Тусгай хамгаалалттай бүс нутгаас 10 гаруй зэрлэг амьтан хууль бусаар агнасан тухай ан агнуурын компаниудын төлөөлөл өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд байгаль орчны салбарын албан тушаалтнууд хууль бус зөвшөөрөл олгож, шүлхийн хорио цээрийн дэглэм зөрчиж, ан хийснийг хуулийн байгууллагад шалгуулахаар өгснөө мэдэгдэв.
“Шаманистик” ХХК-ийн захирал Б.Сэргэлэн “Лүүк Монголиа”, “Zev hunting and safari” зэрэг компанийхан соёлын өвийг сэргээх, судлах, түгээх буюу зураг авах, музейн үзмэр бэлтгэх зориулалттай “Соёлын угалз” зөвшөөрлөөр гадаадын анчдаар хууль бус ан хийлгэсэн. Мөн энэ жил зохион байгуулах цөлжилтийн эсрэг COP17 хурлын нэрийг барин “Эрдэмтэд ирж угалз агнана” гэж тусгай зориулалтын 11 лиценз хууль бусаар авсан” гэлээ.
“Zev hunting and safari” ХХК-ийн захирал Д.Мөнхнаран, БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын дарга асан Ц.Уранчимэг нар АНУ-ын Далласт болсон үзэсгэлэнгийн үеэр Туркийн компанитай ховор амьтдыг хууль бусаар агнах тохиролцоо хийсэн байж болзошгүй” гэлээ. Д.Мөнхнаран тэргүүтэй хүмүүс өнгөрсөн жил Говь гурван сайханы тусгай хамгаалалттай газраас дөрвөн янгир, зургаан аргаль угалзыг агнасан хэргийг Экологийн цагдаагийн албанд шилжүүлсэн. “Шаманистик” ХХК-ийн нэхэмжлэлээр Захиргааны хэргийн шүүхээс эдгээр тусгай зөвшөөрлийг хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасныг тэд мэдээлэв.
Малын гоц халдварт шүлхий өвчин эрчимтэй тархаж, зэрлэг амьтдад халдах эрсдэл үүсээд байхад ан агнуурын лиценз олгох дуудлага худалдааг үргэлжлүүлж буйг аж ахуйн нэгжүүд ийн эсэргүүцэж буй аж. Иймд энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг 14 компани 2026 оны ан агнуураас татгалзаж байгаагаа зарласан юм. Мөн БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр нарт илгээсэн албан бичигт нь хариу өгөхийг хүсэв.
Б.Ариунжаргал