Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллажээ. Сүүлийн үеийн мэдээллээр Баян-Өлгийн Дэлүүн сумд шүлхийн SАТ1 хэвшил нэмж илэрчээ. Тиймээс Ховд аймгийн Онцгой комиссоос тус сумтай хил залгаа нутагт урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг эрчимжүүлсэн аж. Өнгөрсөн баасан гаргийн байдлаар Ховдын хэмжээнд нийт 10 голомтод 96 өрхийн 838 мал өвчилсөн байв. Үүнээс 597 толгой мал устгалд оруулж, Булган сумын 248 малыг тодорхой шалтгааны улмаас устгаагүй аж. Булган, Үенч сумын эрсдэлтэй бүсэд 165 өрхийн 23 311 толгой мал байгаа бол нийт 564 айлын 259 248 малыг үзлэг, тандалтад хамруулсан гэнэ. Мал эмнэлгийн газар, тасаг, үржлийн нэгжүүдээс Булган, Үенчид мэргэжлийн 18 баг ажиллаж, хариу арга хэмжээний багт аймгийн шуурхай штабын 20 албан хаагч ээлжээр жижүүрлэж байна гэв. Халдвараас хамгаалж, зургаан сумын 14 цэгт хээрийн штаб байгуулжээ. Эдгээр штабт цагдаа, онцгой байдал болон төрийн албан хаагч нийт 568 хүн ажиллаж байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Ховд аймгийн хэмжээнд хурдан морины уралдаан болон бүх нийтийн арга хэмжээ хурал, зөвлөгөөн, тэмцээн, баярын үйл ажиллагааг бүрэн зогсоосон байна.
С.Дулам