Парагвай улсын Хернандариас хотод энэ сарын 3-6-нд болсон ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын хөтөлбөрийн зохицуулах зөвлөлийн ээлжит хурлаар манай улсын Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэснийг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос мэдээлэв. Ингэснээр тус сүлжээнд Монголоос бүртгүүлсэн байгалийн нөөц газрын тоо 13 болов.
Тост, Тосон бумбын нуруу нь говийн бүсийн ховор, нэн ховор амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөний коридор нутагт тооцогддог бөгөөд дэлхийд цөлөрхөг хээрийн уур амьсгал, дүр төрхийг хадгалан үлдсэн онцгой экосистем юм. Энэхүү бүс нутгийг Өмнөговь аймаг 2012 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан бол үүнээс дөрвөн жилийн дараа байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад оруулсан билээ. Энэ цагаас хойш ЮНЕСКО-д бүртгүүлэх ажлыг эрчимжүүлснээр ийнхүү ажил хэрэг болгов.
Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд тус газрыг бүртгүүлснээр хүрээлэн буй орчны тогтвортой, аюулгүй байдлыг хангах, ач холбогдол, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх, олон улсаас дэмжлэг, туслалцаа авах боломж бүрдэж байна. Тост, Тосон бумбын нурууг онцгой ач холбогдолтой экосистем хэмээн олон улсад хүлээн зөвшөөрүүлж, баталгаажуулахад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Ирвэс хамгаалах сангийн судлаач, мэргэжилтнүүд гойд хувь нэмэр оруулсныг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссынхон дурдлаа.