-Оюутнуудын 79.4 хувь нь магадлан итгэмжлэгдсэн сургуульд суралцаж байна-
“Монголоор дүүрэн дипломтой залуус. Ажил дээр гарахад сурсан, мэдсэн нь гологддог, их, дээд сургуульд юу заадаг байна. Диплом нэртэй цаас атгуулахаас чадварлаг боловсон хүчин бэлдэж чаддаггүй” хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй. Манай улсын их, дээд сургуулиуд төгсөгчдийн тооноос илүү, сургалтын чанартаа анхаарах шаардлага үүсээд удаж буй нь үүнээс харагддаг. Ялангуяа, багш, эмчийн ур чадвар тааруу байгаа нь тэднийг бэлдэж, “бойжуулдаг” салбар сургуулиудын сургалтын чанартай шууд холбон тайлбарладаг. Уг нь багш бэлддэг МУБИС, эмч “төрүүлдэг” АШУҮИС нь дотооддоо тэргүүлэх, төрийн өм чийн их сургууль юм. Өөрөөр хэлбэл, манай улсын Боловсролын яам болон харьяа газрууд олон улсын эрэмбэ тогтоодог Times higher еducation (THE) байгууллагаас аргачлалын зөвлөгөө авч, их, дээд сургуулиудын эрэмбэ, чансааг тогтоосон билээ. Үүгээр эхний 20-д эрэмбэлэгдсэн сургуулийг чансаагаар нь авч үзвэл МУИС, АШУҮИС, ШУТИС, МУБИС, ХААИС, Монгол, Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС), СЭЗИС, “Отгонтэнгэр” их сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургууль (Монос), СУИС, “Сити”, “Мандах”, Олон улсын Улаанбаатар их сургууль гэх нэрс хөвөрнө. Улсдаа тэргүүлэх их сургуулиудын “бүтээгдэхүүн” зах зээлд эрэлттэй, үнэ цэнтэй байж, цаашлаад олон улсад гарах учиртай.
САЙДЫН АМБИЦ УУ, АШИГ СОНИРХОЛ УУ
Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй дээд боловсролын сургалтын 68 байгууллага үйл ажиллагаа явуулж буй юм. Үүнээс их сургууль 46, коллеж 22 байна. Тэдгээрийн 17 нь төрийн, 51 нь төрийн бус өмчийнх бөгөөд нийт 165 мянга гаруй оюутан суралцаж буй. Эдгээр сургууль сургалтын 2274 хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд үүнийх нь чанар, чансаагаар тухайн байгууллагыг тодорхойлж болно.
Гэхдээ гол асуудал нь тоо биш, чанар. Олон улсын туршлагаас харахад жижиг сургуулиуд байгуулснаар элсэгчийн тоо цөөн, багшийн нөөцийг тарамдах, боловсролын чанарын ялгааг нэмэх эрсдэлтэй аж. Тэгвэл манай улс сүүлийн хэдэн жил их, дээд сургуулийн сургалтын чанарт анхаарах, тоог цөөлөх тухайд дуугарах болсон. Тухайлбал, Боловсролын сайдаар хоёронтоо “заларсан” Л.Энх-Амгалан албан тушаалаа авсан даруйдаа яамныхаа мэргэжилтнүүдийг ширүүхэн загнасан. Тэрбээр “Би 100 орчим их, дээд сургуулийг 66 болгож цөөлсөн. Гэтэл дахиад тоо нь нэмэгджээ. Ямар үндэслэлээр сургуулийн тоог нэмэв. Хуулиар хоёр жил тутам их сургуулийн эрэмбэ зарлах ёстой. Хэнээс айгаад зарлаж чадахгүй байгаа юм. Өнөөдөр Монгол Улсад дээд сургууль гэх статус байхгүй. Их сургууль, коллежийн тогтолцоонд шилжүүлсэн. МҮИС-ийн нэр хууль бус гэдэг шүүхийн гурван шатны шийдвэр гарсан. Тэр нэрийг яагаад өөрч лөн зохион байгуулахгүй байна вэ” хэмээсэн. Хууль хэрэгжүүлдэггүйн нэг жишээ бол энэ. Тодруулбал, Дээд боловсролын тухай хуулийн 6.2-т “Монгол Улсын” болон “Үндэсний” гэсэн үг, түүний англи хэлээрх орчуулга, барааны тэмдгийг зөвхөн төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад хэрэглэнэ” гэж заасан. Гэтэл өдгөө ч МҮИС нэрээрээ үйл ажиллагаа явуулж, дотоод, гадаадын элсэгчдийг хууран мэхэлсээр. Бүр сүүлдээ “үндэсний” гэж болохгүй юм бол “Монголын үндэстний их сургууль” гээд нэрлэчихье хэмээн ширлэж байгаа сурагтай.
Энэ мэтээр мөнгөний төлөөх ашгийн байгууллагууд замбараагүй үйл ажиллагаа явуулж, хүүхдүүдийг хохироосон жишээ цөөнгүй. Боловсрол, шинжлэх ухааны сайд байхдаа Л.ЭнхАмгалан төрийн өмчит их сургуулиудыг мөнгө хүүлдэг байгууллага болсон хэмээсэн. Тэрбээр “Төрийн өмчит их, дээд сургуулиудын 104 тэрбум төгрөг арилжааны банканд байна. Өмч нь төрийн мэдлийнх учраас төрийн дансанд л мөнгөө байршуулах ёстой. Та бүхэн банк бус, санхүүгийн байгууллага биш. Мөн сургуулийн газар, байраа зарсан захирлыг ажлаас нь чөлөөлнө” гэж байв. Энэ бүхэн сайдын амбиц уу, ашиг сонирхол уу гэдэг харин эргэлзээтэй.
МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЭЭГҮЙ ДӨРВӨН СУРГУУЛЬ БИЙ
Дээд боловсролын байгууллагуудын чанар, чансааг магадлан итгэмжлүүлсэн, эсэхээр нь дүгнэж бас болох юм. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ)-ийнхөн дотоодын сургалтын байгууллагуудын үйл ажиллагаа, чанар, үр дүнг хүлээн зөвшөөрөх магадлан итгэмжлэлийг 1998 оноос эхлэн гүйцэтгэж буй. Нэг ёсондоо магадлан итгэмжлэл нь мэргэжлийн, хараат бус үнэлгээ. Дээд боловсролын тухай хуульд тэргүүлэх, эрэлттэй мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг таван жил тутам магадлан итгэмжлэхээр заасан. Харин үүнээс өөр сургалтын хөтөлбөрийг сайн дурын үндсэнд магадлан итгэмжлүүлж болох юм. Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, дээд боловсролын сургалтын байгууллагын эрэмбэ, чансааны үзүү лэлт тухайн байгууллагын суралцагчид хуульд заасан дэмжлэг, зээл, тэтгэлэг олгох үндэслэл болдгоороо давуу талтай.
Энэ хичээлийн жилийн II улиралд дээд боловсролын 54 байгууллагыг магадлан итгэмжилсэн байна. Харин есөн сургуулийнх үргэлжилж буй бол нэг нь хойшлуулах шийдвэртэй, дөрвөн байгууллага итгэмжлэгдээгүй аж. Өөрөөр хэлбэл, нийт суралцагчийн 79.4 хувь нь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж буй юм. Энэ тухайд БМИҮЗ-ийн дарга Б.Амарсанаа “Магадлан итгэмжлэлийн хугацаа нь дууссан зарим сургалтын байгууллага дахин хүсэлтээ ирүүлж, холбогдох үнэлгээ, шинжилгээний үе шатандаа хамрагдаж байна. Магадлан итгэмжлэгдээгүй сургалтын дөрвөн байгууллагын хувьд Засгийн газрын шийдвэрээр шинээр байгуулсан бөгөөд анхны төгсөг чөө хараахан хүлээн аваагүй тул хамрагдах хүсэлтээ одоогоор ирүүлээгүй байна. Иймд магадлан итгэмжлэл аваагүй бүх сургууль үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж үзэхгүй. Хуульд заасан үндэслэлээр шинээр байгуулсан, магадлан итгэмжлэлд хамрагдах нөхцөл бүрдээгүй сургалтын байгууллагууд үйл ажиллагаа эрхэлж байна. Харин чанарын баталгаажуулалтын тогтолцоонд хамрагдаж, хууль тогтоомжид заасан хугацаанд магадлан итгэмжлүүлэх үүрэгтэй. Мөн гурван удаа магадлан итгэмжлэл хийлгэсэн дээд боловсролын сургалтын байгууллага цаашид 10 жил тутам баталгаажуулахаар зохицуулсан байдаг” гэв.
Тэгвэл олон улсын магадлал итгэмжлэлд Монголын их, дээд сургуулиуд хэрхэн хамрагддаг талаар түүнээс лавлахад “Манай зөвлөл Европ, Америк болон Ази, Номхон далайн бүсийн чанарын баталгаажуулалт, магадлан итгэмжлэлийн байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж, магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа явуулдаг. Олон улсын магадлан итгэмжлэл гэдэг нь дээд болон техникийн, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын чанарын баталгаажуулалтын тогтолцоо, удирдлага, сургалтын хөтөлбөр, эрдэм шинжилгээ, судалгаа, хүний нөөц, оюутны болон дэмжих үйл ажиллагааг олон улсын хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлж, олон улсын жишиг стандартын шаардлагад нийцэж буй, эсэхийг баталгаажуулах үйл явц юм. Өнөөдрийн байдлаар АНУын ACBSP, ХБНГУ-ын ACQUIN, ASIIN, Европын холбооны APHEA зэрэг байгууллагаар 150 гаруй сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлүүлснээс 60 орчмынх нь хүчин төгөлдөр байгаа. Олон улсын чанарын шаардлагыг хангаж байгааг баталгаажуулснаар оюутан, ажил олгогч, олон улсын түнш байгууллагуудын итгэл нэмэгдэж, байгууллагын нэр хүнд, өрсөлдөх чадвар дээшилдэг. Мөн олон улсын магадлан итгэмжлэл нь сургалтын байгууллагын үйл ажиллагааг Европын дээд боловсролын шилдэг туршлагатай уялдуулах, кредит шилжүүлгийн тогтолцоо (ECTS)-г хөгжүүлэх, диплом болон мэргэжлийн зэрэг, үнэмлэхийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэхэд чухал дэмжлэг болдог” хэмээв.
Манай улсын зарим их сургуулийн хөтөлбөр олон улсын чанарын шаардлага хангаж буй ч дэлхийд гарах, монгол дипломыг аль ч улсад хүлээн зөвшөөрүүлэх, судалгаа шинжилгээний ажлуудаараа өндөрт эрэмбэлэгдэх хэрэгцээ улам ихсэж байна. Цаашлаад Харвард, Оксфорд, Кембрижийн их сургууль шиг дэлхийд танигдах хэтийн төлөвлөгөө, зорилго, амбиц яагаад байж болохгүй гэж. Дэлхий даяар 25 мянга гаруй их сургууль үйл ажиллагаа явуулдаг гэх тоо бий. Их сургуулиудын эрэмбийг тогтоодог Round university ranking (RUR)-ийн шалгуурыг хангаж, АШУҮИС нь 2025 онд дэлхийд 1237 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол энэ онд 1169-д бичигджээ. Мөн МУИС, ШУТИС судалгааны тоо, чанараа ахиулахад анхаарч ажиллаж буй гэнэ.
ЭРЭМБИЙГ ОЛОН УЛСЫН ЖИШГЭЭР ТОГТООНО
Дэлхийн боловсролын чуулга уулзалт өнгөрсөн сард Британид болсон. Энэ үеэр манай Боловсролын яам Times higher education байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ. Ингэснээр Монгол Улсад дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа их сургуулийн эрэмбийг олон улсын жишгээр тогтоох гэнэ. Дээд боловсролын тухай хуулийн 12.9-д “Дээд боловсролын сургалтын байгууллагын үндэсний эрэмбэ, чансаа, хөтөлбөрийн чанарыг цахим сангийн мэдээлэлд үндэслэн олон улсад хүлээн зөвшөөрсөн үнэлгээний байгууллагатай хамтран хоёр жил тутамд тогтоон олон нийтэд мэдээлнэ” гэж заасан.
Ингэж эрэмбэлэх нь яагаад чухал болохыг Боловсролын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Тамираас тодруулахад “Тухайн сургуулийн сургалт, судалгаа, багшлах боловсон хүчин, төгсөгчдийн амжилт зэрэг үзүүлэлтийг харьцуулан үнэлэх боломж олгодог. Энэхүү эрэмбэ нь суралцагчид болон эцэг, эхчүүдэд сургууль сонгоход бодит мэдээлэл өгөхөөс гадна сургуулиудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулахад түлхэц болдог. Мөн төрийн байгууллагууд боловсролын бодлого боловсруулах, хөрөнгө оруулалтыг оновчтой хуваарилахад эрэмбэлсэн үр дүнг ашиглах боломжтой. Цаашид сургалтын чанарыг сайжруулахын тулд тодорхой чиглэлд анхаарах шаардлагатай. Нэгдүгээрт, сургалтын хөтөлбөрийг хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээтэй уялдуулан тогтмол шинэчлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, багш нарын мэргэжлийн хөгжил, судалгааны ажлыг дэмжиж, олон улсын түвшний мэдлэг, арга зүйг нэвтрүүлэх нь чухал. Гуравдугаарт, сургалтын орчин, лаборатори, номын сан, дижитал технологийн хүртээмжийг сайжруулах шаардлагатай. Түүнчлэн чанарын дотоод болон гадаад үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгож, оюутны санал хүсэлтэд үндэслэн сургалтын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулахад үр дүнтэй. Иймээс их сургуулиудын эрэмбэ нь зөвхөн жагсаах хэрэгсэл бус, харин боловсролын чанарыг дээшлүүлэх, олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чухал механизм” гэв.
Монголд олон улсын түвшинд өрсөлдөх мэргэжилтэн ус, агаар шиг хэрэгтэй байна. Түүнээс дотооддоо л “үнэтэй” диплом биш.