Үндэсний статистикийн хороо (ҮСХ)- ноос орон сууцын үнийн индексийг танилцууллаа. Орон сууцын үнэ өнгөрсөн тавдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 6.3 хувиар өссөн байна. Тэр дундаа шинэ орон сууцынх 6.1, хуучин нь 6.4 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Түүнчлэн шинэ байрны нэг ам метр талбайн дундаж үнэ 4.7 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.7 сая төгрөгийн ханштай байгаа аж. Харин Баянзүрхэд 474 мянган төгрөгөөр өсөж, Чингэлтэйд 373 мянгаар буурсан байна. Ташрамд дурдахад, өнгөрсөн сарын байдлаар нэг өрөө байр хөлслөх дундаж ханш 1.2, хоёр өрөөнийх 1.8, гурван өрөөнийх гурван сая төгрөг буй юм.
Жилийн зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 47 мянган иргэний өргөдөл хүлээгдэж байгааг өнгөрсөн тавдугаар сард Төвбанкнаас мэдээлсэн. Иргэд эрэлт өндөр тус зээлийг авахын тулд дунджаар 5-6 жил хүлээдэг гэнэ. Энэ хүрээнд Орон сууцын санхүүжилтийн банкны болон Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулж, хэд хэдэн удаа хэлэлцүүлсэн юм. 2013 оноос хойш хэрэгжүүлсэн ипотекийн зээлийн хөтөлбөрт өнөөг хүртэл 140 мянган өрх хамрагдаж, нийт 10.7 их наяд төгрөгийн зээл авчээ. Тус зээлийн хүүг бууруулснаар орон сууцын үнийн хөөрөгдөл үүсэх үр дагавартайг эдийн засагчид анхааруулж буй.
Д.Хэрлэн