Манай улс өнгөрсөн жил 15.7 тэрбум ам.долларын (одоогийн ханшаар 52-53 их наяд төгрөг) бүтээгдэхүүн экспортолжээ. Уг орлогын 90 орчим хувийг чулуун нүүрс, алт, зэс болон төмрийн хүдрийн нийлүүлэлтээс бүрдүүлсэн байна. Нөгөөтээгүүр, 2025 онд улсын төсвийн орлого ойролцоогоор 30 гаруй их наяд төгрөг байсан бөгөөд үүний 30- 35 хувийг эрдэс баялгийн борлуулалтад ногдох татвар, төлбөр, шимтгэл зэргээс “босгожээ”. Өөрөөр хэлбэл, улсаа хөгжүүлж, эдийн засгаа “хөдөлгөх”-өөр зарцуулж буй 1000 төгрөг тутмын 300-350-ыг нүүрс, алт, зэс борлуулсан хөрөнгөөс олсон хэрэг. Цаашид ч эл байдал үргэлжилж, бид уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний орлогоос төсөв, хөрөнгийн эх үүсвэрийнхээ дийлэнхийг бүрдүүлж амьдрах төлөвтэй. Гэхдээ байгалийн баялгаа “ашиглуулмааргүй” байдаг, яах вэ.
1990 он гарч төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжсэнээр улсын үйлдвэрүүд дампуурч иргэд ажилгүй болсон. Ажилгүй, суурь хөрөнгөгүй хүмүүс мөнгө хайна биз дээ. Тэгээд БНХАУ, ОХУ дамнан явж наймаа хийхээс гадна түнш буюу бизнесийн хамтрагч хайж эхэлсэн. Тухайлбал, Ховд аймгийн иргэн дэлгүүр ажиллуулахаар урд хөршийн Такшкен боомтод амьдардаг хятад хүнтэй түншилжээ. Түнш нь хөрөнгийг нь гаргаж, тэд Ховдын төвд дэлгүүр, цайны газар нээсэн жишээ байна. Төрөл бүрийн бараатай дэлгүүр, лаазтай хийжүүлсэн ундаа зардаг цайны газарт нь хүүхдүүд дүүрэн. Айлын эхнэрүүд дэлгүүрээс нь саатай өмд зээлж, гангардаг сураг ч дуулдсан. Цайны газар, дэлгүүр нь ашигтай ажилласаар 2010 он гэхэд барилгын компани болон өргөжсөн түүхтэй. Одоо бодоход мөнгө зээлдүүлэгч нь хөрөнгө оруулагч, зээлж бизнесээ эхлүүлэгч нь гадаадын хөрөнгө оруулалтыг татагч байж. Тухайн үед “хөрөнгө оруулагч намайг мөлжлөө, би үүнээс илүүг хүртэх эрхтэй” гэж элдэв юм ярьж, уурлан, бизнесээ сүйтгээгүйг бодоход шударга зарчим үйлчилсэн бололтой.
Ерээд онд цайны газар, дэлгүүр зэргээс эхлүүлж байсан хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа өргөжин өргөжсөөр газар тариалан, улмаар уул уурхайн салбар руу улс даяар шилжсэн. 2000 оноос эхлүүлэн манай улсын байгалийн баялгийг олборлох, ашиглах боловсруулах зорилготой зөвхөн хятадын биш, барууны орнуудын бизнес эрхлэгч, төлөөлөг чид идэвхжих болов. Энгийнээр хэлбэл, газрын хэвлийн баялгийг олборлох, боловсруулах, тээвэрлэхтэй холбоотой зардлыг гадаадынхан дааж, бид тусгай болон бусад зөвшөөрлийг гаргуулж, газар нутгаа эзэмшиж эхлэв. Үүнээс улбаалж тусгай зөвшөөрөл, лицензийн наймаа ч дэлгэрсэн. Нэг иргэн 400 орчим лиценз эзэмшин, зарж борлуулдаг байсныг тогтоон, арга хэмжээ авсан удаа ч бий. Эдгээрээс шалтгаалж уурхайн олборлолтын талбар дахь нөхөн сэргээлт, байгаль орчны хяналт алдагдан, хариуцлагагүй уул уурхай гэсэн ойлголт бий болсон. Хариуцлагагүй уул уурхайн балгаар Монголд 2000-2020 онд 40 000 орчим га талбай сүйдсэн аж. Үүнээс 8000-10 000 га-г нэн даруй нөхөн сэргээх шаардлагатай болж, 2020-2023 онд 9000 гаруй га талбайг торджээ. Цаана нь нөхөн сэргээх шаардлагатай 30 000 га талбай бий гэсэн үг. 30 000 га гэдэг нийт нутаг дэвсгэрийн хувьд бага хэмжээ мэт боловч нэг айлд 0.7 газар өмчлүүлж буйтай харьцуулан бодоход 43 000 орчим айлын хашааны газар юм. Ийм том хэмжээнд хэрэв 10 метрээс гүн нүхнүүд, эсвэл шороон далан үүсчихсэн бол хэдэн ч хүний амь насанд хүрэх эрсдэлтэй. Уул уурхайн салбараас үүсээд буй бодит аюулын нэг энэ.
Үүнээс ч шалтгаалдаг уу, эсвэл улс төрийн зорилго, мэдлэг, мэдээлэлгүйн хар гай юу монголчуудаас цөөнгүй нь уул уурхайн компаниудын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын бодлогыг шүүмжилж, тэмцэх явдал тасрахгүй байна. 2010 онд Оюутолгойн гэрээг хэрэгжүү лэхээр барилгын ажлыг эхлүүлснээс хойш л “хэрэлдсээр” 16 дахь жилийнхээ нүүрийг үзлээ. Гол шалтгаан нь хөрөнгө оруулалтын гэрээ хуудуутай, байгалийн баялгаа завшуулж, ашиг хүртэхгүйд бий гэдэг. Энэ талаар Баянгол дүүргийн иргэн Ч.Арвиндалай “Манай хүү Оюутолгойн туслан гүйцэтгэгч компанид ажилладаг, 14 хоног ажиллаад, 14 хоног амардаг. Цалин нь дөрвөн сая орчим төгрөг гэсэн. Тэдний компани 50 гаруй ажилчинтай юм билээ. “Оюутолгой” чинь зөвхөн зэс биш, зэстэй шороон дундаа алт гаргадаг, өдөр, шөнөгүй хүмүүсийг ажиллуулдаг компани. Монголын баялгийг ховх сороод л дуусгана. Би хүүгээ тийм шимэгч компанид ажиллахаа боль гэсэн. Даан ч цалин өндөр бас хариуцлагатай, амралт ихтэй гээд халгаахгүй юм. Ер нь манай залуучууд зөвхөн өөрсдийн хар толгой, өнөө маргаашийн орлогыг боддог нь нууц биш. Хүний, өөрийн хүүхэд гэлтгүй, залуучууд эх оронч бус байна” гэлээ. Хүү нь сарын дөрвөн сая төгрөгийн цалинтай, хийж буй ажилдаа дуртай байгаа нь яагаад эх оронч бус үйлдэл болохыг түүнээс асуухад юм хэлсэнгүй. Хамгийн гол нь байгалийн баялгаа шулуулахгүй, гадаадын иргэдэд мөлжүүлэхгүй гэсэн байр сууриндаа бат зогсох аж.
“Оюутолгой” компанийн бүтээн байгуулалтыг Өмнөговь аймагт 2010 онд эхлүүлж, ил уурхай ашиглаж явсаар 2021 онд газрын гадаргаас доош 1.3 орчим км-ийн гүнд далд уурхай байгуулсан. Энэ нь Оюутолгой ордын байгалийн тогтоц, зэсийн хүдрийн тархацтай холбоотой, нарийн технологи юм. Төслийн ажлыг эхлүүлснээс хойшхи бүх зардлыг “Рио Тинто” компани гаргаж, бид бүтээн байгуулалтын өөрт ногдох зардлаа зээлсэн. Зээл хүүтэй, хүү нь алдангитай бас анхны хөрөнгө оруулалтаа компани нөхөж, ашиг хүртэж эхлээгүй нь бидний зовлон. Ашиг авах бүү хэл, зээлийн хүү, төлбөрт дарлуулсаар. Тиймээс ч Оюутолгойн гэрээг байгуулсан тухайн үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд, УИХын гишүүдийг өнөө хэр зүхээстэй. Гэрээг даруй цуцал, “Рио Тинто”-г хөө гэсэн уриатай. Гэтэл Оюутолгойн ордод 2010-2023 онд 17 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулжээ. Түүнчлэн “Оюутолгой” компани энэ оны эхний улиралд 2.2 их наяд, 2010 оноос хойш нийт 16.6 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлснээ мэдээлсэн. Ийм компанийг хөөж, ийм хамтын ажиллагааг цуцлах нь зөв үү. Би лав буруу гэж хэлнэ. Гэрээний үүрэг, талуудын хүлээх хариуцлага, урт хугацааны өгөөж, цаашдын хамтын ажиллагаа зэргийг тооцох учиртай. Асуудлаа шийдвэрлэж, гэрээгээ шинэчлэх сайжруулах, хөрөнгө оруулагчдынхаа эрх ашгийг хамгаалах, тогтвортой хамтран ажиллах үүргийг үе үеийн Засгийн газар хариуцах ёстой. Энэ тухайд эдийн засагч, хөрөнгө оруулалтын шинжээч Б.Тунгалаг “Оюутолгой” компанид манай хамгийн том, гуравдагч орны хөрөнгө оруулалт орсон. Одоогоор нийт 20 000 орчим хүн ажиллаж буйн 97 хувь нь монголчууд. Мөн нийт ажилчдын 25 хувь нь Өмнөговийн иргэд. 2014-2024 онд Оюутолгой төсөл манай улсын нийт экспортын орлогын 17, эрдэс бүтээгдэхүүний нийлүүлэлтийн 20 хувийг бүрдүүлсэн. Улмаар гадаад валютын нөөцийн 44 хувийг эл төслийн үр дүнд олсон статстик бий. Төслийн эдийн засаг дахь өгөөжийг эл тоонуудаас л харж болно. Эдийн засгийн өсөлт иргэдийн амьжиргааны баталгаа биш үү” гэлээ.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАМГААЛСАН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ГАРГУУЛНА
Ховд аймгийн Мянгад сумын нутагт газрын ховор элементийн хайгуул, судалгааны ажлыг эхлүүлэхээр “Монголиан нэйшнл рийр ийрт корп” компани нь (MNREC) нь 2010 оноос ажиллажээ. Мянгад сум дахь газрын ховор элементийн илэрц бүхий нутагт “Халзан бүрэгтэй” төслийг хэрэгжүүлэх юм. Хэрэв уг төслийн ажил урагшилж газрын ховор элемент олборлоод эхэлбэл бид “шинэ алт, шинэ газрын тос”-ны нөөцтэй болж, өндөр технологийн салбарын түүхий эд нийлүүлэлтийн талбарт олон улсад байраа эзэлнэ. Чухал ашигт малтмалын 70 орчим хувийг дангаараа нийлүүлж буй урд хөрштэй зохих түвшинд өрсөлдөнө. Ажлын байр, эдийн засгийн өгөөж зэргийг ч авч үзэх хэрэгтэй. Гэтэл MNREC компанийн ажлыг хийлгэхгүй, иргэд нь тэмцээд эхлэв. Уурхайн кэмп дэх ажилчдын гэрийг нурааж, машин, тоног төхөөрөмжийг ажиллуулахгүй зогсоож, улмаар орон нутгийн цагдаа нарын эсрэг ч “дуугаа чангалцгааж” байна. Бас Дорноговь аймагт ураны шар нунтаг олборлон, борлуулах зорилготой “Орано” компанийн ажлыг ч улдан чангааж, байнга тэмцсэний эцэст 25 жилийн дараа 2024 онд Монгол Улсын Засгийн газартай тэд гэрээ байгуулсан. Энэ мэтээр бид орлого олж, баяжих хүсэлтэй боловч, түүнийг төвлөрүүлж, баялаг бүтээж болох мэдлэг, туршлагатай компани, аж ахуйн нэгжийг эсэргүүцсээр л байгаа юм. Энэ талаар ямар арга хэмжээ авч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хэрхэн хамгаалж буй талаар Эдийн засаг, хөгжлийн яамнаас тодрууллаа. Тус яамны харьяа Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвийг хариуцсан ахлах мэргэжилтэн С.Баатархүү “Засгийн газрын түвшинд ч салбарын яамны хувьд ч хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, үйл ажиллагааг нь саадгүй явуулахад анхаарч байна. Хуулийн дагуу гэрээгээ байгуулсан ямар ч компанийг бид дэмжинэ. Ийм зорилгоор Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвийг энэ оны нэгдүгээр сард байгуулсан. Тус төвд 1-5 дугаар сард 23 гомдол ирүүлснээс зургаагийнх нь асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлэлээ. Түүнчлэн “Халзан бүрэгтэй” төслийн асуудлыг ч мөн Засгийн газарт дэвшүүлж, тогтоол гаргуулахаар ажиллаж байна. Ингэснээр төслийн ажил саадгүй урагшлах боломж бүрдэнэ” гэлээ.
Монголд 2004 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Австралийн хөрөнгө оруулалттай “Орика Монголиа” компанийн гүйцэтгэх захирал С.Мандахбат “Манайх гадаадын хөрөнгө оруулалтыг татъя, төсвөө тэлье гэж ярьдаг ч төдийлөн анхаарахгүй байна. Хайгуулын салбарын үйл ажиллагаа үндсэндээ зогссоны улмаас хөрөнгө оруулалт орж ирэхгүй удлаа. Бас зэсийн АМНАТ дэлхийн түвшнээс өндөр байгаа нь олон төслийг зогсонги байдалд орууллаа. Зарим газарт орон нутгийнхны эсэргүүцэл хүчтэй болж, уурхайн талбайд ажил хийлгэхээ болив. Цаашид орон нутгийн төсвийн хуваарилалтад уул уурхайн компаниудынх нь татвараас ногдуулж, дэмжлэг үзүүлж, орон нутаг болон уурхайн харилцааг илүү тодорхой болгохгүй бол нөхцөл байдал улам дордоно. Шийдвэр гаргах түвшнийхэн хэчнээн сайхан юм яриад, уул уурхайн компаниуд хэдэн ч төгрөгийн татвар төлж, хуулийн дагуу ажиллаад нэмэргүй” гэлээ.
Дэлхийн аль ч орон эхлээд газраа “малтаж”, газрынхаа өгөөжөөс хөрөнгө босгосон түүхтэй. Ямар ч улс агаараас, эсвэл уснаас алт, зэс, нүүрс олоогүй, бүтээгээгүй. Тиймээс манай улс ч эл жишгийг дагахаас өөр гарцгүй. Ялангуяа эдийн засаг нь зөвхөн эрдэс баялгийн борлуулалтын орлогоор хэмжигддэг, цөөн тооны ашигт малтмал экспортолдог гэдгээ умартаж болохгүй. Гэлээ гээд хаана ч хамаагүй, бүх газрыг малтаж сэндийл, аль ч улсын ямар ч компанитай нийлж, зөвхөн мөнгө олъё гэсэнгүй. Тогтвортой үйл ажиллагаа явуулж, ажлын байр бий болгож, татварын орлогод жин дарж буй компаниудаа дэмжих учиртай. Мөн стратегийн чухал түүхий эд нээн илрүүлэх, олборлох компанийг бүр ч илүүтэй дэмжин, экспортоо солонгоруулах, улмаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Эдгээртэй холбоотой гэрээ байгуулах, хариуцлага үүрэх, гэрээний хэрэгжилтийг хангуулах зэрэг асуудлыг Засгийн газар дааж, ард түмний дунд талцал, хэрүүл үүсгэхгүйгээр ажиллах учиртай. Бид УИХ-ын гишүүдийг иргэдийн төлөө оновчтой бодлого, шийдвэр гаргаж, зөв гэрээ байгуулж, улс орноо хөгжүүлнэ хэмээн сонгодог, тэд цалинждаг. Мөн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нэг хэрэг, түүнийгээ явцын дунд илүү сайжруулж, алдаагаа засаж, улам “чангарах” нь чухал.
Эцэст нь хөрөнгө оруулагчдаа хөөж туух биш, “хөлд нь сууж”, найр тавих ч бус, харилцан эрх тэгш, нүүр тулж харьцдаг байх сан. Асуудлаа ард түмэнд нялзаадаггүй, хэрүүл болгож дэвэргэдэггүй, ажил хэрэгч, мэдлэгтэй, тогтвортой төртэй, төрийн албаныхантай болох сон.
С.Дулам