Гаалийн хуурамч бүрдүүлэлтээр Монгол Улсаас гаргаж, Солонгос, Бриазилаар дамжуулан Францын нутаг дэвсгэрт хүргэн худалдсан палеонтологийн олдворуудыг өчигдөр өглөө МИАТ ТӨХК-ийнхан ачаа тээврийн онгоцоороо тээвэрлэн эх оронд нь авчирлаа. Франц улсын гаалийнхан 2013 онд усан онгоцоор Бразилаас тээвэрлэсэн ачаанд палеонтологийн маш олон тооны олдвор байгааг илрүүлж, битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар герман гэр бүлийг францын иргэний хамтаар энэ төрлийн хууль бус худалдаа зохион байгуулсан хэрэгт холбогдуулан шалгасан юм. Улмаар манай хууль хяналтын болон холбогдох бусад байгууллагад тус улсын талаас мэдэгдсэнээр Палеонтологийн хүрээлэнгийн захирал, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Х.Цогтбаатар тэргүүтэй палеонтологичид Монгол Улсын, тэр дундаа Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс гаралтайг тогтоосон юм. Ингээд 50 гаруй хувийн бүрдэлтэй, харьцангуй бүрэн бүтэн Тарбозавр батаар араг яс болон үлэг гүрвэлийн чулуужсан 28 багц олдворыг эх оронд нь буцаан авах талаар соёлын салбар хариуцсан найман сайд тодорхой арга хэмжээ авсны үр дүнд Францын шүүхээс ЮНЕСКО-гийн 1970 оны конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэн, шийдвэр гаргаж Монгол Улсад хүлээлгэн өгөхөөр болсон. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Парис хотноо тухайн үеийн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү тэргүүтэй албаны хүмүүст Бүгд Найрамдах Франц Улсын Төрийн сан, үйл ажиллагааны сайд, хатагтай Амели дэ Мончалин хүлээлгэн өгсөн. Түүнээс хойш үнэт олдвор бүхий ачааг баглах, тээвэрлэх гэх зэрэг ажиллагаа хийж дуусгаад ийнхүү энэ сарын 11-ний шөнө “Чингис хаан” олон улсын нисэх буудалд авчирч, “Туушин” ХХК-ийнхан Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд хүргэж ирсэн юм. 10 гаруй хайрцаг ачааг ССАЖЗЯ, цагдаа, гааль, Соёлын өвийн үндэсний төв, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, тээвэрлэн авчирсан МИАТ, “Туушин” компанийн төлөөлөл оролцсон ажлын хэсгийнхэн нэг бүрчлэн задлан шалгаж хүлээн авлаа. Үүний зэрэгцээ ЭЦА-ны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн прокурорын шийдвэрийн дагуу эдгээр олдворыг хилээр гаргасан хэргийг сэргээн шалгаж эхэлснийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Д.Мөнххуяг мэдээлэв.
Олдворууд дунд Монголын говиос олддог, 70 орчим сая жилийн тэртээд амьдарч байсан махчин үлэг гүрвэл Тарбозавр батаар болон палеонтологийн өндөр ач холбогдолтой чулуужсан олон яс багтсан юм. Тухайлбал, 60-100 сая жилийн өмнө амьдарч асан мэлхийн чулуужсан яс ч бий. Эдгээр ховор олдворыг судалгаа шинжилгээний эргэлтэд оруулж, шинээр ашиглалтад орох Байгалийншинжлэх ухааны үндэсниймузейн Палеонтологийн хэсэгт байрлуулж, олон нийтийн хүртээл болгохоор төлөвлөснөө тус музейн захирал, доктор Н.Манчук хэлсэн. Монгол Улс палеонтологийн эдгээр олдвороо буцаан авч чадсан нь соёлын үнэт зүйлийн хууль бус худалдаатай тэмцэх, үндэсний өвөө хамгаалах чиглэлээр дэлхий нийтэд сайн туршлага болж, ЮНЕСКО өндөр үнэлснийг ССАЖЗЯ-ны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Б.Даваацэрэн тодотголоо.