Манай улсын эрүүл мэндийн тогтолцооны нэн тулгамдсан асуудал нь газар зүйн байршил, төвлөрлөөс үүдсэн бэрхшээл. Тэр дундаа орон нутгийн эмнэлгүүд одоо болтол тоног төхөөрөмж, орчин нөхцөл муутайн дээр нарийн мэргэжлийн хүний нөөцийн дутагдалд орчхоод байна. Үүнээс болоод иргэд нийслэлийг зорихоос өөр сонголтгүй хэвээр байгаа нь гунигтай. ЭМЯ, үе үеийн сайд нарынх нь төвлөрлийг сааруулах бодлого огтоос хэрэгжихгүй байгааг Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос саяхан ил болгов. Иргэд эмнэлгийн тусламж авахын тулд санхүү болоод цаг хугацаа, эрүүл мэнд, цаашлаад амиа алдсаар байгаа нь харилцаа холбоо өндөр хөгжсөн өнөө цагт гаргаж боломгүй алдаа юм. Улмаар малчид, алслагдсан бүсийн иргэд тэргүүтэй зорилтот бүлгийнхэн анхан шатны тусламж хүртэл авч чадахгүй, үйлчилгээний тэгш бус байдлын “амьд гэрч” болоод буйг ХЭҮК-ынхон тодотгосон билээ.
Орон нутгийнхан өчнөөн зуун км зам туулан хотод ирлээ ч улсын эмнэлгүү дийн ачааллаас шалтгаалан цаг авч чадалгүй буцах, олон хоногоор хүлээх зэрэг хүндрэл түгээмэл хэвээр байгааг ХЭҮК-ын сүүлийн гурван жилийн хугацаанд хийсэн “Иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт” хяналт, шалгалтын тайланд онцолжээ. Тэд эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, илэрсэн зөрчил, дутагдалд тулгуурлан Монгол Улсад иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрх огтхон ч хангагдахгүй байна гэсэн дүгнэлтэд хүрээд буй.
Энэ талаар ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир “Монголд сүүлийн 10 жилд эрүүл мэндийн байгууллагын тоо 51.5 хувиар өссөн. 1000 хүнд ногдох эмчийн тоо ч дэлхийн дунджаас өндөр. Тэгсэн хэрнээ одоо ч тусламж, үйл чилгээний хүртээмж муу, ачаалал их гэсэн гомдол тасрахгүй байгаагийн гол шалтгаан нь нарийн мэргэжлийн эмчийн хомсдолтой холбоотой. Тэдний олонх нь Улаанбаатарт ажиллаж, амьдардаг. Өөрөөр хэлбэл, хөдөөд өндөр технологийн аппарат, тоног төхөөрөмж, урвалж, оношлуур хангалтгүй, ур чадвартай боловсон хүчин ч ажиллахаа больсон байна. Нэг үеэ бодвол аймаг, сумуудын эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээ сайжирсан болов уу гэж иргэд итгэдэг. Гэвч орчин нөхцөл өнөө л бахь байдгаараа. Улсын хэмжээнд явуулсан судалгаагаар иргэдийн 67 хувь нь энэ шалтгаанаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд бүрэн хамрагдаж чаддаггүй, 33 хувь нь сүүлийн нэг жилийн хугацаанд огт тусламж аваагүй гэж гомдоллосон. Иймд эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад анхаарах, эмч, сувилагчийн харьцааг тэнцүүлэх, орон нутагт нарийн мэргэжлийн эмч нарыг олноор ажиллуулж, төвлөрөл, чирэгдлийг нэн даруй бууруулах шаардлагатай байна” гэсэн юм.
С.Тунгалагтамирын хэлсэнчлэн улсын хэмжээнд 1000 хүнд ногдох эмчийн тоо нэмэгдсэн ч эсрэгээрээ нарийн мэргэжлийн боловсон хүчний хомсдол нүүрлэжээ. Тодруулбал, ерөнхий мэргэжлийн эмч 638, нүднийх 638, хүүхдийнх 439, эмгэгч судлаач мөн 439, яаралтай тусламжийнх 318, сэтгэцийнх 260, мэдээгүйжүүлгийн 237 эмч дутагдалтай байгааг дээрх хяналт, шалгалтаар илрүүлжээ. Үүнээс үүдэн орон нутгийн хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн тусламжийг бусад мэргэжлийн хүмүүс хавсран гүйцэтгэх, заримд нь уг үйлчилгээг огт үзүүлэхээ больж. Энэ нь эмнэлгийн үндсэн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид шууд сөргөөр нөлөөлж, алслагдсан бүс нутагт хүрч үйлчлэх боломжгүйд хүргэжээ.
АМЬ ТЭНССЭН ҮЕИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ЭМЧГҮЙ
Манай улсад үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн байгууллагын тоо 2015 онд 3244 байсан бол эдүгээ 4914-т хүрч, сүүлийн 10 жилийн хугацаанд 51.5 хувиар нэмэгдсэн байгаа юм. Түүнчлэн 10 000 хүнд ногдох орны тоо 88.1 байгаа нь олон улсын дундажтай харьцуулахад хоёр дахин өндөр үзүүлэлт. Эмнэлгийн тоо, орны нягтралын үзүүлэлтээр Улаанбаатар хот бүсийн орнуудаасаа ч хэд дахин их. Харамсалтай нь, ачир дээрээ эдгээр үзүүлэлт нь хот, хөдөөний эмнэлгийн тусламжийн тэнцвэргүй байдал, нутаг дэвсгэрийн тэгш бус хуваарилалтын сонгодог жишээ гэдгийг ЭМЯ, эрх баригчид мэддэггүй. Харин ч эсрэгээрээ салбарын зардлыг хий хөөрөгдөх хүчин зүйл болж буй. Өөрөөр хэлбэл, дээрх статистик нь хүний нөөцийн хангалт, дэд бүтцийн байршил, шатлал хоорондын зохистой хуваарилалтад илүү анхаарч, анхан шатны тусламж, үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх, нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнийг сургаж, тогтвор суурьшилтай ажиллуулах бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг илтгэдэг.
Эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хангалт мэргэжлийн чиглэлүүдээр жигд бус, нийтлэг дутагдалтай байгаа нь зарим тоон судалгаанаас харагдаж буй. Ялангуяа яаралтай тусламж, сэтгэц, мэдээгүйжүүлэг зэрэг амь нас аврах болон өндөр эрсдэлтэй тусламж, үйлчилгээний чиглэлийн нэг эмчид ногдох хүн амын ачаалал хэт өндөр буюу шаардлагатай орон тооны 50-70 хувь нь эзгүй хоосон байгаа ноцтой үзүүлэлт юм. Эдгээр нарийн мэргэжлийн чиглэлийг анагаах ухаанд амь тэнссэн үеийн яаралтай тусламж хэмээн нэрийддэг билээ. Цаашлаад ерөнхий мэргэшил, сэтгэц, мэдээгүйжүүлэг, хүүхдийн эмчийн хомсдол нүүрлээд буй нь ч анхан шатны болон урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжид муугаар нөлөөлөх болж.
Түүнчлэн эмчийн тоо нэмэгдсэн ч нийт боловсон хүчний гуравны нэг нь л хөдөө ажиллаж байна. Хүний нөөцийн харьцааг авч үзэхэд орон нутагт 10 мянган хүн тутамд 30 эмч, 38 сувилагч ажиллаж буй бол эл үзүүлэлт нийслэлд 2-3 дахин өндөр байгаа юм. Ялангуяа хотод нарийн мэргэжлийн мэс заслын эмч хөдөөнийхөөс 3.4, гэмтэл, согог заслынх 2.9, дүрс оношилгоо, нүүр ам судлалынх 2.3-3.6 дахин олон. Нэмээд, орон нутагт ажилладаг цөөн хэдэн эмчийн 15 хувь нь л анхан шатанд тусламж үзүүлдэг аж. ЭМЯ-наас хийсэн хяналт, шалгалтын дүнгээр өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд хүний нөөцийн хангалт, тухайлбал сувилагч 36, их эмч 46, бусад ажилтан 53 хувийн дутагдалтай гарчээ. Эмнэлгийн тоног төхөөрөмжийнх нь ашиглалт 40 хувьд хүрэхгүй үнэлүүлсэн байх жишээтэй. Эдгээр нь тусламж, үйлчилгээний тасралтгүй байдал, чанарын талаар ярих илүүц болохыг гэрчлэх баримт юм.
Олон улсын жишгээр орон нутагт ажилладаг анхан шатны эмч, сувилагчид нь хүн амын оршин суугаа газраас 15 минутын дотор алхаж очиж үйлчлэх боломжтой газар байрлах хатуу зарчим баримталдаг. ХЭҮК-ын 2023-2025 онд хийсэн дээрх хяналт, шалгалтаар ч орон нутгийн эмч, сувилагчийн орон тоо, мэргэшсэн байдал нь дунджаар 30 гаруй хувьтай л дүгнэгдэж. Тухайлбал, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдийн 43 хувь нь их эмчгүй, 56 хувь нь эмнэлгийн бусад мэргэжилтэнгүй байна.
Хөдөөний эмнэлгүүд энэ мэт хүний нөөцгүй, хөндий байшингууд болж хувирчээ. Дэлхийн практикт анхан шатны эмнэлгийн үйлчилгээ нийт тусламжийнхаа 58 хувийг эзэлдэг бол Монголд уг статистик 19.6 хувьтай байгаа нь салбарын тогтолцооны урвуу хамаарлыг илтгэх бэлээхэн жишээ юм. Лавлагаа шатлалд буюу төвлөрсөн тогтолцоо илүү зардалтай, үр ашиг багатай, иргэнд ээлгүй байдлыг бий болгодог тул олон улс эмнэлгийн цогц үйлчилгээгээ анхан шат руугаа чиглүүлдэг аж.
ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛУУЛАХ ЭРХ ЦААСАН ДЭЭР Л “БАТАЛГААТАЙ” БАЙНА
Аймаг, сумуудын эрүүл мэндийн байгууллагуудын олонхынх нь барилгын насжилт хэтэрсэн, шаардлага хангахаа больсон, ашиглалтад оруулснаас хойш нэг ч их засвар хийгээгүй зэрэг асуудал ч хавтгай байгааг албаныхан хэлсэн. Мөн MRI, CT, төвлөрсөн угаалга, ариутгалын техник хэрэгсэл, хагалгааны хатуу дурангийн аппарат, суурин ЭХО, цусны центрифуг, ходоод, бүдүүн, шулуун гэдэсний уян дуран, бактериологийн лабораторийн тоног төхөөрөмж, шүдний дэлгэмэл рентген, CRM X-ray зэрэг нь хомсдолтой байдаг тул төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг хөдөө үзүүлэхэд хүндрэл бэрхшээл үүсгэсээр буйг онцолсон.
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид “Монгол Улсад иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, амьд явах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах нь Үндсэн хууль болон олон улсын гэрээ, конвенцоор баталгаажсан суурь эрхийнх нь нэг билээ. Иймд бид иргэдийн эдгээр язгуур эрх ямар түвшинд хангагдаж буйг тусгайлан судалсан юм. 200 орчим хуудас бүхий энэхүү тайланд салбарын санхүүжилтийн тогтолцооны хямрал, эмнэлгүүдийн ачаалал, хэт төвлөрөл, хүний нөөцийн хомсдол, ур чадварын асуудал, хот, хөдөөний үйлчилгээний ялгаа, эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдал, хүний эрхэд суурилсан үйлчилгээ төлөвшөөгүй, ялгаварлан гадуурхалт, тэгш бус байдал, урьдчилан сэргийлэх бодлого сул, хяналт, хариуцлагын механизмгүй зэрэг нь голлох саад болж буйг онцолсон. Хамгийн гол нь уг асуудлууд нь тус тусдаа бус, шат шатандаа нэгдмэл байдлаар алдагдсан нь иргэний эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг ноцтой зөрчих үндэслэл болж буй. Иргэд одоо ч улсын эмнэлгүүдээс хүссэн үедээ тусламж авч чадахгүй, мөнгөө төлөөд хувийн эмнэлэг бараадмаар байвч төлбөрийн чадваргүй байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, иргэдийн олонх нь улсын эмнэлгийн цаг сулрахыг, урвалж бодис, эм, тариа нийлүүлэгдэхийг хүлээсээр байдаг. Энэ нь монгол хүний амьд явах, эмнэлгийн тусламж авах эрх зөвхөн цаасан дээр л “баталгаатай” байгааг харуулж буй” гэв.