Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, скүүтер, сурронтой холбоотой маргааныг цэгцлэх төслийг өнгөрсөн баасан гарагт УИХ-аар эцэслэн баталлаа. Энэ талаар санаачлагч гишүүн П.Батчимэг мэдээлэл хийв. Уг хуулийн дагуу дээрх тээврийн хэрэгслийг 18-аас дээш насныхан унаж, хөдөлгөөнд оролцох хязгаар тогтоож буй юм. Үүнээс доош насны хүүхдүүд хэрэглэвэл Зөрчлийн тухайн хуулиар хариуцлага тооцно. Мөн тухайн хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч, эцэг, эхэд 200 мянган төгрөгийн торгууль ногдуулах хуультай болж байна. Гишүүн энэ талаар “ГССҮТ-өөс өнгөрсөн долоо хоногт 221 иргэн суррон, скүүтерээс үүдэн гэмтсэн гэсэн мэдээлэл өгсөн. Энэ төрлийн осол нэмэгдэж буй нь суррон, скүүтерээр явган зорчигчийн замаар хөдөлгөөнд оролцох ёсгүйг харуулж байна. Тиймээс эдгээрийг мопедын ангилалд оруулж, зөвхөн дугуйн, хэрэв ийм замгүй бол авто замын зорчих эгнээний баруун хөвөөгөөр хөдөлгөөнд оролцуулахаар хуульчиллаа. Үнэндээ энэ хуулийг иргэд хүлээж байсан” гэлээ.
Хуулийн төслийг боловсруулахдаа Казахстан, Сингапур, Өмнөд Солонгос болон Австрали зэрэг улсад суррон, скүүтерийг замын хөдөлгөөнд хэрхэн зөв боловсон оролцуулдаг туршлагыг судалжээ. Уг хуулийг ирэх долоодугаар сарын 1-нээс эхлэн мөрдөнө.