Нэрт уртын дуучин, МУГЖ С.Сумъяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан энэ сарын 13-14-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумд болно. Монгол үндэстний давтагдашгүй соёлын биет бус өв болсон уртын дууг судлан шинжлэх, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах зорилгоор Монголын уртын дууны холбоо, аймгийн ЗДТГ, Соёл, урлаг, аялал жуулчлалын газар, Хөгжимт драмын театрынхан энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулж байна. Уралдааныг мэргэжлийн болон өвлөн уламжлагчдын гэсэн хоёр ангиллаар явуулах аж.
Самбуугийн Сумъяа нь 1941 онд Өвөрхангай аймгийн Сант сумд төрж, “Зээргэнтийн шил”, “Торой банди” тэргүүтэй уртын дууг анхлан сурч, уран бүтээлийн гараагаа эхлүүлж, түүнээс хойш 70 гаруй дууг өөрийн өвөрмөц арга барил, өнгө аясаар түмэн олныхоо сонорт хүргэжээ. Мөн “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаа, Ч.Ойдовын “Далан худалч” хөгжимт драмын жүжгийн Пагам зэрэг 50 гаруй жүжгийн гол болон туслах дүр бүтээсэн байна.
М.Гэгээ