Үндэсний аудитын газрынхан төсвийн ерөнхийлөн захираг чийн 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаа audit.mn сайтад ил тод байршуулжээ. Төсвийн ерөнхийлөн захирагч 32 албан тушаалтны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад хийсэн аудитаар олонх буюу 20 нь “хязгаарлалттай” дүгнэлт авсан байна. Аудитын хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагч нарт 147 албан шаардлага, 119 зөвлөмж, төлбөрийн 25 акт хүргүүлсэн бол гурван албан тушаалтанд хариуцлага тооцох шаардлагатай гэж дүгнэжээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын санхүүгийн зөрчил л гэхэд өмнөх оныхоос 1.7 дахин өссөнийг аудитынхан мэдээлэв.
Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гийн 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаар нийтдээ 442.1 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илэрсэн аж. Тухайлбал, сангийн 2025 оны орлогыг 164.8 тэрбумаар дутуу бүрдүүлсэн, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийнхөн 57.8 сая төгрөгөөр оффис түрээслэн үргүй зардал гаргасан, олон жил болсон 77.6 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулах талаарарга хэмжээ авахгүй байгаа зэрэг зөрчил илэрснийг арилгуулахаарЭрүүл мэндийн сайд болон сангийн удирдлагад шаардлага хүргүүлжээ.
Түүнчлэн Зам, тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад 358.8 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил аудитаар илэрсэн бөгөөд батлагдсан цалингийн зардлыг их хэмжээгээр хэтрүүлсэн, ажлын байрны жагсаалт, орон тоогоор батлаагүй албан тушаалын орон тоог олноор бий болгож, хавсран ажилласан цалингийн нэмэгдэл олгосон, тэгэхдээ цалин, үр дүнгийн урамшууллыг буруу тооцоолж илүү бодсон байжээ. Мөн тайлант хугацаанд МИАТ 98.2, “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК 21.7, Зам, тээврийн хөгжлийн төв 5.4, ИНЕГ 3.2, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ 1.6 тэрбум төгрөгийн орлого дутуубүрдүүлж, төлөвлөгөөгөө биелүүлээгүй байна.
Л.Ням