Улаанбаатар болон БНСУ-ын Гуанжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд энэ сарын 3-нд нээлтээ хийсэн билээ. Гуанжу хотын Уран зургийн музейн санаачилсан “Соёлт хот Гуанжу” олон улсын төслийг 2015 оноос хойш БНХАУ-ын Гуанжоу, АНУ-ын Сан Антонио, ХБНГУ-ын Берлин, Японы Фүкүока, Италийн Торино, Тайландын Бангкок зэрэг дэлхийн олон хотод амжилттай хэрэгжүүлж, орчин үеийн урлагаа сурталчилж ирсэн түүхтэй. Уг үзэсгэлэнг 2026 онд Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулж буй нь энэ юм.
Энэхүү үзэсгэлэнд Гуанжу хотын медиа арт, инстоляцын зургаа, Монголын орчин үеийн дүрслэх урлагийн төлөөлөл болсон зургаан уран бүтээлч хамтран оролцож, 30 гаруй бүтээлээ дэлгэжээ. Тэд нийгэм, соёлын өөрчлөлт, хотын өнгө төрх болон хувь хүний дотоод ертөнцийг өөр өөрийн өвөрмөц хэлээр туурвисан байна.
Үзэсгэлэн зургаадугаар сарын 25-ныг дуустал өдөр бүр 09.00-18.00 цагийн хооронд дээрх галерейд нээлттэй байх юм. Хоёр хотын уран бүтээлчдийн дотоод ертөнцийн сонирхолтой өнцгүүдийг харуулсан эл үзэсгэлэнд саатаарай.
Б.Ариунжаргал