Насанд хүрээгүй хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах тухай асуудлыг Боловсролын сайд П.Наранбаярын үеэс ярьсан билээ. Хуулийн төслийг анхлан боловсруулахдаа Австралийн хэрэгжилт, үр дүн муутай хуулийг эш үндэс болгосон нь эдүгээ маргаан дагуулаад байна. Тодруулбал, гурван удаа хэлэлцүүлсэн гэх Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг маш хянуур боловсруулж, тэр дундаа хууль баталсны дараах үр нөлөөний судалгаанд үндэслэхгүй бол ямар ч үр дүнгүй, эсрэгээрээ хүүхдийн эрх зөрчих, цаашлаад сэтгэл зүйд нь ч дарамт учруулж болзошгүй гэдгийг эрх зүйчид, холбогдох албаныхан хөндлөө.
Хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах тухай хуулийг австраличууд яаран баталж хэрэгжүүлснээр цөөнгүй сөрөг үр дагавар гараад буйг тус улсын “Molly rose foundation”-ынхан судалж тогтоожээ. Тэд Австралийн сошиал медиаг хязгаарлах хуулийн хэрэгжилтийг үнэлж, судалгааны дүнгээ өнгөрсөн дөрөвдүгээр сард танилцуулсан байна. 12-15 насныхныг хамруулан хийсэн судалгаагаар хүүхдүүдийн 61 хувь нь өмнө нь хэрэглэж байсан платформууддаа нэг болон түүнээс олон хаягаар нэвтрэх боломж нь хэвээрээ байгаа гэж хариулжээ. Мөн 50-иас дээш хувь нь тикток, юүтүб болон инстаграм хаягуудаа хэвийн ашиглаж буйгаа хэлсэн байна. Түүнчлэн 70 хувь нь хориглосон гэх сайтуудаар зочлох боломжтой байгаа аж. Хязгаарлалтыг “давах” өчнөөн арга ч бийг дурджээ. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн 51 хувийнх нь цахим аюулгүй байдалд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Улмаар онлайнаар дамжуулан авдаг найз нөхдийн харилцаа нь үгүй болж, дагаад сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлжээ.
Олон улсын судлаачид энэ төрлийн хуулийг хүүхдийн эрхийг хамгаалах нэрийн дор цахим орчинд дахь үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл эрж хайх, авах зэрэг эрхэд нь халдаж буй хэлбэр хэмээн тодорхойлоод байна. Иймд манай улс Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслөө батлуулах гэж яаран зүтгүүлэлгүй алдаа мадгийг нь засаж, хийдэл давхардлыг арилган, олон талын эх сурвалжуудаар ул суурьтай хэлэлцүүлэх шаардлага эдүгээ тулгараад буй юм.
О.Оргилох