Залуусын бүтээлч сэтгэлгээ, инновацын чадавх, асуудал шийдвэрлэх ур чадварыг хөгжүүлэх замаар хотын тулгамдсан асуудлыг техник, технологи, судалгаа шинжилгээнд суурилан шийдвэрлэх, шилдэг шийдлийг нэвтрүүлэх зорилготой “Улаанбаатар хакатон-2026” тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа. Нийслэлийн Бизнес, инновацын газар болон ШУТИСийнхны хамтран зохион байгуулсан тус уралдаанд бакалаврын болон ахисан түвшний оюутнуудаас бүрдсэн нийт найман баг оролцож, хотын хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн инновацын шийдлүүдийг боловсруулан өрсөлдсөн байна. Төслүүдийг шинэлэг санаа, хэрэгжүүлэх боломж, нийгэм, эдийн засгийн үр өгөөж, тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн байдал болон нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чадамж зэргийг нь харгалзан үнэлжээ.
Шүүгчдийн нэгдсэн дүнгээр “EV future” багийн “Цахилгаан автомашины цэнэглэх станц байгуулах” төсөл тэргүүн байрт шалгарчээ. Уг төсөл нь цахилгаан автомашины хэрэглээг дэмжих, цэнэглэх дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар байгаль орчинд ээлтэй тээврийн шийдэл хөгжүүлэх зорилготой аж. Харин дэд байрт шалгарсан CCS багийн боловсруулсан эрсдэлийн удирдлагын ухаалаг системийн шийдэл нь эрсдэлтэй бүсүүдийг автоматаар үнэлэн, газрын зурагт түвшнээр нь ялган харуулах, иргэдэд гар утасны аппликэйшн, зурвасаар дамжуулан анхааруулга, яаралтай нүүлгэн шилжүүлэх мэдээллийг шаталсан хэлбэрээр хүргэх онцлогтой гэнэ.
О.Ундрах