Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор баталсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын хүрээнд энэ жил Өмнөговь аймгийн Ханбогд сумд 4.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцөлийг баталжээ. Үүний дагуу сүүлийн 30 хоногийн хугацаанд цахимаар төслийн хүсэлт хүлээн авч нийт 10.3 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 70 хүсэлтийг баталгаажуулсныг Жижиг, дунд үйлдвэрийн газраас мэдээллээ. Үүнээс холбогдох хууль, журмын хү рээний нарийвчилсан судалгааны шатанд нийт 8.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 55 төслийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, үнэлгээ хийж буй гэнэ. Ташрамд дурдахад Ханбогдод 12 000 орчим хүн амьдардаг манай улсын хамгийн олон хүн амтай сум юм. Түүнчлэн Дундговь аймгийн хэмжээнд энэ жил жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд зориулж 2.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцөлийг баталсан бол Ханбогдод түүнээс бараг хоёр дахин их хэмжээний хөрөнгө зарцуулахаар төлөвлөжээ.
С.Дулам