УИХ-аас томилдог Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ), Үндсэн хуулийн цэц зэрэг байгууллагын дарга, зарим гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаад удаж буй. Эрх баригч намынхан дотроо талцаж, Засгийн газар, парламентын спикерээ хэдэнтээ сольж, албан тушаалаа булаацалдаад ийш анхаарах сөхөөгүй явсан, эсвэл улс төрийн зорилгоор ч солихгүй удсан байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч парламент доторх халаа сэлгээ нь түр зогссон тул бүрэн эрх нь дууссан, хагас дутуу бүрэлдэхүүнтэй дээрх байгууллагуудад түрүүчээс нь санаа тавьж эхлээд байна. Хэдийгээр бие даасан, хараат бус ажиллах статустай ч бодит байдалд дээрх байгууллагуудад улс төрийн томилгоо хийдэг, гаргах шийдвэрт нь “өөрсдийн хүн”-ээр дамжуулан нөлөөлдөг болсон нь нууц биш. Тиймээс аль байгууллагад, хэний бүлэглэл хүнээ түлхүү оруулах вэ гэдэг “марафон” давхар өрнөж буй гэхэд болно. Удахгүй хоёр ч том сонгууль болох учраас үүнийг зохион байгуулах үүрэгтэй СЕХ-ны гишүүдээр хэнийг томилох, хэн даргаар сонгогдох нь эрх баригчдын анхаарлыг их татаж буй. Парламентад суудалтай намуудаас ч Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх сунгаа ид өрнөж буй. Үүний ард “техникийн чанартай” асуудал олон. Зохион байгуулах газрыг нь хэн даргалах, бүрэлдэхүүнд аль бүлэглэлийн хүмүүс давамгайлах гэх мэт. Тийм ч учраас УИХ-ын нэгдсэн чуулганаар СЕХ-ны дөрвөн гишүүнийг томилох талаар сөрөг хүчин таван өдрийн завсарлага хүсэв. Тэд нэр дэвшигчдийг сайн судлах хэрэгтэй гэж үзжээ.
Бүрэлдэхүүний 70 хувийг солино
СЕХ нийт есөн гишүүнтэй байх ёстой. Тэдний тавыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Ерөнхийлөгч, хоёрыг Дээд шүүхээс нэр дэвшүүлэн зургаан жилийн хугацаагаар томилдог. Тус хорооны дарга байсан П.Дэлгэрнаран өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хүсэлтээрээ чөлөөлөгдсөн юм. Үүнийх нь шалтгаан ч удахгүй тодорхой болж, түүнийг Гаалийн ерөнхий газрын даргаар томилов. Ингээд СЕХ найман гишүүнтэй үлдээд буй. Гэтэл тэдний тавынх нь бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн нэгдүгээр сард дуусжээ. Эд бол байнгын хорооноос нэр дэвшүүлж томилсон Б.Баасандорж, Д.Дэлгэрсайхан, Ерөнхийлөгчийн квотоор орсон Г.Байгалмаа, Дээд шүүхээс санал болгосон О.Амгаланбаатар, Д.Баяндүүрэн нар юм. Үүнээс гадна УИХ-аас нэр дэвшүүлж байсан П.Дэлгэрнарангийн орон тоонд өөр гишүүн томилох учиртай. Ингээд зургаан хүн буюу тус хорооны бүрэлдэхүүний 70 хувийг солих ёстой болоод буй.
Эхний ээлжид тус тусын квотын дагуу Ерөнхийлөгчөөс ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Д.Ариунболд, Дээд шүүхээс Шүүхийн сахилгын хорооны Ажлын албаны дарга Д.Мөнхзориг, байнгын хорооноос ЦЕГ-ын дарга Ж.Болд, УБЕГ-ын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Д.Давааням нарыг нэр дэвшүүлж, энэ сарын 8-нд сонсгол зохион байгуулав. Улмаар мягмар гарагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд тэднийг шаардлага хангасан гэж үзэн дэмжсэн юм. Харин өчигдөр нэгдсэн чуулганаар томилгоог хэлэлцэх үед сөрөг хүчнээс завсарлага авлаа. Үүний араас Б.Баасандорж, П.Дэлгэрнаран нарын оронд Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга Н.Мягмар, ШӨХТГ-ын дарга асан Ц.Уртнасан нарыг байнгын хорооноос нэр дэвшүүлж буй аж. Тэдний нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 24-нд хийхээр товложээ.
Ийнхүү эхний зургаан хүнийг “нөхөж” байтал ирэх наймдугаар сард СЕХ-ны гишүүн Д.Даваа-Очир, Э.Түвшинжаргал нарын бүрэн эрх дуусна. Одоогоор хугацаа тулаагүй ганц гишүүн байгаа нь 2024 онд томилогдсон Т.Сүхболд юм.
Хэн нь хэн бэ
Ерөнхийлөгчийн квотоор нэр дэвшиж буй ҮАБЗ-ийн дарга Ч.Ариунболд гэж хэн бэ. Тэрбээр 1996 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэжээ. Улмаар 2000-2002 онд Цагдаагийн академид хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Мөн 2005-2006 онд АНУ-ын Хуурай замын цэргийн Цэргийн цагдаагийн сургууль, 2011-2012 онд АНУ-ын Тэнгисийн цэргийн дипломын дараах сургуульд магистр хамгаалсан гэсэн байна. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар ажлын гараагаа эхэлсэн энэ хүн 2002-2015 он хүртэл ЗХЖШ, БХЯ-нд мэргэжилтнээс газрын дарга хүртэл алба хашжээ. Ингээд 2016 онд УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст зөвлөхөөр хоёр ажил ажилласан юм байна. Улмаар 2021 оны зургаадугаар сараас буюу У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж буй нэгэн. Доороос, харьцангуй даруухан ажиллаж өгссөн гэж болох нь.
Дээд шүүхээс санал болгож буй Д.Мөнхзоригийн тухайд ШУТИС-ийг компьютерын техник хангамжийн инженер, “Түшээ” дээд сургуулийг эрх зүйчээр дүүргэж, Удирдлагын академийг төрийн захиргааны менежерээр төгсжээ. Улмаар Дээд шүүхэд компьютерын техник хангамж хариуцсан шинжээчээр ажлын гараагаа эхэлж, Шүүхийн ерөнхий зөвлөлд референт хийж байв. Тэр үедээ эрх зүйчээр сурч, төгссөн аж. Ингээд эрх зүйч болсон хүнд дарга болох зам нээгдсэн бололтой. 2019 оноос хойш Төв аймгийн Шүүхийн Тамгын газрын, 2022 оноос Шүүхийн сахилгын хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байгаад ийнхүү СЕХ руу орж ирж байна.
Үлдсэн дөрвөн нэр дэвшигчийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос нэр дэвшүүлсэн. ЦЕГ-ын дарга Ж.Болдыг олон нийт арай илүү танина. Цагдаагийн дээд сургууль, Удирдлагын академи төгсөж, “Билэг” дээд сургуульд хууль зүйн магистр хамгаалсан юм байна. Дараа нь Дотоод хэргийн их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр Хэнтий аймгийн Цагдаагийн газар, Баянзүрх дүүрэг, Мөрдөн байцаах газар зэрэг байгууллагад ажилласан. Мөрдөн байцаах газарт эдийн засаг, онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэргийн мөрдөн байцаагч байсан аж. Улмаар тасгийн, хэлтсийн, газрын дарга олон дэвшсэн байна. 2019 онд ЦЕГ-ын дэд дарга, 2025 оны аравдугаар сараас ЦЕГ-ын даргаар ажиллаж буй. Тэрбээр 2020 онд СЕХ-ны гишүүнээр томилогдон ажиллаж байсан туршлагатай. Гэхдээ 2024 онд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, оронд нь Т.Сүхболдыг томилсон юм билээ. Тэгснээ одоо ийнхүү буцаж ирж, дутуугаа гүйцээх гэж буй бололтой.
Д.Давааням бол Монгол Улсын Гавьяат хуульч аж. Тэрбээр Цагдаагийн академийг эрх зүйчээр төгсөж, Дотоод хэргийн их сургуульд магистраа хамгаалжээ. Гадаадын иргэн, харьяатын газрын Захиргаа, удирдлагын газрын дарга, ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан. Улмаар 2024 оноос УБЕГ-ын Тамгын газрын, 2025 оны арваннэгдүгээр сараас газрын даргаар томилогдон ажиллаж буй гэнэ.
Тэгвэл Н.Мягмар, Ц.Уртнасан хоёр нэр дэвшигчийг нэг зүйл нэгтгэж байна. Тэд СЕХ-ны гишүүнд нэр дэвшихээс нэг нь нэг өдрийн, нөгөө нь арваадхан хоногийн өмнө албан тушаалд томилогджээ. Н.Мягмар өнгөрсөн сарын 20-нд Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга болсон юм. Үүний дараахан түүнийг СЕХ-ны гишүүнд нэр дэвшүүлсэн гэсэн үг. Тэрбээр МУИС-ийг эрх зүйчээр төгссөн, хууль зүйн ухааны магистр. Уг зэргээ хожим Америкийн их сургуулийн Хуулийн коллежид сурч бататгажээ. МУИС-д багшилж, ХЗДЯ-нд мэргэжилтэн, газрын дарга болсон аж. Мөн тэрбээр Засгийн газрын ХЭГ, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга байсан. 2024 онд ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байснаа хоёр долоо хоногийн өмнө Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга болжээ.
Ц.Уртнасан мөн л техникийн талын мэргэжилтэй юм байна. МУТИС-ийг тэрбээр программ хангамж, зохиогч мэргэжлээр дүүргэжээ. Мөн уг сургуульдаа бизнесийн удирдлагын чиглэлээр суралцсан байна. Хожим Удирдлагын академи дүүргэсэн. Тэрбээр бусдын адил дороос явсангүй. Харин шууд л “Монголросцветмет” нэгдэлд программист инженер, хэлтсийн дарга, гүйцэтгэх захирал хийгээд явчихжээ. Бас улс төрийн намын ажил хийж байсан ганц нэр дэвшигч нь бололтой юм. АПУ ХК-ийн дэд захирал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга, Өмнөговь аймгийн Засаг дарга, ХАХНХЯ-ны газрын дарга, АН-ын ХЭГ-ын дэд дарга, БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын орлогч гээд хөвөрч байна. Гэхдээ голдуу дэд, орлогч дарга хийж иржээ. Хамгийн сүүлд тэрбээр Нийгмийн эрүүл мэндийн даатгалын үндэсний нийгэмлэгийн гүйцэтгэх захирал хийж байснаа энэ сарын 9-нд буюу СЕХ-нд нэр дэвшүүлэгчийн сонсголыг Тамгын газраас албан ёсоор зарлахаас нэг өдрийн өмнө тус газрын Гүйцэтгэл, бүтээмжийн хяналтын хэлтсийн ахлах зөвлөхөөр томилогдсон аж. АН-ын угшилтай хүнийг МАН-ынхан СЕХ-ны гишүүнд нэр дэвшүүлсэн гэж үзэхэд болох нь. СЕХ-ны гишүүнээр заавал төрийн жинхэнэ албан хаагч хүн томилох хуулийн заалтад “тааруулж” ийнхүү яаран сандран дээрх хоёр эрхмийг шинэ албанд нь “хүргэсэн” байх юм. Энэ нь өөрсдийн хүмүүсээ зүтгүүлж буйн нэг хэлбэр байхыг ч үгүйсгэхгүй. Сонгуулийг шударга, ил тод зохион байгуулах үүрэгтэй тус байгууллагад цагдаа, шүүхийн болон комьпютерын чиглэлийн гэж болохоор хүмүүсийг нэр дэвшүүлжээ. Хуульд заасан нэр дэвшүүлэх байдлаас харвал 5:2:2-ын зарчмаар хуваагдана. Мөн эрх барьж буй МАН дотроо Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн болон экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гэсэн бүлэглэлд хуваагдсан. Тэгвэл одоогоор Төрийн тэргүүний тал бүх албан тушаалд жин дарж буй. УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал нар түүний хүн. Тэгэхээр СЕХ-нд Төрийн байгуулалтын байнгын хорооноос нэр дэвшүүлж буй дөрвөн хүн болон Ерөнхийлөгчийн квотоор орж ирж байгаа нэг гишүүн бүгд нэг тал гэж үзэхэд буруудахгүй. Өөрөөр хэлбэл, сонгуулийн төв байгууллагын шинэ бүрэлдэхүүнд Төрийн тэргүүний хүмүүс жин дарах нь. Тэд дотроосоо даргаа сонгоно, олонхоороо шийднэ. Сонгуулийн төв байгууллагын дарга хэний хүн байхаас тодорхой үр дүн гардаг “гажиг” тогтолцоо бүрдчхээд буй нь нууц биш. Тэгэхээр СЕХ-ны бүрэлдэхүүний зургийг ч, удахгүй болох сонгуулийн зүг чигийг ч үнэндээ нэг л хүн “зурж” байгаа юм биш үү. Сөрөг хүчнийхэн уг асуудалд илүү нухацтай хандахаа хэлж, “Сонгууль хэлбэрийн төдий байна. Үндсэн хуульд заасан ардчилсан, ил тод сонгууль болдоггүй гэж иргэд шүүмжлэх болсон. Нэр дэвшигчдийг илүү сайн судална” гэсэн биз ээ. Энд бас нэг анхаарах зүйл нь СЕХ-ны бүрэлдэхүүнд дан эрчүүд давамгайлахад хүрээд байна. Ганц эмэгтэй Г.Байгалмаагийн бүрэн эрх дууссан, явж буй гишүүдийн дотор нэг ч эмэгтэй алга. Жендерийн хувьд ямар ч тэнцвэргүй, улс төрийн нөлөөллийн хувьд нэг бүлэглэлийн нөлөө давамгайлсан гишүүд л бүрдэх гээд байх шиг.