“Мета” компанийн эзэмшдэг цахим платформууд богино хугацаанд доголдсон нь мянга мянган хэрэглэгчийг сандаргажээ. Тодруулбал, цахим сүлжээний саатлыг бүртгэж, хянадаг “downdetector.com” сайтад мэдээлснээр тус асуудал өнгөрсөн баасан гаргийн 09.20 цаг орчимд эхэлсэн гэнэ. Цөөнгүй хүн тус домэйн руу энэ талаар гомдол мэдүүлсэн ч хэсэг хугацааны дараа аажмаар хэвийн болсон хэмээжээ. Зарим хэвлэлд мэдээлснээр 11.45 цагт фэйсбүүк, инстаграмтай холбоотой гомдол эрс буурсан аж. Доголдол оргил түвшиндээ хүрч, “таг” гацах үед аппликэйшнүүдтэй холбоотой мэдээлэл 130 мянгад хүрсэн байна. Эл сайтын үзүүлэлт нь хэрэглэгчдийн ирүүлсэн санал, гомдолд тулгуурладаг тул бодит байдалд үүнээс ч олон хүн өртсөн байж болзошгүйг онцолсон.
Үйлчилгээ хэвийн болсны дараа хүмүүс “Хэсэг хугацаанд хэцүү байдалд орлоо”, “Фэйсбүүк ингээд л устчихвал цахим суурьтай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэцүүдэх нь” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Одоогоос хоёр жилийн өмнө ийм төрлийн саатал гурав, өнгөрсөн онд хоёр удаа бүртгэгдэж байв. Харин 2026 он гарснаас хойших “Мета”-гийн анхны доголдол энэ боллоо.
Д.Хэрлэн