Шүүхийн үйл ажиллагааг үнэлэх “Шүүхийн индекс 2025” судалгааг “Нээлттэй нийгэм форум”, “Оюуны инновац” ТББ-ынхан хамтран хийснээ өчигдөр танилцууллаа. Энэ удаагийн судалгаа нь 2025 оны сүүлээр бүрэн эрх нь дууссан Шүүхийн ерөнхий зөвлөлийнхний ажилд дүн тавихын зэрэгцээ шинээр томилогдсон бүрэлдэхүүний гарааны цэгийг тодорхойлж буйгаараа онцлогтой гэнэ.
Монгол Улсын шүүх 2025 оны индексээр 100 онооноос 57.33-ыг авсан нь 2021 оныхоос 5.39, 2023 оноос 4.11-ээр ахисан үзүүлэлт аж. Нэгдсэн дүнг олон нийтийн болон салбарын мэргэжилтнүүдийн санал асуулга, статистик мэдээлэл гэсэн гурван эх сурвалжид суурилж, үндсэн зургаа, дэд 42 хэмжигдэхүүн, 111 шалгуур үзүүлэлтээр гаргасан байна. Үүнд Улаанбаатар хот болон 21 аймгийн төлөөлөл болсон 18-аас дээш насны 2009 иргэн, шүүгч, өмгөөлөгч, прокурор тус бүр 150, бусад салбарын 50 хуульч гээд нийт 500 хүнийг хамруулжээ.
Судалгааны дүнгээс үзэхэд шүүхийн индексийн ерөнхий оноо нь бүх хэмжигдэхүүнээс бус, үндсэн дөрвөн чиглэлийн өсөлтөөс голлон шалтгаалсан аж. Тухайлбал, шүүхэд итгэх олон нийтийн итгэл өмнөх үнэлгээнээс 7.33 оноогоор нэмэгдэж 55.73, шүүхийн дэд бүтэц, нөөц 7.23аар дээшилж 50.41-д хүрсэн нь хамгийн өндөр өсөлт гэнэ. Мөн шүүхийн эрх хэмжээ, бие даасан байдал 5.86, шүүг чийн ёс зүй, хариуцлага 3.7 оноогоор нэмэгдсэн нь нийт дүнд эергээр нөлөөлжээ. Үлдсэн хоёр хэмжигдэхүүн болох шүүхийн нээлттэй байдал болон үр ашигтай ажиллагааны хувьд огцом өсөлт ажиглагдаагүй, тогтвортой түвшинд байж.
Хэдийгээр шүүхэд итгэх олон нийтийн итгэл нэмэгдсэн гэсэн ерөнхий дүн гарсан ч шүүх хэрэг маргааныг боломжийн хугацаанд шийдвэрлэдэг, шүүхийн тогтолцоонд авлига нөлөөлдөггүй гэсэн асуулгатай олон нийт санал нийлэлгүй, 22.56, 29.76 оноо өгснийг судлаачид онцоллоо.
Б.Ариунжаргал