Цар тахлаас хойш залуучуудын дунд ажилгүйдэл эрс нэмэгдсэнтэй зэрэгцэн цахимаар, зайнаас ажиллах чиг хандлага эрчимжээд буй. Энэ нь хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нөлөөлж байгааг Нью-Йоркийн Холбооны нөөцийн банкны “Liberty street economics” судалгааны багийнхан шинжилжээ. Тухайлбал, зайнаас ажиллах үед удирдлагуудын зүгээс шинэ ажилтныг сургаж, дадлагажуулахад хүндрэлтэй байдаг тул компаниуд залуучуудыг ажилд авахдаа хойрго хандах болсныг үүнд онцолсон байна. Залуу ажилтан хамт олонтойгоо зэрэгцэн хөдөлмөрлөх үедээ идэвхтэй суралцаж, бусдаас ажиллах арга зүй, зөв чиглүүлэг авах нь элбэг аж.
Түүнчлэн идэр үеийнхний ажилгүйдлийн гол шалтгаан нь хиймэл оюуны хэрэглээ бус, цахимаар ажиллахыг илүүд үзэх хандлага гэдгийг мөн дурджээ. Эдийн засаг тааруу, ажлын байр хомс үед хөдөлмөрийн зах зээлд хөл тавьсан хүмүүс зэх зээлийн таатай нөхцөлд ажлын гараагаа эхэлсэн үеийнхэнтэй харьцуулахад орлого багатай, карьерын өсөлт нь удаан байдгийг олон судалгааны үр дүн харуулсан юм. 2017-2019 онд 29 хүртэлх насны залуучуудын ажилгүйдлийн түвшин дунджаар 3.1 хувьтай байсан бол өдгөө 3.7-д хүрсэн байна.
Д.Сэлэнгэ