Монгол Улсын Хөгжлийн банк болон “Эрдэнэс Монгол” компани стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, хамтын ажиллагаа эхлүүлснээ өчигдөр мэдээллээ. Засгийн газрын бодлого, шийдвэрийн хүрээнд эхлүүлж буй энэхүү түншлэл нь тус банкны санхүүгийн үзүүлэлт, эрсдэл даах чадварыг бэхжүүлэхийн зэрэгцээ олон улсын болон дотоодын зах зээлээс урт хугацаатай, таатай нөхцөлтэй хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэхэд дэмжлэг болох аж. Түүнчлэн эрчим хүч, дэд бүтцийн салбарт болон хүнд аж үйлдвэрийн томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Хөгжлийн банкны оролцоог нэмэгдүүлэх юм байна. Ингэснээр тогтвортой хөгжлийг хангаж, эдийн засгийн өсөлтийг идэвхжүүлэхэд түлхэц болохыг Хөгжлийн банкнаас мэдээллээ.
Энэ талаар тус банкны гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн “Хөгжлийн банкийг бид улсынхаа эдийн засгийг дэмждэг, хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг бодлогын банк болгох зорилгодоо төвлөрч ажиллаж байна. Манай улсын хувьд зээлжих зэрэглэл сайжирсан, эдийн засгийн өсөлт тогтвортой байгаа зэрэг давуу тал бий болсон учраас олон улсын зах зээлээс таатай нөхцөлтэй хөрөнгө босгох, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж бий. Түүнчлэн Хөгжлийн банкны санхүүгийн болон эрсдэл даах чадвар сайжирч буйг дурдах нь зүйтэй. Чанаргүй зээлийн хэмжээг ч шат дараатай бууруулж байгаа бөгөөд оны эхний хагасын байдлаар 80 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсөн бол энэ жилдээ багтан 200 орчим тэрбум төгрөгийн чанаргүй зээлийн өрийг барагдуулах төлөвлөгөөтэй” гэв.
С.Дулам