“Телеграм” сүлжээгээр дамжуулан шалгалтын материалыг худалдаалсан гэх мэдээллийн улмаас Энэтхэгийн эрх баригчид өмнөх дүнг хүчингүй болгожээ. Ингэснээр хоёр сая орчим сурагч дэлхийн хамгийн хүнд гэгддэг анагаахын элсэлтийн шалгалтыг өнгөрсөн ням гарагт хоёр дахь удаагаа өгсөн аж. Тэднийг металл илрүүлэгч, сканнер төхөөрөмжөөр “өвч зэвсэглэсэн” ажилчид угтсан ба бүгдийг нь нэг бүрчлэн нэгжиж, шалгалтын байруудыг тусгай хүчний алба хаагчид хамгаалалтад авсан байжээ. Уг шийдвэр нь олон сурагчийн хувьд асар дарамттай, сэтгэл зүйн хувьд туйлдуулсан гэнэ. Эл шалгалтын дүн Энэтхэгийн анагаахын их, дээд сургуульд элсэх гол түлхүүр төдийгүй жил бүр нийт шалгуулагчийн ердөө 5-6 хувь нь тэнцдэг. Иймээс залуучууд өндөр төлбөртэй сургалтын төвүүдэд суралцан олон жил өдөр бүр цөөнгүй цагаар хичээллэдэг байна.
Энэтхэгийн Боловсролын сайд Дхармендра Прадхан дахин шалгалтыг шударга, ил тод зохион байгуулахаа мэдэгдсэн бөгөөд асуулт задруулсантай холбогдуулан өргөн хүрээний мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Энэ дуулианы улмаас тус улсын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт “Телеграм”-д хандах эрхийг түр хугацаанд хаасан юм. Харин тус компанийн зүгээс энэ шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандсан ч гомдлыг хэрэгсэхгүй болгож, хориг арга хэмжээг үндэслэлтэй гэж үзсэн байна. Ташрамд, шалгалтын материал задарсан байж болзошгүй гэх маргааны дараа 400 мянган сурагч материалаа дахин шалгуулах хүсэлт гаргасан аж. Боловсролын яамныхан урьдчилан сэргийлэх арга хэмжээнд анхаарахын оронд асуудал үүссэний дараа их хэмжээний мөнгө зарцуулж байна хэмээн “Энэтхэг экспресс” сониныхон хатуухан шүүмжилжээ.
Д.Хэрлэн