Монгол Улсад төрөлт, гэрлэлтийн түвшин буурч, эсрэгээрээ салалтын тоо нэмэгдэх хандлагатай байгаа юм. Үүний зэрэгцээ хүн амын насжилт нэмэгдэж, алслагдсан орон нутаг дахь залуучуудын хөгжлийн болон жендерийн тэгш бус байдал алдагдсан зэрэг хүн зүйн сорилттой тулгарч буйг мэргэжилтнүүд ярих болсон. Тэгвэл Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Халид Шарифийг өчигдөр хүлээн авч уулзав. Энэ үеэр дээрх асуудлын хүрээнд хамтарч ажиллах хүсэлтээ танилцууллаа. Тухайлбал, Гэр бүлийн болон Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах, дагалдах дүрэм, журмыг боловсруулах, олон нийтэд сурталчлан таниулах, мөн ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрүүдийг үнэлж, шинэчлэн боловсронгуй болгох, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, асаргаа, халамжийн хөдөлмөрийн үнэлэмжийг бодлого, төлөвлөлтөд тусгах, хөдөөний болон малчин эмэгтэйчүүдийн хөгжил, нийгмийн хамгааллыг дэмжих хамтарсан санаачилга, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар дурджээ.
Эдгээр бодлогын зорилтууд нь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүлэх чиглэлүүдтэй бүрэн нийцэж буйг Халид Шариф онцлоод бүх талаар дэмжин, хамтран ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр ГБХНХЯ-ны дагуу хүн ам зүйн хэтийн төлөвийг тодорхойлох судалгаа, шинжилгээний ажлыг Үндэсний статистикийн хороотой хамтран хэрэгжүүлэхээр болсныг тэмдэглэв. Энэхүү судалгаа нь зөвхөн хүн амын ирээдүйн төлөвийг тооцоолохоос гадна бодлогын шийдлийг тодорхойлох, шийдвэр гаргагчдад зөвлөмж боловсруулахад чиглэх юм байна.