дээрх төвд төвлөрүүлж, анхан шатны боловсруулалт хийх боломж бүрдэв.
С.Дулам