Монголын оюутны спортын VII наадмын шигшээ тэмцээн болж, шилдгүүдээ тодруулсаар байна. Ирэх сарын 8-нд өндөрлөх тус наадамд их, дээд 31 сургуулийн 2461 тамирчин оролцож, спортын 14 төрөлд ур чадвараа сорьж буй. Бид өмнөх дугаарууддаа аваргаар шалгарсан багуудын талаар мэдээлсэн билээ. Тэгвэл энэ удаа чөлөөт бөх, жүдо, таеквондо, футзал, сагсан бөмбөг, шатрын тэмцээнд ямар сургуулийн баг тэргүүн байрт шалгарсныг хүргэе. Тус наадмаас медаль хүртсэн тамирчид ирэх онд болох Дэлхийн оюутны спортын зуны универсиад наадамд оролцох эрх авах юм.
Чөлөөт бөхийн тэмцээнд их, дээд 15 сургуулийн 350 оюутан оролцож, багийн нэгдсэн дүнгээр Монгол Улсын Боловсролын их сургууль (МУБИС)-ийн тамирчид тэргүүлэв.
Сагсан бөмбөгийн тэмцээнд их, дээд 22 сургуулийн 380 тамирчин өрсөлдөж байна. Тэмцээн одоо ид өрнөж байгаа тул ямар сургуулийн баг аваргаар шалгарах нь хараахан тодорхойгүй байгаа юм. Энэ сарын 26-нд өндөрлөх тус тэмцээний эрэгтэйчүүдийн багийн тоглолт ШУТИС, эмэгтэйчүүдийнх “Аврагч” спорт хорооны зааланд болж буй.
Таеквондогийн тэмцээнд их, дээд 17 сургуулийн 80 гаруй тамирчин 10 жингийн ангилалд (эрэгтэй, эмэгтэй тус бүр тав) өрсөлдсөнөөс дасгалжуулагч С.Эрдэнэбатын удирдлагад оролцсон Дотоод хэргийн их сургууль (ДХИС)-ийн баг багийн тэргүүн байр эзэлсэн юм.
Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль (ҮБХИС)-ийн спорт зааланд зохион байгуулсан жүдо бөхийн тэмцээнд их, дээд 18 сургуулийн 147 тамирчин (эрэгтэй 85, эмэгтэй 62) зодоглосноос Үндэсний биеийн тамирын их сургууль (ҮБТИС)-ийн баг тэргүүлж, алтан медаль хүртлээ.
“Зууны шатар” клубт болсон шатрын шигшээ тэмцээнд их, дээд 19 сургуулийн 77 тамирчин (48 эрэгтэй, 29 эмэгтэй) оюунаа сорьсноос багийн нэгдсэн дүнгээр “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн тоглогчид тэргүүлж, шилдгээр тодорсон байна.
Футзалын тэмцээнд их, дээд 16 сургуулийн 152 тамирчин тоглоход “Рояаль” олон улсын их сургуулийн тамирчид аваргаар шалгарчээ.