АН-ын “4-11” мэдээллийн цагаар тус намын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нар мэдээлэл хийлээ. Сөрөг хүчнийхэн өнгөрсөн даваа гарагт болсон бүлгийн хуралдаанаасаа Ерөнхий сайд Н.Учралд улс төрийн хариуцлага тооцох шийдвэр гаргаж, гарын үсэг цуглуулж эхэлсэн юм. МАН эрх барьсан сүүлийн 10 жилд татвар, авлига, үнийн өсөлт гаарсан нь л эл намын Засгийн газрыг огцруулах гол үндэслэл хэмээн тэд үзэж байна. 2021 онд төмс кг нь 960 төгрөг байсан бол өнөөдөр 3000 давж 223 хувиар өссөн. Үхрийн мах 132, талх 128 хувиар гэх мэтээр үнэ нь нэмэгджээ. 2016 онд 26 мянган төгрөгөөр хонины ястай мах дөрвөн кг-ийг авч байсан бол 2021 онд хоёр кг, энэ онд 980 граммд л арайхийн хүрч буй юм. Татварын дарамтыг бууруулахгүй, авлигын индекс өссөөр байвал цаашид үнийн хөөрөгдөл улам гаарна, улмаар 26 мянган төгрөгөөр хоосон яс авах нөхцөл үүснэ гэж гишүүн С.Эрдэнэболд ярив. Махны үнэ нэмэгдсэн тул орон нутагт малын хулгай эрс нэмэгдсэн гэнэ. Энэ бүхэн эрх баригчдын буруу бодлогын үр дүн учраас тэднийг огцруулж, хариуцлага тооцох ёстой хэмээн үзжээ. Тиймээс АН-аас “Таван татварыг таван хувь болгох” бодлого боловсруулж, холбогдох хуулийн төслүүдийг бэлтгэж буй аж.
О.Цогтгэрэл “Хүнсний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн нэг жилд гэхэд л 21 хувиар өссөн нь чимээгүй татвар, дарамт юм. Бид бурууг засах шийдлийг ч бас санал болгож буй. 40 хүртэл хувьтай байгаа гаалийн, 15-20 хувьтай ХАОАТ зэргийг таван хувь болгох бодлогыг хэрэгжүүлнэ. Бага татварыг бүгд төлөх ёстой гэсэн зарчим. МАН татвар нэмж, төсвийн орлогоо бүрдүүлэх ёстой, тэгж байж сонгуулийн халамжаа тараана гэж үздэг. Харин АН бол хөрөнгө оруулалт, ажлын байр, бүтээмжийг дэмжсэн бодлого хэрэгжүүлнэ” гэлээ.
Сөрөг хүчнээс бичгээр ямар ч шаардлага ирүүлээгүй гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Тэгвэл Батлан хамгаалахын сайд Д.Батлутад улс төрийн хариуцлага тооцох шаардлагаа АН-ын бүлгээс тавдугаар сарын 25-нд Ерөнхий сайдад хүргүүлсэн гэв. Мөн намын бүлгийн улс төрийн шийдвэр гарсан учраас 42 гишүүн нь бүгд огцруулах бичигт гарын үсэг зурна гэдгийг хэллээ.
С.Уул