“Арслан” таеквондо клубийн дасгалжуулагч, улсын есөн удаагийн аварга, хар бүс, таван дантай, Олон улсын хэмжээний мастер (ОУХМ), С.Янжинлхам таеквондогоор олон жил тууштай хичээллэж буй. Тэрбээр тамирчин байх хугацаандаа хилийн дээс цөөнгүй алхаж, гадаадын тэмцээнүүдэд оролцсон. Тухайлбал, БНСУ-ын Пучон хотод 2012 онд болсон оюутны таеквондогийн ДАШТ-ээс эх орондоо мөнгөн медальтай ирсэн бол ОХУ-ын Челябинск хотыг 2015 онд зорьж, ДАШТ-д V байрт шалгарсан юм. Түүнчлэн Улаанбаатарт өнгөрсөн сард зохион байгуулсан олимпын таеквондогийн Ази тивийн АШТ-д 43 орны 1 300 гаруй тамирчин өрсөлдөхөд тэрбээр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан пүмсэ (пүмзэ) төрөлд Монголын багийн шагналын салхийг хагалж, хүрэл медаль хүртсэн билээ. Өдгөө тэрбээр дээрх клубт дасгалжуулагчаар ажиллаж, мэргэжлийн тамирчдыг улсдаа бэлтгэж байна.
-Улаанбаатарт зохион байгуулсан тивийн гурван том тэмцээний нэг нь олимпын таеквондогийнх байлаа. Азийн шилдгүүдийн ширүүхэн өрсөлдөөнөөс тамирчдаа медаль хүртэхийг битүүхэн хүлээж суусан үзэгчдийг баярлуулах итгэл найдвар нь тэр үед та байсан шүү дээ.
-Миний хувьд эх орондоо зохион байгуулсан олимпын таеквондогийн Ази тивийн АШТий пүмсэ (пүмзэ) төрөлд анх удаа өрсөлдлөө. Олон орны тамирчид оролцсон тул тэмцээн өрсөлдөөн ихтэй болсон. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард тус тэмцээнд оролцох тамирчдыг сонгох шалгаруулалт хийсэн юм.Үүнээс шалгарсан нь шигшээ багийнхантай хамт бэлтгэлээ базаасан. Би “Арслан” клубт дасгалжуулагчаар 10 жил ажиллаж байна. Энэ удаа клубийнхээ шавьтай оролцож, тивийн шилдгүүдтэй өрсөлдөх тун сонирхолтой байлаа. Шавь минь өнгөрсөн жил шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, БНСУ-ын мэргэжилтний удирдлагад бэлтгэл базаасан. Монголын шигшээг тус улсын хоёр дасгалжуулагч бэлтгэл хийлгэдгийн нэг нь Хо Ин Ён багш. Тэрбээр манай улсад 2013 оноос өнөөг хүртэл таеквондогийн тулааны төрлийн дасгалжуулагчаар ажиллахдаа тив, дэлхийн тэмцээнд Монголын тамирчдыг удирдан амжилттай оролцуулж байгаа. Улаанбаатарт олон жил амьдарсан болохоор монгол хэлийг маш сайн сурсан. Тиймээс чөлөөтэй ярилцаж ойлголцдог.
-Та энэ спортоор хичээллэсэн анхдагчдын нэг тул олон улс, Азийн наадам, оюутны ДАШТ-д оролцох үеэс тань спорт сонирхогчид мэддэг болсон байх.
-Монголд 2013 онд олимпын таеквондогийн шигшээ багийг бүрдүүлэхэд би тулааны төрлийн тамирчнаар орсон юм. Тэр жилийн долоодугаар сард БНСУ-аас Хо Ин Ён багш биднийг дасгалжуулахаар ирж байв. Харин пүмcэ (тоот дасгал) төрлийн тамирчдыг бэлтгэл хийлгэхээр тус улсаас өнгөрсөн жил И Жэ Вон дасгалжуулагч ирсэн. Миний хувьд хоёр багшийн аль алиных нь удирдлагад бэлтгэл базаасан. Хо Ин Ёны удирдлагад бэлтгэл хийсэн шигшээ багийхнаас П.Тэмүүжин Филиппинд 2016 онд болсон олимпын эрх олгох тэмцээнд мөнгөн медаль хүртэж, Бразилыг зорих эрхийг эх орондоо авчирсан юм. Бид үүнээс өмнө мэргэжлийн тамирчнаар бус клубийн системээр бэлтгэлд хамрагддаг байв. Харин шигшээ багт багтсанаар мэргэжлийн тамирчин ямар байдаг, бэлтгэл сургуулилалт хэрхэн базаадаг талаар солонгос дасгалжуулагчаас маш их зүйл мэдсэний үр дүнд ур чадвараа сайжруулж, олон улсад өрсөлдөх түвшнээ ахиулсан.
-Хо Ин Ён багш дасгалжуулагчаар ажилласнаар Монголын баг олон улсын тэмцээнд амжилттай оролцож эхэлсэн. Тухайн үед тулааны тамирчдын ур чадвар сайжирсан ч пүмсэ төрөл манайд хараахан хөгжөөгүй байсан санагдана.
-Таеквондо бол тулааны нэг төрөл. БНСУаас гаралтай, үндэснийх нь спорт. Тус улсын түүх, соёлтой салшгүй холбоотой. “Тае” гэдэг нь өшиглөх (хөл), “квон” гэдэг нь цохих (гар), “до” гэдэг нь зам мөр буюу урлаг гэсэн утгыг илэрхийлдэг. Олимпын албан ёсны төрөл болж хөгжсөн тул олон орон солонгос мэргэжилтэнтэй. Дэлхийн ихэнх улс таеквондогийн тулаан, пүмсэ төрлийг ижил түвшинд хөгжүүлсэн. Манай улс 2013 онд мэргэжлийн дасгалжуулагчтай болж, тулааны тамирчдын ур чадвар нэг алхам урагшилсан ч пүмсэ (пүмзэ) хөгжөөгүй байв. Тиймээс дотооддоо 2017 оноос эл төрөлд тэмцээн зохион байгуулж, тамирчид бэлтгэж эхэлснээр үзэгчид тулаанаас өөр болохыг ойлгодог болсон юм. БНСУ-аас пүмсэ төрлийн мэргэжилтэн өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Монголд ирснээр шигшээ багийнхны бэлтгэл өмнөхөөсөө илүү сайжирч буй.
-Тамирчин, дасгалжуулагч аль аль нь судалгаатай байж амжилт гаргадаг. Та өөртэйгөө өрсөлдөх тамирчдыг хэр судалсан бэ?
-Улаанбаатарт болсон Азийн АШТ-ий пүмсэ төрөлд БНСУ-ын тамирчин түрүүлж, Вьетнам мөнгө, би хүрэл медаль хүртсэн. Вьетнамын тамирчин тивдээ чансаагаараа VII байрт жагсдаг. Тэмцээний бүртгэл хаагдахаар Дэлхийн таеквондогийн холбооны сайтад тамирчдын мэдээлэл тавигддаг. Тиймээс жин, насныхаа ангилалд оролцох тамирчдын амжилт, техник, ур чадвар, арга барилыг нь судалсан. Би өмнө нь олон улс, тивийн тэмцээнд таарч байгаагүй тамирчидтай өрсөлдлөө. Тэднээс надтай хамгийн хүчтэй өрсөлдөх нь БНСУ-ын тамирчин байв. Түүнээс гадна Тайвань, Вьетнам, Хонконгийн тамирчид дэлхийн чансаа өндөртэй. Өрсөлдөгчдийнхөө тэмцээнд оролцсон бичлэгийг үзэж, өөрийн давуу болон сул талаа харьцуулж, судалгаа хийсэн. Судалгаа хийх нь тамирчин хүнийг амжилт гаргахад нөлөөлдөг. Пүмсэ төрөлд дасгал хөдөлгөөн, гарын хамгаалалт, цохилт, өшиглөлтүүдийг техникийн өндөр түвшинд гүйцэтгэх шаардлагатай тул тэмцээний өмнө маш сайн давтсан. Хүрэл медалийн төлөө Иракийн тамирчинтай өрсөлдөх байсан ч дэвжээнд гараагүй. Тэмцээний хүлээлгийн цаг дуусангуут шүүгчид надад ялалтыг өгсөн юм.
-Тулааныг бодвол пүмсэд хийж гүйцэтгэх дасгалууд нь тодорхой байдаг болохоор өдөр бүр хэдэн мянган удаа давтах нь ур чадвараа ахиулахад үр дүнтэй байдаг уу?
-Тийм ээ. Миний давуу тал бол урд талын (зүүн) хөлийг өндөр өшиглөдөг. Сул тал нь хажуугийн өшиглөлтийг намдуулах гээд байдаг тул бэлтгэл хийхдээ түлхүү анхаарсан. Мөн биеийн тэнцвэр хадгалах дасгалуудыг сайтар давтсан нь тэмцээний үед хэрэг болсон. Таеквондогийн пүмсэ төрөл урлаг, гоо сайхан тал руугаа хөгжсөн. Дэлхийн таеквондогийн холбоо эл төрлийг олимпын наадамд оруулахаар зорьж буй. АНУ-д 2028 онд болох олимпын спортын төрөлд ордоггүй юм гэхэд 2032 оныход багтах болов уу. Тивийн АШТ-д эхний долоон байрт шалгарсан тамирчдад Японы Аичи муж, Нагоя хотод намар зохион байгуулах Азийн XX наадмын эрх олгосон тул олон улс тамирчдаа оролцууллаа. Олимпын таеквондогийн төрлүүдэд 30 хүртэлх насны тамирчдад тивийн наадмын эрх олгодог. Би пүмсэ төрөлд 40 хүртэлх насныхны ангилалд өрсөлдсөн болохоор Азийн наадамд оролцохгүй. Харин аравдугаар сард болох ДАШТ-д ур чадвараа сорино. Миний хувьд БНСУ-д зохион байгуулсан “Ин чон-2014” Азийн XVII наадамд тулааны төрөлд анх удаа өрсөлдөж байлаа.
-Пүмсэгээр хичээллэхэд нас харгалздаггүй. Тиймээс тамирчид олон улс, тив, дэлхийн тэмцээнд хэдэн насандаа ч оролцох боломжтой юм билээ.
-Олны дунд спортын амжилтыг зөвхөн залуу насандаа л гаргах ёстой гэсэн буруу ойлголт байдаг. Эл төрлөөр хожуу хичээллэсэн ч олон улсын тэмцээнд амжилт гаргаж болдгоороо давуу талтай. Үүнийг үзэгчид Монголд болсон тивийн тэмцээнээс ойлгосон байх. Миний хувьд Монголын багийн шагналын салхийг пүмсэ төрөлд хагалсандаа баярладаг. Тэмцээний эхний өдөр эх орондоо анхны медалийг авчирсан болохоор өөрийн эрхгүй догдолсон. Улсаа төлөөлж оролцох болохоор амжилт заавал гаргах ёстой гэсэн өндөр үүрэг, хариуцлага мэдрэгдэж байв. Тухайн үед клубийн дасгалжуулагч, хамт олон, шавь нар, гэр бүл, найз нөхөд гээд олон хүн дэмжиж, урам өгсөн. Монголын тамирчид пүмсэгээр хичээллээд удаагүй ч чамлахааргүй амжилт гаргасан. Тэд хэдэн жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртэх ойрхон байгаа. Пүмсэгээр хичээллэдэг тамирчид хэн нэгэнтэй тулалдахгүй зөвхөн өөртэйгөө өрсөлддөг тул дотоод ертөнцдөө илүү төвлөрдөг. “Дотор хүн”-тэйгээ түлхүү ажиллахад маш их цаг хугацаа, хөдөлмөр, хатуужил тэсвэр шаардана. ДАШТ-д чансаа өндөр тамирчид оролцдог. Сая болсон тивийн тэмцээнд хүрэл медаль хүртсэнээр миний чансаа өмнөхөөсөө дээшилсэн. Үүнээс гадна “Korea open” олон улсын тэмцээнд оролцож, оноо цуглуулна.
-Тулааны төрлөөр олон жил хичээллэсэн танд дасгалжуулагчаар ажиллах хэцүү санагдаагүй байх.
-Би Армийн наадмын тэмцээнд оролцсоныхоо дараа 2016 онд 24 насандаа тамирчны карьераа өндөрлүүлж, дасгалжуулагчаар ажилласан. Хэдийгээр томоохон амжилт гаргаагүй ч сурсан бүх зүйлээ шавь нартаа зааж, тэднийгээ амжилтад хүргэхээр хичээж байна. Намайг тамирчин байхад багш нар минь дасгалжуулагч ямар байх ёстойг бэлтгэл сургуулилалтаараа зааж, дадлагажуулсан нь хожим хэрэг болсон. Би одоо ч багш нараасаа зөвлөгөө авч, тамирч дынхаа бэлтгэлд хэрэгжүүлдэг. Хоёр шавиа 2022 онд болсон ДАШТ-д пүмсэ төрөлд оролцуулахдаа өмнөөс нь бараг сандарсан. Гэрээсээ хол яваа тамирчдаа аав, ээжээс нь дутахгүй анхаарч, урам, сэтгэлийн дэм өгч байлаа. Тэр үед дасгалжуулагчийн ажил ямар амаргүй, үүрэг хариуцлага өндөртэй болохыг мэдэж, багшийгаа илүү ойлгосон. Шавь нарынхаа ур чадвар, бэлтгэл хийлгэж буй өөрийн ажлын үр дүнг бусад орны тамирчин, дасгалжуулагчидтай харьцуулан, алдаа дутагдалдаа дүгнэлт хийж, хойшид зааж зөвлөх зүйлүүдээ олж харсан. Тухайн үед багш нар минь намайг тамирчин байхад яагаад зэмлэж, зөвлөдөг байсны учрыг ойлгож, “Би ийм л түвшинд байсан учраас тэд зөвлөж, зэмлэн өндөр шаардлага тавьдаг байжээ” гэдгийг ухаарсан шүү.
-Охид сагсан бөмбөг, волейболоор хичээллэх гэж дурладаг байхад таны сэтгэл тулааны спорт руу тэмүүлсэн нь сонирхол төрүүллээ.
-Багадаа спортод сонирхолтой байгаагүй. Биеийн тамирын хичээлд нь оролцдог энгийн нэг охин байлаа. Эгч 2008 онд таеквондогоор хичээллэхийг надад санал болгосон юм. Тэрбээр “Чи сунгалт сайтай харагддаг. Энэ спортоор хичээллэхэд яг тохирно” гэв. Тухайн үед тулааны спортын талаар ямар ч ойлголтгүй байлаа. 17 настайдаа таеквондод анх хөл тавьж, дасгалжуулагч С.Ган-Эрдэнэ багшийн удирдлагад “Арслан” клубт бэлтгэл хийж эхэлсэн. Би багадаа бүрэг ичимхий зантай байлаа. Хи чээллэхээр анх очихдоо цагаан өмсгөлтэй хүүхдүүд бэлтгэл хийхдээ орилж, өшиглөхийг хараад “Би ингэхэд юу руу орчхов доо. Мөнгөө төлсөн юм чинь нэг сар л яваад үзье. Чадахгүй бол болихоос” гэж бодож зогссон. Нэг их удалгүй дасгалжуулагчийн заасан зүйлүүдийг хурдан сурсан. Бэлтгэл хийх бүрдээ хар бүстэй тамирчдыг харж “Хичээвэл тэдэн шиг болох юм байна” гэдэг итгэл төрж, урам авсан. Түүнээс хойш бэлтгэлээ нэг ч таслалгүй шаргуу хи чээллэж, богино хугацаанд ур чадвараа ахиулсан. 2022 онд пүмсэ төрөлд болсон ДАШТ-д оролцсоныхоо дараа “Тулааны төрлөөс хэдэн жил завсарласан надад үүгээр хичээллэх боломж байна. Амжилт заавал гаргах бус эрүүл, идэвхтэй амьдарч, өөрийгөө хөгжүүлэх нь зөв” гэж бодоод хичээллэх шийдвэр гаргасан.
-Хөвгүүд шиг тулаан сонирхож эхлэхэд гэрийнхэн тань хэр хүлээж авсан бэ?
-Аав залуудаа ушугаар хичээллэдэг байсан болохоор намайг таеквондогоор хичээллэхэд дуртай дэмжсэн. Гартаа дэр бариад “Чи хажуугаас ингэж өшиглөхөд болно, тэгж өшиглөвөл зүгээр шүү” гэж зөвлөнө, ээж “Чи өөрөө сонирхож байвал хичээллэхэд болно” гэдэг байлаа. Дотоод, гадаадын тэмцээнд оролцохдоо аав, ээжээрээ цалингийн зээл авхуулсан удаа цөөнгүй. Амжилт гаргаж эхлэх үеэс холбоо маань дэмжиж, “Өсөх ирээдүйтэй тамирчин” гэж дүгнээд гадаадын тэмцээнд оролцоход зардлыг минь даадаг болсон.
-ДАШТ-д анх удаа оролцсон тухайгаа сонирхуулаач. Том тэмцээнд улсаа төлөөлж тулалдсан болохоор сандарч, эмээх зүйл гарсан байлгүй.
-Гурван жил хичээллээд ДАШТ-д 2011 онд анх оролцсон болохоор сандарч, сайн ч тулалдаагүй. Тэр үед дэлхийн тэмцээн ямар хэмжээнд болдгийг өөрийн нүдээр харж, эх орондоо ирсэн даруйдаа алдаа, дутагдалдаа дүгнэлт хийн, бэлтгэлдээ анхаарал хандуулсан. Түүнээс хойш оюутны Азийн АШТ, ДАШТ-д оролцож, 2014 онд Азийн наадамд өрсөлдөхөөр БНСУ-ыг зорьж байлаа. Азийн наадмаас өмнөх тэмцээнүүд надад олон зүйлийг ойлгуулж, туршлага хуримтлуулахад хэрэг болсон юм. Тус тэмцээнээс хоёр жилийн дараа Ч.Тэмүүжин “Рио2016” олимпод таеквондогийн төрөлд оролцсон нь олны анхаарлыг татаж, Монголын хүүхэд, залуус сонирхож хичээллэсэн. Тухайн үед клубүүдийн ачаалал нэмэгдэж, дүүрэг бүрт шинээр байгуулан элсэлт авч, тамирчид бэлтгэж эхэлсэн дээ. Дасгалжуулагч тамирчдаасаа тү рүүлж алхан, судалгаа хийж байж амжилтад хүргэнэ. Би бусад орны дасгалжуулагчдыг тамирчдаа хэрхэн хөгжүүлж, ур чадварыг нь ахиулсныг сайтар ажиглаж хардаг. Тэмцээн бүр тамирчин, дасгалжуулагчийн аль алинд нь ухаарал, сургамж өгдөг болохоор өмнөхөөсөө илүү амжилт гаргахыг хичээж ирлээ. Шавь нараа медаль авхуулчхаад ажлаараа бахархаж зогсох сайхан санагддаг.
-Дасгалжуулагч бүрд тамирчдадаа урам өгдөг алтан зөвлөгөө бий. Та шавь нартаа юу гэж хэлдэг вэ?
-Би тамирчин байхдаа өөрийгөө хууралгүй бэлтгэлээ чин сэтгэлээсээ сайн хийдэг байлаа. Хичээл зүтгэл гаргах тусам өдөр бүр сайжирч байгаагаа мэдрэх хамгийн сайхан санагддаг сан. Хөдөлмөрлөх тусам хүн өөрийгөө таньж, илүү мэддэг болдог. Үүнийг л шавь нартаа сайтар ойлгуулахыг хичээдэг. Тиймдээ ч тэдэндээ “Клубт хичээллэхээр ирснээ надад харуулах бус, өөрийгөө хөгжүүлж, өдөр бүр бэлтгэлээ сайн хийгээрэй” гэж зөвлөдөг.
-Тулааны спортод мэргэжлийн тамирчид бэлтгэдэг ээжийгээ хараад хүүхдүүдэд тань хичээллэх хүсэл төрж л байгаа даа.
-Манайх хоёр хүүхэдтэй. Охин минь туялзуур сэлмээр хичээллэдэг. Хүү таеквондогоор хичээллэх хүсэлтэй. Хэрэв хүсэл сонирхолтой бол дэмжиж, өөрийн залгамж халааг бэлдэнэ. Манай клуб таеквондогоор хичээллэх хүүхдүүдийг зургаан наснаас нь сонгож авдаг. Хүүхдүүд тулаан, пүмсэ төрлөөр хичээллэдэг тул дасгалжуулагчийнхаа хэлсэн, зөвлөсөн үгийг ойлгож, тогтоох насанд нь бэлтгэл хийлгэх нь зүйтэй. 12-13 нас хүртлээ аль алинаар нь хичээллэж, цаашид өөрийн амжилт гаргах төрлөөр нь дагнадаг юм.