-Филиппинээс 200 багш ажиллуулахад 8.2 тэрбум төгрөг зарцуулна гэв үү-
Манай улс 2023 оны Боловсролын ерөнхий хуульдаа сургалтын үндсэн гадаад хэл нь англи байхаар зааж өгсөн юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад боловсрол эзэмшүүлэх сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулах бөгөөд хичээл, сургалтын үндсэн хэл нь англи байхаар зохицуулсан. Үүний хү рээнд 2022-2023 оны хичээлийн хоёрдугаар хагасаас нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын 38 сургуулийн 30 мянга орчим хүүхдийг “Pearson” англи хэлний хөтөлбөрт туршилтаар хамруулж эхэлсэн билээ. Эдүгээ төрийн болон орон нутгийн өмчийн бүх сургуулийн 3-9 дүгээр ангийн сурагчид англи хэлний хичээлийг эл хөтөлбөрийн дагуу суралцаж байна. Энэ хэрээр багшийн ачаалал нэмэгдэж, мэргэжилтний хомсдол үүсэх болжээ.
ГАДААДЫН БИШ ДОТООДЫН МЭРГЭЖИЛТНЭЭ ТОРДЪЁ
Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 3000 гаруй багш дутагдаж буйгаас бага ангийн болон англи хэлнийх хамгийн их эрэлттэй байгааг Боловсролын яамнаас мэдээлсэн. Сургууль бүрд англи хэлний багшийн сул орон тоо бий бөгөөд үүнийг нөхөх боловсон хүчин, ялангуяа сум, багт ажиллах сонирхолтой мэргэжилтэн цөөрч буй нь улсын хэмжээнд тулгамдсан асуудал болов. Тэгвэл өнгөрсөн сарын 21-нд болсон нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарыг чадавхжуулах болон дутагдлыг нөхөх арга хэмжээний талаар танилцуулсан билээ. Хачирхалтай нь, Филиппинээс багш авчирч, сурагчдад англи хэл заалгах гэнэ. Тэднийг урьж авчрах зардлыг нийслэлийн 2026 оны төсвийн нэмэлт, өөрчлөлтөд тусгах аж. Эл асуудлыг эцэслэн батлаагүй хэдий ч олон нийтийн анхааралд өртөөд буй. Боловсролын салбарт үүссэн “цоорхой”-г гадаад мэргэжилтнүүдээр “нөхөх” нь зүйтэй гэж үзэх нэгэн байхад нөгөө хэсэг нь филиппинчүүдийг “голсон” юм. Өөрөөр хэлбэл, дуудлага, аялгаас эхлээд ур чадварын тухайд маруухан байхад зарцуулах төсөв нь өндөр хэмээн шүүмжилсэн. Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооныхны дурдсанаар 2026-2027 оны хичээлийн жилд эхний ээлжид англи хэлний 200 багш авчирч, хэрэгцээ, шаардлага хамгийн өндөр байгаа Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуульд ажиллуулахаар төлөвлөсөн гэнэ.
Филиппинээс англи хэлний 200 багш ажиллуулахад нийт 8.2 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолжээ. Нийслэлийн төсвөөс 3.9 тэрбумыг зарцуулахаар төлөвлөсний багшийн эрүүл мэндийн үзлэг, онгоцны тийз, амьдрах байрны түрээс, урсгал зардалд зарцуулах нь. Харин улсын төсвөөс 4.3 тэрбумыг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ нь ерөнхий боловсролын сургуулийн үндсэн багшийн цалингаар тооцсон хувь хэмжээ буюу жилийн ажлын хөлс нь 21.3 сая төгрөг. Ийм хэмжээний мөнгийг англи хэл зааж буй монгол багш нарынхаа ур чадварыг сайжруулахад зарцуулж, амьжиргаа, нийгмийн асуудлыг нь шийдэж чадвал илүү өгөөжтэй болохыг зарим багш хэлсэн. Багшийн хөдөлмөрийг шударгаар үнэлж, нэр хүндийг нь өсгөж чадвал мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй хүн олон байгааг дуулгав. Гэтэл өнөөдөр их сургуульд номыг үзсэн багш нар мэргэжлээрээ ажиллахгүй байгаа жишээ олон. Өнгөрсөн онд гэхэд Боловсролын зээлийн сангаас хоёр тэрбум төгрөгийн санхүүжилтээр сурч төгссөн 746 багш мэргэжлээрээ ажиллахгүй байгааг Боловсролын зээлийн сангаас мэдээлж байв.
МУБИС болон бусад сургуульд багш мэргэжил эзэмшиж буй оюутнуудыг үнэ төлбөргүй сургаад ч зах зээлийн нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхээ байсан. Жилд багш мэргэжлээр төгсөгчид тийм ч анхаарах хэмжээнд цөөрөөгүйг тоо баримт бэлхнээ харуулдаг. Гэтэл яагаад багшийн хомсдолыг нөхөж чадахгүй байна вэ. Энэ нь шинэхэн төгсөгч, залуу багш нарыг ажлын байранд нь авч үлдэж чадахгүй, алдаж буйтай холбоотой гэдэг. Тэр тусмаа орон нутаг, сум, багийн сургуульд багшлах хүн улам цөөрсөөр. Ялангуяа англи хэлний багш орон нутагт ихээхэн дутагдалтай байгаа бөгөөд алслагдсан газруудад мэргэжлийн багшгүй сургууль ч бий. Нэг бол мэргэжлийн бус хүн хичээл заах, эсвэл англи, орос хэлний багш хоёуланг нь оромдох төдийгөөр ажилладаг тохиолдол цөөнгүй гэнэ.
УР ЧАДВАРЫГ НЬ ДЭЭШЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
“Өнгөрсөн хавар төгсөж ирсэн англи хэлний багш маань хэдхэн сар ажиллаад л ачаалал ихтэй юм гээд өөр салбарт “урвачихсан”. Шинэ залуу багш нарыг торгоож үлдээх бодлого дутагдаж байна. Хиймэл оюуны хөгжлийг дагаад багш нарын заах арга барил ч сайжрах шаардлагатай болсон. Дэвтэр дээр хуулан бичлэг хийлгээд суулгадаг цаг ард хоцорсон. Ялангуяа англи хэлийг хүүхдүүд онлайн орчинд сурах боломжтой энэ цагт багш хүн заах арга барил, хүүхдийн сэтгэл зүйг ойлгох чадвараараа л ялгарах ёстой. Би сургуулиа төгсөж ирээд 10 гаруй жил хүүхдүүдэд англи хэл зааж байна. Ядаж багш нараа гадаадад сургалтад хамруулж, ярих, сонсох, бичих, заах ур чадварыг нь ахиулах хэрэгтэй. Сургуулиа төгсөөд хэчнээн жил болчихсон багш “зэвэрчихсэн” байгаа нь үнэн. Тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч, төсөв мөнгө хуваарилахгүй хэрнээ заах чадвар сул, англи хэлний мэдлэгийн түвшин тааруу байна гэж шүүмжлэх нь өрөөсгөл. Мэргэжилдээ эзэн болсон олон багш бий. Харамсалтай нь, тэд цаасны араас өндийж чадахгүй, хоёр хүний гүйцэтгэх ажлыг ганцаараа хийгээд нэмэгдэл цалингүй явж байна. Ийм байхад гадаадаас өндөр зардлаар багш авчирна гэж байгаа нь гал унтраах л төдий. Филиппин багш Монголд насаараа ажиллах уу. Байгаа хэдэн багшаа тордоод, гадаад руу хэлний сургалтад хамруулж, мэдлэг, боловсролыг нь илүү сайжруулчихвал урт удаан хугацаанд тогтвортой ажиллана шүү дээ” хэмээн Сүхбаатар аймгийн нэгэн сургуулийн англи хэлний багш ярьсан. Өвлийн болон зуны амралтаар англи хэлний багш нарын ур чадварыг сайжруулахад анхаарч, гадаадад богино хугацаанд сургах нь илүү үр дүнтэйг цөөнгүй багш хэлсэн юм.
Англи хэлний багшийн дутагдлыг нөхөх талаар ямар арга хэмжээ авч буйг Боловсролын ерөнхий газрынхнаас лавлахад “Энэ хичээлийн жилд бага ангид нэмэлтээр англи хэлний хичээл заах болсонтой уялдуулан дотооддоо багагүй зохицуулалт хийсэн. Англи хэлний багшаар суралцаж буй гурав, дөрөвдүгээр дамжааны оюутнуудад дадлагажингаа цалинтай ажиллах боломж бүрдүүлсэн. Мөн бусад мэргэжлийн англи хэлний суурь мэдлэг сайтай хүмүүсийг сургалтад хамруулж, гэрчилгээ олгох, бага ангийн зарим багш өөрсдөө англи хэл заах зэргээр богино хугацаанд арга хэмжээ авсан. Орон нутаг өөрсдөө санаачилга гаргаж, хүүхэд залуучуудын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор гадаад багш ажиллуулах санал ирүүлсэн. Үндсэн гурван цаг гэхгүй хичээлийн бус цагаар гадаад багш ажиллаж болно. Ингэхдээ заах эрхийн гэрчилгээ авсны дараа сургалтын үйл ажиллагаа явуулах боломжтой. Үндсэн хөтөлбөр дээр филиппин багш ажиллуулах тооцоо гарсан. “Pearson” хөтөлбөрт суурилан хичээл заах тул үүнд хамруулах ёстой” гэв.
ХОЁР ХҮНИЙ ХИЙХ АЖЛЫГ ГАНЦ БАГШ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 332 сургуульд 336 мянга гаруй сурагч англи хэлний хичээл үзэж байна. Тэдэнд англи хэлний 1403, англи, орос хэлний 129, нийт 1532 багш хичээл орж буй. Багшийн долоо хоногийн ачааллыг дунджаар 22 цагаар тооцож үзэхэд нийслэлийн хэмжээнд 210 багш дутагдалтай гарсныг нийслэлийн Боловсролын газраас мэдээлсэн юм. Эл дутагдлыг филиппин багшаар нөхөх “ухаалаг” шийдвэрийг албаныхан гаргаад буйг дээр дурдсан. Гэтэл бодит байдалд ачааны хүндийг үүрч буй монгол багшийн мэдлэг, чадвар тааруу гэж гоочлоод, хэнийг нь ч мэдэхгүй нэгнийг тахин шүтэж эхэлсэнд багш нар сэтгэл гонсгор буйгаа нуугаагүй.
Англи хэлний багшийн хомсдол зөвхөн Улаанбаатарт биш улсын өнцөг булан бүрд л үүсээд байгаа. Сум, багт огт өөр мэргэжлийн багш англи хэлний хичээл орж, орос, англи хэл хоёуланг нь заасан нэр зүүдэг явдал байсаар байгааг орон нутгийнхан хэллээ. Уг нь англи хэлний хичээлийг группээр заах стандарттай. Өөрөөр хэлбэл, 30 сурагчтай анги бол хүүхдүүдийг 15, 15-аар нь хоёр хувааж орох ёстой. Гэтэл орон нутагт багш хүрэлцээгүйн улмаас нийтэд нь заадаг байна. Долоо хоногт гуравхан цаг үздэг англи хэлийг бусад хичээлийн адил нийтээр нь заах үр дүн муутай. Үүний зэрэгцээ “Pearson” хөтөлбөрийн дагуу цахим платформ ашиглах явцад багагүй хүндрэл гардаг аж. Нэг ангийн бүх хүүхэд нэгэн зэрэг интернэт ашиглахаар гацах, сүлжээ унаснаас хичээлдээ бүгд хамрагдаж чадахгүй, хоцрогдож эхэлдэг гэнэ. Сурагчдыг тэнцүү хуваарилж, хоёр багш хичээл заах нь ачааллыг багасгахын зэрэцээ сургалтын чанарыг сайжруулдаг.
Ингэж хоёр хүний хийх ажлыг нэг багш гүйцэтгэлээ гээд нэмэгдэл цалин боддоггүй байна. Шинэ багш ажиллуулбал л цалин бодохоос, өөр хүний ажлыг нөхөж хийлээ гээд хөлс тооцдоггүй нь шударга бус. Энэ нь багшийг хөдөлмөрийн мөлжлөгт өртүүлж буй хэлбэр. Ийм нөхцөлд залуу багш ажиллахаас халшрах нь аргагүй биз.
Засгийн газраас багш мэргэжлээр суралцаж буйгаа оюутнуудад тэтгэлэг, сургалтын зээл олгож эхэлсэн нь тодорхой үр дүнд хүрсэн гэж мэргэжилтнүүд үздэг. Гэхдээ энэ нь сайн багш бэлдэхэд саад учруулах болсон. Багш мэргэжилтэн бэлтгэдэг их сургуулийн “босго намхан”-ы дээр сургалтын төлбөрөөс нь чөлөөлчихөөр зорьсон нь биш, зорилгогүй нэгэн нь багш болсоор байгаа нь нууц биш. Ганц жишээ хэлэхэд, сүүлийн таван жилд 17 523 оюутан багшаар төгссөн ч мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажилласан нь харьцангуй цөөн гэнэ. Энэ нь бодлогын хэрэгжилт хангалтгүй буйг илтгэнэ. Төлбөрөө улсаас даалгаад хэсэг ажилласан болоод л цалин хөлс ахиу, ачаалал бага газарт орчихдог байна. Цаашид сурагчдын тоо эрс нэмэгдэхээр байгаа тул боловсролын салбарынхан хүний нөөцөө бэлдэх, дэд бүтцээ сайжруулах зайлшгүй шаардлагатайг албаныхан хэлсэн. 2030 он гэхэд 88 мянга гаруй хүүхэд сургуулийн насанд хүрэх тооцоолол бий. Хэрэгцээ шаардлага нь үнэнд гүйцэгдчихээд байхад боловсролын салбарт энэ мэтээр гал унтраах төдий хандсаар байх уу. Нэг багш нэг хиймэл оюун, нэг сурагч мөн л нэг AI туслахтай болно хэмээн амьдралаас тасарсан зүйл ярьж суухын оронд байгаа багш нараа тойгловол яасан юм, Боловсролын сайд аа.